Г.ГАНТӨМӨР
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дэвсгэрт хайгуул, ашиглалтын зөвшөөрөл авсан 30 гаруй лиценз байдаг аж. Түүний нэг нь “Эрдэнэ Монгол” компани. Тус компани нь 2009 оноос хайгуул хийж, өнгөрсөн жилээс ашиглалтын зөвшөөрлөө авчээ. “Эрдэнэ Монгол” компани нийт ажилтныхаа 90 хувийг сумын иргэдээс бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Шинэжинст сумын иргэдийн амин зуулга нь цагаан ямааны ноолуур. Хаврын цагт иргэд ямаагаа самнаж, ноолуураа борлуулж, амьдрал ахуйгаа өөд нь татдаг. Харин уул уурхайн компани үйл ажиллагаа явуулснаар ажлын байр нэмэгдэх боломж бүрдэж буйд иргэд талархалтай хандаж байгаа аж. Нөгөөтэйгүүр хариуцлагатай уул уурхай болон хууль бусаар алт олборлогч хоёрыг харьцуулашгүй гэдгийг ч мөн ойлгоцгоожээ. Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст суманд хэдхэн жилийн өмнөөс өндөр хүчдэл тавигдаж, утасны сүлжээтэй болж байгаа аж. Харин сумын төвөөс алслагдсан бүс нутагт амьдарч байгаа малчид өнөөдрийг хүртэл түргэн дуудах ч сүлжээгүй байгаа нь бодит үнэн. “Эрдэнэ Монгол” компани малчдын аж амьдралыг бодолцож, мөн дэмжиж сумын төвөөс 100 гаруй километрт үүрэн телефоны юнителийн сүлжээний төхөөрөмж байрлуулсан байна. Ингэснээр алслагдсан бүс нутгийн малчид гэрээсээ утсаар ярьж, амар мэнд байгаагаа нэгэндээ дуулгаж, алдсан мал хуйгаа асууж лавлах боломжтой болжээ. Шинэжинст суманд үйл ажиллагаа эхлэхээр бэлтгэл ажлаа базааж буй “Эрдэнэ Монгол” компанийн талаар нутгийн иргэдийн байр суурийг сонирхсоноо уншигч тантай хуваалцъя.
Шинэжинст сумын III багийн иргэн Г.Буянжаргал: НИНЖА БАЙСАН НАДАД УУЛ УУРХАЙН КОМПАНИД АЖИЛЛАХ БОЛОМЖ БҮРДСЭН
-Манай сум 3000 орчим хүн амтай. Цэцэрлэг, сургууль, эмнэлэг, захиргаанд хэн чадалтай, чадвартай нь ажиллаж, төрийн албан хаагч болдог. Мөн хэдэн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллах нь азтайд тооцогдох нь ч бий. Бусдаар суманд ажлын байр байхгүй, залуучууд ажиллаж, амьдрахад хэцүү. Энэ хэрээр архидалт, ажилгүйдэл өсөж, гэр бүл салалт нэмэгдсэн. Арга ядахдаа нөхөр нь том машины жолооч, эхнэр нь аймаг руу ээлжийн ажилд ордог юм. Амьдралаа босгож ядаж байгаа хүмүүс хэдэн сараар хол байх, олсон цалин нь хаана ч хүрэхгүй, ирж, очих замын зардалдаа үрэгдэж дуусахаар хэдий хүртэл тэсэх вэ дээ. Харин манай суманд “Эрдэнэ Монгол” компани үйл ажиллагаа явуулж эхэлснээр хүмүүсийг ажилтай болгож байгаад баяртай байна. Бид тэртээ тэргүй л газар нутгаа гаднын ч бай, сумын ч бай иргэдээрээ сүйтгүүлж байгаа шүү дээ. Нинжа нар хараа хяналтгүйгээр дайрч, сүйтгэхэд бид яаж ч чадахгүй. Харин үүний оронд буух эзэн, буцах хаягтай компанид хариуцуулж, нөхөн сэргээлт хийлгэж, газар нутагтайгаа бүтэн үлдсэн нь дээр гэж боддог. Би нинжа хийж үзсэн. Насаараа бусдаас зугтааж, хууль бус зүйл хийж яваа надад сумандаа хариуцлагатай уул уурхайн компанид ажилд орох боломж бүрдэж байгаад баяртай байгаа. Ядаж миний хэдэн хүү ажилгүй, орлогогүй гэж цоллуулахгүй ажилд орох боломж бүрдлээ шүү дээ. Харин “Эрдэнэ Монгол” компанийг хариуцлагатай ажиллахыг, сумын иргэдийг минь дэмжиж, хамтарч аж төрөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна
