Тод мөр, том мөрөөдөлтэй дасгалжуулагч

2022-04-11
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Ч.ГАНТУЛГА

 

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлгэ тэмдэг, цэнгэлийн манлай олимпийн наадам жил гаруйн өмнө Токио хотод болсон билээ. Цар тахлын улмаас нэг жил хойшлоод байсан энэ удаагийн олимп монголчуудын хувьд үзэх зүйл  ихтэй, бахархам амжилтаар дүүрэн байв. Үзэгч бидний хувьд жилийн жилд медалийн үзүүрээс атгадаг жүдо, чөлөөт, боксын тамирчдаа дэмжиж, дээлийнх нь захыг мушгисаар ирсэн түүхтэй. Тэгвэл Токиогийн олимпод Монголын баг хүндийг өргөлт, ширээний теннис, 3х3 сагсан бөмбөгийн багаар бүл нэмсэн юм. Ялангуяа монголчуудын хувьд олимпийн наадамд анх удаа багийн спортоор оролцсон нь Монголын спортын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн билээ. Бид хэзээ ч АНУ, ОХУ, Герман зэрэг Европын орнуудын хаанчилдаг сагсан бөмбөгийн спортоор дэлхийд, тэр дундаа олимпод оролцоно гэж зүүдлээгүй явсан үе саяхан.

Дэлхийн 206 багаас шилдэг найман баг олимпийн эрх авахад тэдний нэг нь монгол охид байсан нь бахархууштай. Тоглолт бүхэнд охидуудаа дэмжиж, бөмбөг оруулахад  нь баярлан хөөрч, алдахад нь хамтдаа харамсаж, өнгөрсөн олимпийг бид сагсан бөмбөгөөр “амьгалж” өнгөрүүлсэн гэхэд болно. Хэдийгээр Монголын баг ялалт авч чадаагүй ч олимпийн наадамд оролцсон нь өөрөө хамгийн том амжилт байв. 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг ирээдүйд өрнөх олон амжилтын суурийг нь тавьж, салхийг нь хагалсан болохоор Монголын спортын түүхэнд алтан үсгээр мөнхрөх нь дамжиггүй ээ. Тэгвэл сагсан бөмбөг тэр дундаа 3х3-ийн хөгжилд зүрх сэтгэлээ зориулж, багаа дэлхийд өрсөлдөхүйц бэлтгэсэн хүн бол шигшээ багийн ахлах, гавьяат дасгалжуулагч Сүхбаатарын Тулга билээ. Монголын сагсан бөмбөгийн спортод тод мөртэй, том мөрөөдөлтэй яваа түүнийг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа.

 

