Б.ОД
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Алдарт эхийн одонт ээж” хүндэтгэлийн ёслол Төрийн ордонд боллоо.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монголчууд бид эрт дээр үеэс эхчүүдээ дээдлэн, эмэгтэйчүүдээ хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалаа бэхжүүлэн Ази тивээс анх удаа Монгол Улс 1924 оны Үндсэн хуулиараа эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд эрх тэгш хэмээн хуульчлан тогтоож, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох улс төрийн эрх чөлөөг хангасан билээ.Улмаар эмэгтэйчүүдийн анхны байгууллага болох “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” байгуулж, даргаар нь Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Дамдины Пагмадуламыг томилж байлаа. Ази тивийн эмэгтэйчүүдийн ууган байгууллагыг ийнхүү Монголын эрдэм төгс, ухаан хурц, сайхан бүсгүйчүүд маань байгуулсан түүхтэй!
Улс үндэстний хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэн эхчүүд, эмэгтэйчүүдийн хүчин зүтгэл дор оршдог. Тиймээс аливаа улс орны хөгжил дэвшлийг эмэгтэйчүүдийн эрхийг хэрхэн хангасан байдлаар нь үнэлдэг жишиг дэлхий нийтэд тогтоод удаж байна. Эмэгтэйчүүдийн эрх гэдэг бол хүний эрх, хүний эрхийг тэгш эдлэх боломжийн тухай ойлголт юм. Эмэгтэй, эрэгтэй хэн ч байсан, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас ангид байж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, сурч боловсрон, өмч хөрөнгө эзэмшиж, сонгож, сонгогдож, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх ёстой. Манай улсын боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн үйлчилгээний салбарын гол ачааллыг эмэгтэйчүүд, ээжүүд маань үүрч байдаг. Тиймээс энэ жил Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас “Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Мөн хүн амаа өсгөх бодлогыг тууштай баримталж, олон хүүхэдтэй гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих явдал чухал байна. Төр засаг нь эмэгтэйчүүдээ сонсдог, дэмждэг, түмэн олон нь эмэгтэйчүүдээ хайрладаг, хүндэлдэг улс орон хөгжин дэвждэг жамтай. Тиймээс эх орны ирээдүй, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үйл хэрэгт хамгийн чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн эмэгтэйчүүд, эхчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн асуудалд тууштай анхаарах ёстой” гэв.
Эх сурвалж:www.polit.mn