Шинэжинст сумын II багийн малчин Ч.Амартүвшин: ГЭРЭЭСЭЭ АЖИЛДАА ЯВДАГ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА
-Би дөрвөн хүүтэй, насаараа мал маллаж амьдарч байгаа хүн. Хүүхдүүд маань амьдралын нөхцөлөөсөө болоод их сургуульд сурч чадаагүй. Учир нь тогтмол орлоготой байх боломж бидэнд хомс байдаг. “Эрдэнэ Монгол” компани уурхай ажиллуулж эхэлсэн талаар сонсоод том хүүгээ ажилд оруулахаар хүсэлт гаргасан байгаа. Энэ компанийн үйл ажиллагааг дэмжих эсэхийг багийн иргэдийн хурлаар шийдсэн юм билээ. Малчин бидний орлогын эх үүсвэр зөвхөн мал. Ялангуяа, манай нутгийн иргэдийн хувьд алдарт цагаан ямааны ноолуур амин зуулга болдог. Сум орон нутагт маань хариуцлагатай уул уурхайн компани байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж ажлын байртай болж байгаа нь сайн хэрэг. Ялангуяа, залуучууд ажилтай болж, амьдралыг өөрөөр харах боломжтой боллоо. Өмнө нь бид хаврыг хүлээж, ямааны ноолуур үнэд орох нь уу, үгүй юу гэдэг байсан. Одоо тогтмол цалин авч ажилласнаар амьдралын түвшин ч дээшилж байна. Тэр дундаа гэрээсээ ажилдаа явдаг болсондоо баяртай байна.
Шинэжинст сумын II багийн малчин Д.Маамуу: ЗАЛУУЧУУДЫГ СУМАНДАА АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ БАЙГААСАЙ ГЭСЭНДЭЭ ДЭМЖИЖ БАЙГАА
-“Эрдэнэ Монгол” компанийн үйл ажиллагааг би анхнаас нь дэмжиж байсан. Учир нь манай нутагт ажиллаж эхэлсэн цагаасаа иргэдийн амьдралд бодитой нэмэр болж байна. Малчдад өвс, тэжээл тусламжаар олгох, сурагчдын боловсролд анхаарч, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах, сумын залуусыг уурхайд туршлага судлуулж, суралцуулах, эрүүл мэндийн салбарт бодит дэмжлэг үзүүлж, иргэдийн эрүүл мэндийн боловсролд анхаарч ирсэн. Гэтэл 10 гаруй жил болсон хойно нь гэнэт ухаарсан мэт одоо хөөгөөд эхэллээ. Тэгээд ч зогсохгүй “Сэгс цагаан богд уулыг минь ухаж байна. Ухах гэж байна” гээд мэдээлэлгүй байгаа иргэдээ турхираад байх юм. Угтаа Сэгс цагаан богд уул маань байрандаа, аюулгүй байгаа шүү дээ. Тийм ч амархан ухчихдаг, сүйтгэчихдэг хайрхан биш шүү дээ. Дархан цаазат уулаа ухахыг зөвшөөрдөг төр, дэмждэг иргэн гэж хаана ч байхгүй. Хөгшин би залуучуудыг сумандаа ажилтай, орлоготой сайхан амьдраасай гэж хүссэндээ дэмждэг. Энэ компанийн талаар хэлэх муу үг надад байхгүй. Миний болон сумын сайн сурлагатай, амьдралын боломж тааруу, эцэг эхээсээ салж хоцорсон өнчин үрсэд минь тусалж, дотоодын их сургуульд үнэ төлбөргүй суралцах тэтгэлэг олгож, ирээдүйд нь их хөрөнгө оруулалт хийж байна. Тиймээс сумын иргэд “Эрдэнэ Монгол” ХХК-ийн үйл ажиллагааг дэмжээд эхэллээ. Тэд тус компанийн үйл ажиллагааны чиглэл, бодлого, төлөвлөлт, зорилго, зорилтыг нь зөвөөр ойлгож, дэмжиж, алсын хараатай болж байгаад талархаж сууна” гэлээ.