Монголын шигшээ хоёр дахь удаагаа хосоороо ДАШТ-д оролцоно

Манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн хувьд энэ жил хоёр дахь удаагаа хосоороо ДАШТ-д оролцох эрхээ өвөртөлсөн. Энэ жилийн ДАШТ зургадугаар сарын 23-28-ны өдрүүдэд Бельги улсад болох ажээ. Тиймээс манай тамирчид амжилтаа ахиулж, дараагийн олимпод оролцох эрх авахын төлөө шаргуу бэлтгэж байгаа билээ. Тэд дасгалжуулагчийн хамт “UB palace” –ийн “Royal” зааланд бэлтгэлээ хийж байна. Заалны хаалгаар ороход ханыг нь дагуулаад шигшээ багийн зурган түүх, тэмцээнд оролцож байх үеийн торгон агшнуудыг гэрэл зурагт буулган өлгөжээ.  Зааланд охидын шигшээ баг бэлтгэл хийж байв. Тэд дасгалжуулагчийн шүгэлийн дуугаар холын зайн шидэлт гүйцэтгэнэ. Тамирчид цагирагт гурав дарааллан бөмбөг оруултлаа тасралтгүй шиднэ. Харин гурван бөмбөг оруулсан тамирчин амрах эрхтэй ажээ. Охид тасралтгүй бөмбөг шидэж, заал тойрон гүйж байлаа. Охидын шигшээ багийн бэлтгэл ирц бүртгэснээр дуусав. Тэдний араас эрэгтэй шигшээ баг заалыг эзэгнэв. Тэд мөн л бие халаах дасгалаас эхлээд бэлтгэлдээ орно. Энэ мэт нэг өдрийн ихэнх цагийг С.Тулга дасгалжуулагч зааландаа өнгөрүүлдэг ажээ. Ялангуяа ДАШТ ойртсон энэ өдрүүдэд нэг өдрийн бэлтгэл алдах нь дараагийн тоглолтод сөргөөр нөлөөлдөг юм байна. Сагсан бөмбөг багийн спорт учир бүгд жигд бэлтгэлтэй байж л багаараа амжилт гаргах нөхцөл бүрдэнэ. Харин багийн бэлтгэлийг хангаж, атгасан гар шиг байлгах нь дасгалжуулагчийн ур ухаан билээ. Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн шилдэг 20 баг өрсөлдөх юм. Эрх авахын төлөө манай тамирчид бүтэн жил оноо цуглуулсан ажээ. Эрэгтэй баг Литви, Герман, Тайвань, Чилийн шигшээ багтай нэг зоонд хувиарлагджээ. Эдгээр багийн хувьд бүгд л багийн спорт нь өндөр хөгжсөн тив, дэлхийд манлайлдаг шилдэг багууд юм. Харин Монголын шигшээ багийн хувьд ур чадвар, техникээрээ тэднээс дутах зүйлгүй гэж дасгалжуулагч нь онцолж байсан юм.

 

Ирэх олимпод АНУ-тай л өрсөлдөх зорилготой 

 

Токиогийн олимпийн хувьд манай эрэгтэй шигшээ баг шилдэг дөрвөөр эрхээ авсан ч Япон цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулна гэсэн тул ийнхүү өнжжээ. Хэрэв эрэгтэй баг оролцсон бол медаль авах боломж бүрэн байсан гэж С.Тулга дасгалжуулагч ярьж байсан юм. Учир нь олимпийн аварга болсон Латвийн багийг Мексикт болсон “Их дуулга”-ын талбай дээр Монголын баг буулгаж авсан ажээ. Олимпоос хойш дэлхийн ямар ч багт хожигдоогүй аваргууд монгол хөвгүүдэд оноогоор ялагджээ. Энэ бол 3х3 сагсан бөмбөг манай улсад ямар хурдаар хөгжиж буйгийн тод жишээ юм. Харин эмэгтэй шигшээ багийн тухай дасгалжуулагч С.Тулга “Монголын сагсан бөмбөгийн түүхэнд эмэгтэй багийн хувьд босож үзсэн түүх байхгүй. Хамгийн дээд амжилт нь 3х3-аар олимпод оролцсон явдал юм. Гэхдээ охид маань жилээс жилд туршлагажиж, ур чадварын хувьд сайжирч байгаад нь багшийн хувьд урамтай байна. Одоо эдгээр охидоос үлгэр дуурайл авсан, доод үеийнхэн нь ч бэлтгэгдэж байна. Эмэгтэй багийн хувьд мэргэжлийн сагсан бөмбөгт  “Улаанбаатар амазонс”, Монголын шигшээ гэсэн хоёр багийг бүрдүүлж байна” гэсэн юм. Дасгалжуулагч С.Тулгын хувьд өнгөрсөн олимп асар том туршлага болжээ. Тиймээс ирэх олимпод илүү амжилт гаргахын тулд нарийн төлөвлөгөө гаргаж, тамирчин бүхэнтэй нягт сургуулилт хийж буй тухайгаа ярьж байсан юм. Арваннэгдүгээр сараас 3х3 сагсан бөмбөгийн багуудын Парисын олимпийн наадмын оноо цуглуулах тэмцээнүүд эхлэх ажээ. Энэ удаагийн эрх олгох тэмцээн Азиудын хувьд нэлээд хүнд сорилт, хатуу учраа байх болов уу гэж дасгалжуулагч маань онцолж байсан юм. Магадгүй Азиас ганцхан Монголын шигшээ баг эрх авах хамгийн өндөр магадлалтай  гэнэ. Манай шигшээ багуудын хувьд  ирэх олимпод АНУ-ын шигшээтэй л өрсөлдөх зорилт тавьжээ. Учир нь дэлхийд тэргүүлдэг энэ багийг хождог болчихвол  дэлхийн сагсан бөмбөг манай тамирчдын хувьд илүү нээлттэй болох ажээ.

