Б.ОД
Хөгжлийн банкны дэд захирал бөгөөд, Актив, пассив, хөрөнгийн удирдлагын газрын захирал асан Б.Чойжилжалбууг цагдан хорих хугацааг 15 хоногоор сунгажээ.
Тодруулбал, Б.Чойжилжалбууг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “....гэрчийг ...дарамталсан, ...сүрдүүлсэн үндэслэл бүхий мэдээлэл байгаа...” гэх үндэслэлээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэж байв.
Үүний дагуу түүнийг цагдан хорих хугацаа гуравдугаар сарын 7-нд дуусах байсан ч прокурорын байгууллагаас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлснээр шүүхээс 15 хоногоор сунгаж шийдвэрлэжээ.
Сануулахад, Хөгжлийн банк чанаргүй гэдэг ангилалд багтсан зээлүүдээ нийтэд зарлан, уг асуудлыг шийдвэрлүүлэхээр шүүхэд хандаад байна. Үүнтэй холбогдуулан зээлээ төлөөгүй, чанаргүй зээлдэгчдийг Авлигатай тэмцэх газар шалгаж эхлээд байгаа билээ.
Эх сурвалж:www.polit.mn