Н.ДАЯН
Практикт хэрэглэгдэх зөвшөөрөл өгөхөөс өмнө аливаа вакцины чанар, аюулгүй байдлыг нь туршилт шинжилгээний олон шат дамжлага дамжуулан нягтлан магадлаж, зах зээлд гарсных нь дараа ч гэсэн чанарын хяналтыг тогтмол давтамжтай хийдэг. Түүнчлэн тухайн вакцинтай холбоотой гарсан аливаа урвал, гаж нөлөөг судлаачид олон төрлийн мэдээллийн эх үүсвэр ашиглан байнга хянаж байдаг. Вакцины урвалын дийлэнх нь тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах нь хөнгөн явцтай эсвэл түр зуурын шинжтэй байна. Маш ховор тохиолдолд ноцтой урвал илэрч болно. Энэ үед тухайн тохиолдлыг нэн даруй судлан шинжилдэг.
Вакцин тариулснаас үүдэх эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнөөс хамаагүй бага байдаг. Тухайлбал, халдварт саагийн вирус нь саажилт үүсгэнэ. Улаанбурхан өвчин бол энцефалит ба сохрол үүсгэнэ. Тарилгатай халдварт зарим өвчин үхэлд хүргэх хэмжээний аюултай. Вакцин шалтгаант өвчлөл, эндэгдэл ховор тохиолддог ч вакцинжуулалтын ач холбогдол нь эрсдэлтэйгээ харьцуулахад өчүүхэн. Вакцинаар сэргийлэх боломжгүй олон өвчин эмгэг, үхэл эндэгдэлд хүн төрөлхтөн нэрвэгдсээр байгаа талаар ДЭМБ-аас мэдээлж байна.
Коронавирусын эсрэг вакциныг заавал хийлгэх ёстой юу?
Вакциныг сайн дурын үндсэн дээр хийх заалттай ч коронавирусын эсрэг вакциныг нийтийн эрүүл мэндийн төлөө тархвар зүйн заалтаар хийлгэх шаардлагатай. Учир нь вакцин хийлгэснээр та COVID-19 вирусын халдвараас өөрийгөө хамгаална. Вакцин хийлгэснээр халдвар авсан тохиолдолд өвчин хүндрэх, нас барах эрсдэлээс хамгаалах ач холбогдолтой. Мөн ойр дотны хүмүүсээ халдвар авахаас сэргийлдэг.
Вакцины эсрэг заалттай хүмүүст ямар арга хэмжээ авах вэ?
Вакцины туйлын эсрэг заалтад вакцины аль ч бүрэлдэхүүн хэсэгт хүнд хэлбэрийн харшлын урвал үзүүлж байсан хүмүүс хамаарна. Харьцангуй эсрэг заалттай буюу шаардлагатай тохиолдолд эмч, эмнэлгийн хяналтад вакцинд хамрагдахыг анхааруулсан байна. Тухайлбал, таталт, саажилтын хам шинж өгч байсан, мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед, дархлал дутмагшилтай, цочмог халдварт өвчтэй, халуурсан, хүнд хэлбэрийн архаг өвчтэй хүмүүс.
Манай улсад вакцины харьцангуй эсрэг заалттай хүмүүст орон нутагт нь бүсийн оношилгоо, эмчилгээний төв, нэгдсэн эмнэлгүүд, нийслэлд төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт эмчийн хяналт дор дархлаажуулалтыг хийж байна. Харин туйлын эсрэг заалттай хүмүүст вакцин тарих нь амь насанд өндөр эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэм баримтлахыг НЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.
Эх сурвалж www.polit .mn