 

Залуучуудын ангилалд  Монголын баг дэлхийд тэргүүлж байна

 

Одоогийн байдлаар дэлхийн 203 улсаас Монголын эрэгтэй шигшээ баг чансаагаараа 11 дүгээрт, эмэгтэй баг долоод бичигдэж байна. Харин залуучуудын буюу 23-аас доош насны ангилалд эрэгтэй шигшээ баг дэлхийд тэргүүлж байна. Харин эмэгтэй багийн хувьд  хоёрдугаарт бичигдэж байгаа юм. 3х3 сагсан бөмбөгийн багуудын хувьд 2017 оноос амжилтын буухиа нь эхэлжээ. Ингээд бодоход тавхан жилийн хугацаанд дэлхийн хэмжээний баг болно гэдэг тамирчны асар их хөдөлмөр, дасгалжуулагчийн ур ухааны хүч юм. Ирэх тавдугаар сар сагсан бөмбөг сонирхогчдын хувьд үзэх тоглолт ихтэй, сонирхолтой сар болж өнгөрөх юм байна. Улсын хэмжээнд олон уралдаан тэмцээн болохоос гадна дэлхийн шилдэг багууд ирж Монголын дөрвөн багтай тоглох юм. Мөн ирэх долдугаар сард ААШТ Сингапурт болох ажээ. Баяр наадмын эдгээр өдрүүдэд монголчуудаа баярлуулахсан гэсэн бодлыг дасгалжуулагч С.Тулга тээж явна. Одоогоор шигшээ багуудтай таван дасгалжуулагч ажиллаж байна. Тэд өөрсдийн үүргийн дагуу тамирчидтай ажиллаж, бэлтгэл сургуулилтыг нь хангадаг гэнэ. Багийн спортын хувьд сахилга бат гэдэг хамгийн чухал ажээ. С.Тулга багшийн хувьд ч тамирчиддаа нэгдүгээрт даруу байхыг захидаг гэсэн. Харин тамирчдынх нь хувьд багшийнхаа сургаалийг биелүүлж, аль болох зөв хүн байхыг хичээдэг тухайгаа ярьж байлаа.  3х3 сагсан бөмбөгийн багийн хувьд 40 гаруй хүнтэй өнөр өтгөн айл болжээ. Анх дөрвүүлээ энэ спортын төлөө зүтгэж байсан бол одоо нэгэн өрх болж, багаараа амжилтын төлөө хөдөлмөрлөж байгаадаа дасгалжуулагч С.Тулга ихээхэн сэтгэл өндөр явдагаа бидэнд ярьж байсан юм.