Шинэжинст сумын II багийн малчин Ч.Даррагчаа: ЗАСМАЛ ЗАМААР ТЭЭВЭРЛЭЛТ ХИЙВЭЛ ТАТГАЛЗАХГҮЙ
-Анх энэ компанийн ажлыг дэмжиж байгаагүй. Говийн бидэнд ус, хөрснөөс өөр хэрэгтэй зүйл байхгүй. Энэ компани ажиллаж эхэлснээр говийн хөрс минь эвдэрч, малын бэлчээргүй болох болов уу хэмээн айж байлаа. Гэхдээ засмал зам тавьж байгаад тээвэрлэлтээ хийнэ гэвэл татгалзах зүйлгүй. Малчидтайгаа ойлголцож, нэгнийхээ ажил хэргийг дэмжиж, эвтэй найртай байгаасай гэж хүсэж байна. Манай багийн малчид өмнө нь нэгдэн тэмцэж, уул уурхайн компанид эсэргүүцэл үзүүлж байгаагүй.
Иргэн Б: БИД НАСААРАА АЖИЛГҮЙ АМЬДАРЛАА
Иргэн Б /нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж/ “Би насаараа ажилгүй амьдарлаа. Суманд ажлын байртай болгох үйлдвэр байхгүй. Хаана, ямар ажил хийж амьдрах юм бэ. Харин одоо уурхайтай болж, ажлын байртай болох боломж бүрдсэн. Надтай адилхан бодолтой хүн олон бий. Саяхан “Эрдэнэ Монгол” компаниас ажлын байранд бүртгүүлэх өдөрлөг зохион байгуулсан. Далд, нууц, илээр олон хүн ажлын байранд бүртгүүлж байна лээ. Энэ бүгдээс харахад ажлын байрны эрэлт, иргэдийн ажилд орж амьдралаа босгох гэсэн, цалин орлоготой болох хүсэл их байгаа нь илт байна лээ. Сумын иргэдийг турхирч, “Сэгс цагаан богдоо аваръя” хэмээн хашгирч байгаа хүмүүс бүгд л ажил төрөлтэй, аймгийн төвд амьдардаг хүмүүс байна лээ. Тэд сумын иргэдийн амьдралыг мэдэхгүй шүү дээ. Тиймээс “Эрдэнэ Монгол” компанийн үйл ажиллагааг дэмжиж байгаа. Манай ах, дүү нар ч анхандаа дэмжихгүй байсан. Сүүлдээ мөн чанар, зорилго, хийх ажлыг нь ойлгоод, зөв мэдээлэлтэй болсон учраас дэмжиж эхэлсэн.
МАЛЧИН М: ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, НИНЖА ХОЁРЫН ЗӨРҮҮГ ИРГЭД ОЙЛГОДОГ БОЛНО
-Би уул уурхайн талаар багагүй мэдлэг цуглуулсан гэж боддог. Хариуцлагатай уул уурхай гэж юу байдгийг иргэд мэддэг болох өдөр тун удахгүй байх гэж бодож сууна. “Эрдэнэ Монгол” компанийг эсэргүүцээд байгаа хүмүүс “Говийг усгүй болгох гэж байна” гээд байгаа юм билээ. Угтаа тэд гүний усны судаг нь хаана байгааг ч мэдэхгүй шүү дээ. Мэргэжлийн хүн уг зүйлийг нь тогтоож, шинжилж өгдөг юм. Түүнээс хэн дуртай нь үнэн, худал нь мэдэгдэхгүй үгийг цээжнийхээ бангаар шүршиж, бусдыг турхирч болохгүй байх. Энэ суманд ямар олон хүн ажилгүй, орлогогүй байна гэдгийг бодолцож үзэхгүй байна. Малчин бид ч яах вэ, хэдэн малынхаа буянаар болно шүү дээ. Залуучуудын ирээдүйг бодолцож, хэрсүү хандах хэрэгтэй. Бид баялгаа хүртэх, анхаарах, хянах эрхтэй. Иргэд нинжа, хариуцлагатай уул уурхай хоёрын хол зөрүүг тун удахгүй ойлгодог болно гэдэгт итгэлтэй байна.
