Б.ОД
“Оюутан-цэрэг” хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 490 оюутан дөрвөн бүлэгт хуваагдан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна.
Оюутан-цэргүүд хоёр сар танхимд, хоёр сар цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах юм. Сургалт МУИС, ШУТИС, ХҮИС, МУБИС-иудад тус тус болж байна. Сургалтын үйл ажиллагаатай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар танилцаж, оюутнуудтай уулзлаа.
“Оюутан-цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийг анх удаа “E-Mongolia” платформоор цахимаар явуулсан. Үүнд 1472 оюутан бүртгүүлснээс голч оноогоор жагсаан, эрүүл мэндийн үзлэгт оруулахад 490 оюутан тэнцжээ.
Оюутан цэргийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр зургаан удаагийн сургалтад 5000 гаруй оюутан хамрагдаж, цэргийн алба хаасан юм. Оюутан залуус хичээлдээ амжилт үзүүлж, ёс суртахуун, зан чанарын хувьд төлөвшиж, эерэг хандлагатай, хариуцлагатай, муу зуршилгүй, эх оронч иргэн болон хүмүүждэг гэдгийг БШУ-ы сайд оюутнуудад хэлсэн үгэндээ онцоллоо.
Боловсролын салбар мэдлэгтэй, чадвартай, төлөвшилтэй иргэнийг бэлтгэх зорилготой. Энэ зорилготой уялдаж буй хөтөлбөр болох “Оюутан-цэрэг”-ийн тоог цаашид нэмэгдүүлж, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа салбарын сайд нар санал нэгтэй хэллээ.
Эх сурвалж:www.polit.mn