 

Урлагийн гэр бүлээс гаралтай тамирчин

 

С.Тулга дасгалжуулагчийн хувьд удам угсааг нь сөхвөл аавын тал нь Сүхбаатар аймгийн гаралтай юм байна. Харин ээжийнх нь тал Завхан аймгийн уугуул аж. Өвөө нь гавьяат жүжигчин Лувсан ажээ. Харин нагац эгч нь Нямсүрэн нь “Тань руу нүүж явна” кинонд дүрээ мөнхөлсөн бол “Гарын таван хуруу” кинонд тоглосон Я.Оюунцэцэг агсан ээжийнх нь талын хамаатан юм байна. Нийтлэлийн гол дүр маань дөрвөн хүүтэй айлын гурав дахь хүү нь юм. Ийм л урлагийн удамтай гэр бүлд өнөөдрийн гавьяат маань торнижээ. Харин С.Тулгын хувьд Улаанбаатар хотод төржээ. Бага нас нь сансарын тойрогт өнгөрсөн гэнэ. Тэрбээр сурагч байхаасаа шийд сахисан, бөмбөг хөөсөн хүү байжээ. Хаана л сагсан бөмбөгийн тэмцээн болно тэнд гүйж явдаг С.Тулга нэлээд хөдөлгөөнтэй, тухайн үедээ атамануудын эгнээнд явсан намтартай. Харин сагсан бөмбөгийн спортоор хичээллэснээр өөрийгөө зөв замд орсон гэж онцолсон юм. Түүний хувьд жинхэнэ гудамжны сагсаар мөрөөдлөө зурсан нэгэн. Үеийнхээ хүүхдүүдтэй байрны гаднах шийд хэсч, өглөөнөөс орой хүртэл арьсан бөмбөгтэй нөхөрлөж явсан нь хүүхэд насных нь нандин дурсамжийн нэг юм. Сагсан бөмбөг гэхээр ухаанаа тавьчихдаг түүнийг ээж аав нь ч хориглоогүй аж. Хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг сонсч, өөрөө шийдвэр гаргах эрхийг олгосон нь өнөөдрийн гавьяат дасгалжуулагч С.Тулгат хамгийн том хөшүүрэг, мөрөөдлийнхөө зүг хөдөлмөрлөх хүч болж өгчээ.

 

Нэг ч ялагдал хүлээгээгүй тамирчин

С.Тулгын хувьд үндсэн мэргэжил нь эдийн засагч. Тэрбээр МУИС-ийг төгсч, магистрын зэрэг хамгаалсан ажээ. Гэвч хүсэл мөрөөдөл нь түүнийг их спорт луу хөтөлсөн түүхтэй. Түүний хувьд өөрөө сагсан бөмбөгийн тамирчин байсан билээ. Тиймээс ч энэ спортын жаргал зовлон, сайн мууг өөрийн биеэр туулаад үзчихсэн. С.Тулгын ид тоглож байх үе нь 2000 оны эхэн үе юм. Тэрбээр энэ он жилүүдэд Монгол Улсын их сургуулийн шигшээ багт холбогчийн үүрэг гүйцэтгэдэг байв. Харин мэргэжлийн сагсан бөмбөгт Монгол даатгал компанийн харьяа “Лидер” багт тоглодог байжээ. Энэхүү баг нь Монголын лигийн гурван удаагийн аварга болж байсан туршлагатай баг байж. С.Тулга багийнхаа хамт 2005 онд Монголын хамгийн том гэсэн найман тэмцээнд орохдоо найм түрүүлсэн ясны тамирчин билээ. Тэрбээр хэдийгээр эдийн засагч мэргэжилтэй ч өнөөдөр сагсан бөмбөгийн спортын төлөө хүчин зүтгэж яваагаа тавилан гэж онцолж байв. “Монголын сагсан бөмбөгийн хөгжилд заавал нэг зүйл хийгээрэй гэж бурхны өгсөн үүрэг бололтой. Тиймээс энэ спортоосоо холдож, хөндийрч чадахгүй өнөөдрийг хүрлээ” гэж байсан юм. Хамт сургууль төгссөн ангийнхан нь хэзээний компанийн захирал болоод хувийн бизнесээ эхлүүлээд явчихсан. Харин С.Тулгын хувьд энэ л спортдоо үнэнч үлдсэндээ хэзээ ч харамсдаггүй нэгэн. Учир нь тэрбээр сагсан бөмбөгийн спортод нэгэнт гүн дурлачихсан хүн.

