Б.ОД
Хустайн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаатай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ танилцаж, байгаль хамгаалагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Тэрбээр Монгол Улс биологийн олон янз байдлын конвенцод нэгдэн орж, эх орныхоо унаган байгаль, ургамал, амьтны ховор зүйлийг хадгалан хамгаалахын төлөө газар нутгийнхаа 30-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авах талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлсээр өдгөө нийт газар нутгийн 21 хувьтай тэнцэх 32.7 сая га талбай бүхий 119 тусгай хамгаалалттай газар 34 хамгаалалтын захиргаатай болжээ. Түүний нэг нь Хустайн байгалийн цогцолборт газар юм.
Байгаль хамгаалагчдын төлөөлөл “Одоогоор Хустайн байгалийн цогцолбор газар нь дэлхийн хамгийн олон тахьтай, монголын хамгийн олон буга, тарваганы нягтшилтай нутаг болоод байна. Мөн тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өссөн амьтдаасаа тодорхой тооны бодгалийг улсынхаа бусад нутгуудад шилжүүлэн нутагшуулах ажлыг амжилттай гүйцэтгэж байгаа” хэмээн ярив.
Хустайн байгалийн цогцолбор газрын онцлогийг тодруулбал,
-Жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулан гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авч, тахь сэргээн нутагшуулсан үүх түүхээс эхлээд, зэрлэг онгон байгальд тахь, буга, чоно зэрэг амьтдыг үзэх боломжийг бий болгожээ.
-Дэлхийн хамгийн ховор зүйл болох зэрлэг адуу-тахийг сэргээн нутагшуулахаар байгуулагдсан.
-2000-аад оноос өнөөг хүртэл халиун бугын 500 гаруй илий, 1000 гаруй тарвагыг Монгол Улсын бусад нутгуудад шилжүүлэн нутагшуулжээ. Эдгээр амьтдын экологи эдийн засгийн үнэлгээгээр тооцон үзвэл гурван тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсын байгаль хамгаалалд оруулсан.
-Дэлхийн хэмжээгээр үйл ажиллагаа явуулдаг, нэр хүнд бүхий байгаль орчны ууган төрийн бус байгууллага болох Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны гишүүнээр 2007 онд элсжээ.
Дашрамд дурдахад, БОАЖЯ-аас Хустайн байгалийн цогцолборт газрын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн олгосон фургон автомашиныг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өчигдөр тус газрын үйл ажиллагаатай танилцах үеэрээ гардууллаа.
Эх сурвалж:www.polit.mn