Б.ОД
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж байна.
Энэ хуулийн төсөлд гэмт хэргийн улмаас бусдад учруулсан сэтгэл санааны хохирлыг тооцох, нөхөн төлүүлэх, амь насны хохирлыг ар гэрийнхэнд нь олгох, иргэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүрээлэн буй орчинд учирсан хохирлыг тооцох зэрэгтэй холбоотой заалтыг оруулсан байна.
Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хуулийн төслүүдээс онцлох заалтуудыг танилцуулж байна
1.Бүх насаар хорих ял оногдуулж болох гэмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох сэтгэцийн шинжилгээ хийнэ.
2.Зарим төрлийн эрүүгийн гэмт хэргийн хохирогч байх, эсвэл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана.
3.Гэмт хэргийн улмаас сэтгэцийн өөрчлөлтөд орсон бол сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана.
4. Аймаг, сумын нутаг дэвсгэр хариуцсан шинжилгээний байгууллагад тасралтгүй ажиллаж байгаа албан хаагчид таван жил тутамд нэг удаа 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно.
Дагалдах хуулийн төслүүдээс:
-Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно.
-Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож тогтооно.
-Яллагдагчид сэтгэцийн шинжилгээг хийхдээ сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт тодорхой хугацаанд хэвтүүлж, эмчийн хяналтад байлгах бөгөөд тухайн эмнэлэгт байрлуулах шийдвэрийг шүүх гаргана.
Эх сурвалж:www.polit.mn