 

“Спортоор хичээллэсэн хүн зөв амьдардаг”

 

С.Тулга дасгалжуулагчийн хувьд хүүхэд залуусыг сагсан бөмбөгийн спортоор хичээллээрэй гэж уриалж байсан юм. Учир нь спортоор хичээллэсэн хүн зөв амьдардаг ажээ. Бүгдээрээ мэргэжлийн тоглогч болохгүй ч тэсвэр хатуужилтай хүн болж төлөвшихөд спорт хамгийн чухал гэж байв. Ялангуяа спортоор хичээллэсэн хүн ялж, ялагдахын үнэ цэнийг, уй гашууг мэдэрдэг. Ялагдал болгон нь ялалтын үндэс байдгийг ухаардаг болдог тухай дасгалжуулагч маань учирлаж байсан юм. С.Тулга дасгалжуулагчийн хувьд 2012 онд анхлан гадны орноос 33 легонарыг авчирч байсан удаатай. Тэдний дунд “NBA”-д тоглож байсан туршлагатай тамирчин олон байсан аж. Энэ нь гадны тамирчдын ур чадвараас суралцах, туршлага солилцох том боломж байсан юм. Тиймээс ч өнөөдрийн сагсан бөмбөгийн хөгжилд тэдгээр тоглогч онцгой үүрэг гүйцэтгэсэн тухай тэрбээр ярьж байсан юм.

 

Хамгийн залуу дасгалжуулагч

С.Тулга дасгалжуулагчийн хувьд Монголын хамгийн залуу гавьяат дасгалжуулагч юм. Тэрбээр 40 нас ч хүрээгүй энэ эрхэм цолын эзэн болжээ. Үүнийг сагсан бөмбөгийн хөгжилд илүү их зүйл хийгээрэй гэж өгсөн үүрэг гэж хүлээж авчээ. Тамирчин, дасгалжуулагч хүн ар гэрийн амьдралаа хөсөр хаяж байж, их амжилтын эзэн болдог билээ. С.Тулга дасгалжуулагчийн хувьд сайн ханьтай учирсан өөрийгөө хамгийн азтай гэж онцолсон юм. Олон өдрийн бэлтгэл сургуулилт, гадны орон руу тэмцээнд явах бүрт нь түүний арыг хань нь л бат дааж үлддэг билээ. С.Тулга дасгалжуулагч гурван охины аав юм. Хоёр охин нь аавыгаа дагаж бэлтгэл хийх дуртай. Ирээдүйд сагсчин болох мөрөөдөлтэй ажээ. С.Тулга гавьяат аавынхаа нэг хүслийг биелүүлсэн тухайгаа ярьсан юм. Тэр нь охинтой болох мөрөөдөл аж. Учир нь дөрвөн хүүтэй аав нь эмэгтэй ачтай болох хүсэлтэй байжээ. Харин С.Тулгын ах нар бүгд хүүтэй болсон гэнэ. Харин С.Тулгын хувьд гурван охинтой болж, аавынхаа мөрөөдлийг биелүүлж, ачийг нь хариулсан ажээ. Манай сагсчдын хувьд ААШТ, ДАШТ-нд л оролцохсон гэсэн мөрөөдөлтэй байсан цаг саяхан. Харин өнөөдөр тэд олимпоос медаль авах том мөрөөдөлтэй. Тод мөртэй, том мөрөөдөлтэй дасгалжуулагч С.Тулга зорьсоноо заавал биелүүлж, олим­пийн тэнгэрт Монголын төрийн дуу­лал эгшиглэх мөч ойрхон байна даа.   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 11. ДАВАА ГАРАГ. № 72 (6804)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

14 цаг 40 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

18 цаг 20 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

18 цаг 33 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

20 цаг 0 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

20 цаг 58 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

21 цаг 32 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин