Б.БЯМБАЖАРГАЛ
Эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, тэгш эрх, өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудалд тэдний дуу хоолойг хүргэх зорилготой “Саарал хайрцаг” үзэсгэлэн нээлтээ хийгээд байна. Үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн 80 жил, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байгаа аж. “Саарал хайрцаг” үзэсгэлэнд “Ганцаардсан сэтгэл”, “Бүх шийдэл хайр дээр үндэслэх ёстой!”, “Аз жаргалын индекс” гэсэн эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлыг хөндсөн бүтээлүүд тавигджээ. Тэгвэл чимээгүйхэн үзэсгэлэнгий цэлгэр танхимд чангаас чанга шүүмжлэлт дуу хоолойг багтаасан “Саарал хайрцаг”-т нэгдэж бүтээлээ дэлгэсэн зураач, уран зураг цуглуулагч Ө.Буянхишигтэй ярилцлаа.
-Үзэсгэлэнд эмэгтэйчүүдийн эрх, нийгмийн олон асуудлыг хөндсөн бүтээлийг тавьжээ. Та уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорив?
-“Саарал хайрцаг” үзэсгэлэнд тавьсан уран бүтээлдээ эмэгтэй хүний бие даасан байдал, хэцүү бэрхшээл тулгарсан ч цайлган цагаахан, гал мэт дүрэлзэх зүрх сэтгэлтэй байдгийг дүрсэлсэн. Эмэгтэй хүн их хүчирхэг. Амьдралын муухай энергийг өөрөөсөө цэвэрлэж, өөрөөсөө хамгийн гоё энерги цацруулж чаддаг гэж боддог. Тиймээс бүтээлдээ үүнийг шингээсэн. Эмэгтэй хүн бол энергийг өөрөөсөө дэлгэрүүлж үйлдвэрлэдэг өвөрмөц махбод.
-Тэр нулимс ямар учиртай юм бэ?
-Зургийн ерөнхий утга учир нь тэр дусал нулимс. Тархин дахь бүх муу бодлоо чөлөөлөн урсгаж тархи нь чөлөөлөгдсөн байгаагаар илэрхийлсэн. Хэдий гунигтай хэцүү зүйл тохиолдсон ч зүрхэнд нь үргэлж гал байдаг. Ер нь эмэгтэй хүн үргэлж сайхнаараа байдгийг бэлгэдсэн. Эмэгтэй хүний агуу их сэтгэлийн хүч, бодлоо цэгцэлж чаддаг тэвчээрийн хүчийг илэрхийлсэн зураг.
-Өмнөх жилүүдэд энэ үзэсгэлэнд оролцож байсан уу?
-Би урлагт хайртай, уран зураг цуглуулагч, уран зургийн галерей ажиллуулдаг, зураач, уран бүтээлч. Хамтарсан үзэсгэлэнд анх удаа оролцож байна. Мөн энэ үзэсгэлэнд галеристийн хувьд ирсэн. Монголын дүрслэх урлагт хийж байгаа алхам болгон хийх гэж байгаа эвент болгонд алгасахгүй оролцож өөрийн хувь нэмрээ оруулж дэмжих дуртай. Тиймээс оролцсон бүтээлүүдээс өөрийн сандаа нэмэх бодолтой байгаа.
-Таны цуглуулгад хэдэн зураг байгаа вэ. Цуглуулгынхаа онцлох бүтээл болон өөрийн бүтээлээс дурдвал?
-Надад зардаггүй хоёрхон бүтээл байгаа. Нэг нь мэлхийтэй зураг, нөгөө нь "Ёндоо" нэртэй австракт байдаг. Бусад бүтээл дуусаагүй байхдаа эзэнтэй болчихдог. Миний цуглуулгад өөрийн бүтээл маш бага. Одоо тэр хоёртойгоо л үлдэж байна. Нийт 200 гаруй бүтээл урын санд минь бий. Цаашид нэмэх сонирхолтой байна.
-Эдгээрийн хэд нь эмэгтэй уран бүтээлчийнх вэ?
-Ойролцоогоор нийт бүтээлийн 10 орчим хувь нь эмэгтэй уран бүтээлчдийн бүтээл байгаа.
-Үзэсгэлэнгийн тухайд уран бүтээлчийн хувьд дүгнэвэл?
-Дүрслэх урлаг, тэр дундаа эмэгтэй уран бүтээлчдийг төрөөс дэмжих дэмжлэг бага байдаг. Спортыг дэмждэг шиг дүрслэх урлагийг дэмжих хэрэгтэй байна. Жишээлбэл, спортыг ивээн тэтгэсэн байгууллагуудыг татвараас чөлөөлдөг шиг дүрслэх урлагийг дэмжих бодлого, дэмжлэг хэрэгтэй. Монголоос дэлхийд гарах оюуны чадамж өндөртэй салбар нь дүрслэх урлаг гэж хардаг. Олон улсад Монголоо төлөөлж зураачид явдаг. Тэгэхэд монгол зураач, уран бүтээлчид хэзээ ч гологддоггүй. Тийм их мэдрэмжтэй, гүн сэтгэмжтэй байдаг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 9. ЛХАГВА ГАРАГ. № 49 (6781)