Шинэжинст сумын Засаг дарга Б.Бат-эрдэнэ: БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛААР ОЛОНХ НЬ ДЭМЖСЭН
-“Эрдэнэ Монгол” компани нь 2009 онд хайгуулын лиценз авч, 2018 онд ашиглалтын лицензээ авсан юм билээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх үүрэг өгсөн байдаг. Үнэлгээг хуулийн дагуу уурхай ажиллаж байгаа багийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлж саналыг тусгуулах гэсэн заалт бий. Үүний дагуу өнгөрсөн намар Шинэжинст сумын хоёрдугаар багийн иргэдийн нийтийн хурал болсон. Хурлаар хоёр талцаж, 102 хүн дэмжиж, 92 хүн эсэргүүцсэн. Гэхдээ одоогийн байдлаар уурхай ажиллаж эхлээгүй байна. Ашиглалтынхаа зөвшөөрлийг авчихсан, үйлдвэр байгуулах шатандаа явж байна. Барилга байгууламж барих зөвшөөрөл нь гарчихсан юм билээ. Уурхайн зүгээс “Бид хууль ёсны зөвшөөрлөө авчихсан. Хууль зөрчиж, үйл ажиллагаа явуулаагүй” гэх чиг баримжааг баримталж ажиллаж байна. Баянхонгор аймгийн Засаг дарга нутгийн иргэдийн хурлаар “Эрдэнэ Монгол” компанийн үйл ажиллагааг дэмжих эсэх асуудлыг шийд” гэсэн. Бид хуулийн дагуу ажлаа хийж байгаа. Хэрэв уг уурхай манай нутагт ажиллахаар болбол бид гэрээний төлбөрийг нэмж, сум орон нутгийн хөгжилд зарцуулах болно. Сумын иргэд ажилгүй байгаа учраас хууль бусаар алт олборлох тохиолдол элбэг. Гэсэн хэдий ч бид иргэдийнхээ амьдралыг мэдэж байгаа учраас зарим тохиолдолд яаж ч чаддаггүй.
Байгаль хамгаалагч Ш.Бямбацогоо: ХУУЛЬ БУСААР АЛТ ОЛБОРЛОЖ БАЙГАА ИРГЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦДОГ
-Хууль бусаар алт олборлож байгаа иргэдийг торгож, шийдвэрлэх хуудас илгээдэг. Гэхдээ зарим нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөдөг. Иргэд орлогогүй байгаа учраас өөрөөр яаж ч амьдралаа авч явах билээ. Харин “Эрдэнэ Монгол” компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Бид Засгийн газар, яам, тамгын газраас ямар шийдвэр гарна түүнийг л биелүүлэх үүрэгтэй. Манай суманд олгосон лицензийг багасгах тал дээр анхаарч ажиллаж байна. Нэг суманд 30 гаруй компани ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан байгаа нь утгагүй.
Лиценз олгосон талбай сумын төвөөс хамгийн багадаа 100 гаруй километрт байрладаг аж. Хууль бусаар алт олборлож байгаа тухай дуудлага сумын иргэдээс байгаль орчны байцаагчид ирж, дуудлагын газарт очиход нинжа нар хэдийнэ явчихсан байдаг талаар Шинэжинст сумын Байгаль орчин, хяналт шинжилгээний улсын байцаагч Ш.Бямбацогоо ярьж байв. Бидний уулзсан, тааралдсан, санал асуусан иргэдийн байр сууриас харвал ажилтай, орлоготой, газрын баялгийн үр шимийг хүртэхийг хүсэж буй нь илт. Тиймээс хариуцлагатай уул уурхайг дэмжинэ хэмээн олонх нь хэлж байв. Харин бид Шинэжинст сумын Засаг дарга, байгаль хамгаалагч нар төрийн албан хаагч учраас төрөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах ёстой гэдгээ учирлаж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин