Б.БОЛД
ХИС-ийн др.проф. Д.Уламбаяртай ярилцлаа.
Монгол Улс Украины эсрэг Оросын түрэмгийллийн асуудлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын төслийг батлах тухайд санал хураахад “түтгэлзсэн” санал өгчээ. Үүний утга учрыг тайлбарлаж өгнө үү?
Улс гүрнүүд санал өгснөө тайлбарладаг. Мөн тайлбарлах албагүй бөгөөд тийм үүрэггүй байдаг. Санал хураахад оролцож “түтгэлзсэн” санал өгч байна гэдэг нь өөрөө идэвхтэй гадаад бодлого явуулж буй илрэл болдог. Энэ удаагийн ES-11/1 тогтоолын төслийг 141 улс дэмжиж, Хятад, Энэтхэг, Монгол, Казакстан, Киргиз, Куба, Лаос, Вьетнам, Иран, Ирак, Армени, Өмнөд Африк зэрэг 35 улс түтгэлзэж, ОХУ, Беларусь, Сири, Эритрей, Хойд Солонгос зэрэг таван улс эсрэг санал өгч, Азербайжан, Туркменистан, Узбекситан, Венесуэл, Этиоп зэрэг 12 улс санал хураалтад оролцоогүй байна. 2014 оны гуравдугаар сарын 27-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы 69 дүгээр хуралдаан Крымийн хямрал, түүнтэй холбоотой “Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал”-ыг дэмжсэн 68/262 тоот тогтоолын төслийг авч хэлэлцэхэд Монгол Улс “түтгэлзсэн” санал өгч байсан.
Наполеон Бонапарт хэлэхдээ: “Аливаа улсын гадаад бодлого нь түүний оршин буй газарзүйн байршлаар тодорхойлогдоно” гэж туйлын оновчтой хэлсэн байдаг. Энэ тодорхойлт хоёр их гүрний дунд хашигдсан геополитикийн байршилтай Монгол зэрэг улсын хувьд бүр ч их хамаатай. Төр засаг тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй байдал, 3.4 сая иргэдийн аж амьдрал, эрүүл мэнд, бизнес эрхлэгчдийн ашиг орлого гээд олон суурь асуудлыг харгалзаж шийдвэр гаргах үе олон тохиолдоно. Үүнийг үндэсний язгуур эрх ашгийг дээдлэх гэж хэлж байгаа юм. Үүрдийн болон зуурдын үйл явцыг зөв дэнсэлж шийдвэр гаргах учиртай. Хэсэг бүлэг хүмүүсийн болчимгүй үйлдлээс Монгол Улс, монголын ард түмэнд урьдчилан таамаглахын аргагүй хүнд гарз хохирол учирвал хэн хариуцлагыг нь хүлээх вэ.
Хэдэн залуусын ярилцлагыг харсан. Xийн хоолойн төслийн зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд Монгол, Оросын холбогдох талууд гарын үсэг зурсны маргааш тэдгээр залуус Украины асуудалтай холбогдуулан хийн хоолойн төслийн ажлыг эсэргүүцэн жагсана гэж байна лээ. Монголын төр засаг хийн хоолойн төслийг сүүлийн 20 гаруй жил дээгүүр доогуургүй л цуцалтгүй ярьж хөөцөлдөж байсан. Харин 2019 оноос жинхэнэ ёсоор ажил хэрэг болж, төслийн ажил урагштай явж байна. Төслийн цаад хугацаа нь 2027 он гэхэд ашиглалтад орж, бүрэн хүчин чадлаараа ажил эхлэх үед дундажаар 2-2.5 тэрбум ам. долларын орлого улсын төсөвт орохоос гадна өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд гарын үсэг зурах үеэр “Газпровод Союз Восток” компанийн гүйцэтгэх захирал Е.Асеев хэлэхдээ: Төслийн барилга угсралт, материал нийлүүлэхэд Монголын компаниуд оролцох боломжтойг тодотгож байсан. Ингэхдээ төслийн нийт ажиллах хүчний 50 хувийг Монголоос хангана. Эхний ээлжинд нарийн технологи бүхий хийн хоолойн угсралт барилгын ажилд 12 мянган хүн оролцохоор төлөвлөснөөс 20 хувийг Монголын компаниудаас бүрдүүлж, цаашдаа бүтээн байгуулалтын ажил өргөжиж, бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлэхээр нийт ажиллах хүчний 50 хувийг Монголоос оролцуулна. Үүнтэй холбоотойгоор Монголын ажиллах хүчийг бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тухай мэдэгдэж байсан. Их хэмжээний хоолойн тээвэрлэлтийг УБТЗ ХНН гүйцэтгэж ашиг орлого нэмэгдэнэ. Олон арван ханган нийлүүлэгч компаниуд буй болно. Украины дайн дуусч л таарна. Тэгээд яахав. Хэн хохироод үлдэх билээ. Хожил хаана байна вэ.
Баригдах хийн хоолой доорх газрын тухай хөндөж байна лээ. Энэ талаарх олон улсын эрхзүйн асуудал нь шийдэгдээд 100 илүү жилийн туршлага хуримтлагдсан байдаг. Хийн хоолой бол олон улсын тээвэрлэлтийн нэг хэлбэр болдог. Өөрөөр хэлбэл энэ бол транзит тээвэр юм. Түрээсийн асуудал гэж байсан бий. Угаасаа Монгол Улсын босоо тэнхлэгийн төмөр замын 50 хувийг ОХУ эзэмшдэг л биз дээ. Тэгээд тэр төмөр замын доорх газрыг Оросууд манайх гэж хэзээ хаана хэлж байсан юм бэ. Түлш, шатахуунаа авахгүй гэсэн санал хүртэл цухалзаж байна билээ. Өнгөрсөн оны есдүгээр сард юу боллоо. Бүх зүйл шинэ хэвийн байдалдаа орно. Тэгээд хэн нь ялах юм бэ.
-Монгол Улсын байр суурьтай холбоотойгоор төвийг сахих тухай яриа дахин гаргах боллоо. Та үүнд ямар тайлбар хийх вэ?
-Би энэ тухай олон удаа тайлбарласан даа. Монголоос алс хол болж буй дайн тулааны тухайд Монгол Улс байр сууриа илэрхийлж чадахгүй аргаа барахдаа төвийг сахих статус дээр ирж байгаа бол энэ нь бид гадаад бодлогоо эрхлэн явуулж чадахгүй байгаагийн илрэл болно. Тухайн улсыг хүрээлэн буй геополитикийн хамгийн ойр орчинд хурцадмал байдал гүнзгийрэх, дайн мөргөлдөөн гарч болзошгүй нөхцөл байдал байнга үүсэх магадлалтай үед л төвийг сахих статусын асуудал хөндөгддөг. Хамгийн муугаар бодож Орос-Хятадын харилцааны хурцадмал байдал даамжирч, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдал үүсч болзошгүй үед Монгол Улс төвийг сахих уу, үгүй юу гэдэг асуудал тавигдаж болох юм. Түүгээр ч барахгүй хоёр хөршийн зүгээс Монгол Улсыг та бүхэн хоёр хөршийн аль нэгний талд нь орохгүй шүү гээд аюулгүй байдлын асуудлаар төвийг сахиулж эрхзүйн статуст нь баталгаа гаргаж өгч болох юм.
Гэтэл манай хоёр хөршийн харилцаа түүхэнд байгаагүй “бал сар” дээрээ явж байна гэж шинжээчид тэмдэглэдэг. Өөрөөр хэлбэл хоёр хөршийн хооронд “иж бүрэн стратегийн харилцан ажиллагааны түншлэл” (comprehensive strategic interaction partnership) бүх салбарт идэвхтэй, эрчимтэй хөгжиж байна. Цар тахлын үед ч хоёр хөршийн худалдааны эргэлт тууштай өсч, 140 тэрбум ам.долларыг давсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын гадаад хамгийн ойр орчин амгалан тайван байна гэж хэлж болно. Монгол Улс хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харьцаж, иж бүрэн стратегийн түншлэлийн эрхзүйн үндсийг тавьж, гурван хөршийн хамтын ажиллагааг шинээр эхлүүлсэн. Ийм байсаар байхад дурьдсан саналыг дэвшүүлж бүр бие даасан хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байсан. Тухайн үед Монгол Улс байнга төвийг сахих тухай санаачилгыг Орос, Хятад дэмжээгүй. 2016 оны Ази-Европын дээд түвшний Улаанбаатарын уулзалтад оролцогчид ч дэмжээгүй. Хоёр хөрш баталгаа гаргаж өгөх ч үгүй. Үүнийг практик харуулсан.
Эрхзүйн маш том үр дагавартай, нэгд, Үндсэн хууль, Үндсэний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд суурь өөрчлөлт орно. Хоёрт, Хоёр хөрштэй тогтоосон иж бүрэн стратегийн түншлэл, “гуравдагч хөрш” орнуудтай тогтоосон стратегийн болон иж бүрэн түншлэл, түүнчлэн өргөн хүрээтэй, өргөтгөсөн түншлэлийн баримт бичгүүдийг эргэж харах шаардлагатай болно. Гуравт, хөрш болон бусад их гүрнүүдийн баталгаа шаардлагатай, дөрөвт, гадаад худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа хумигдаж, өөрийн хүчинд түшиглэх шаардлагатай болно. Бид байнга төвийг сахиснаар НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох боломжгүй болно. Батлан хамгаалах салбарын хоёр болон олон талт харилцаа, хамтын ажиллагаа зогсоно. Монгол Улс төвийг сахиснаар гадаад бодлого идэвхигүй сул, олон хэмжээст манёвр хийх боломжгүй, хайрцлагдана. Олон тулгуурт, нээлттэй гадаад бодлого хязгаарлагдана.
1924 оны тавдугаар сард Бээжин хотноо байгуулсан “Зөвлөлт-Дунд улс хоорондын харилцааны үндсэн зарчмыг тогтоосон Хэлэлцээр”-ээр Монголын тусгаар тогтнол хязгаарлагдаж, олон улсын эрхзүйн үүднээс хоёрдмол утгатай болсон байдаг. Проф. Жамсрангийн Цэвээн зөвлөлтийн үйлдлийг “улаан империализм” гэж нэрлэж байсан удаатай. Хоёрдмол утга гэдэг нь 1921 оны Монгол-Зөвлөлтийн найрамдлын гэрээ, 1924 оны гэрээ хоёулаа 1945 он хүртэл зэрэг хүчин төгөлдөр үйлчилж ирсэн. Тийнхүү Монголын тусгаар тогтнолын асуудлыг хоёр хөрш гүрэн арга хударгаар үгсэн хуйвалдаж үгүйсгэж байсан учир «Бид Хятадын сюзернитет (хэмжээт эрхт) ч биш, ЗСБНХУ-ын протекторат (ивээл хамгаалал) ч биш, харин Зөвлөлт, Дундад зэрэг улсаас баталсан бөгөөд бусад олон улсаас хүлээн зөвшөөрсөн, ер нь Швейцарь лугаа төвийг сахисан улс байх ёстой» гэж Жамсрангийн Цэвээн үзэж байсан юм. Энэ бол тэс өөр эрин үе байв. Хоёрдмол утгын эрхзүйн тайлал нь 1945 оны Ялтын хэлэлцээр болсон. Түүнийг дахин сөхөх шаардлагагүй. Байнга төвийг сахихтай холбоотой “хавтаст хэрэг” 2020 оны хавар нэг мөр хаагдсан.
-Одоогийн дайн тулааны учир шалтгаан нь Өрнөд хэлсэн амандаа хүрээгүй. НАТО Дорно зүгт тэлсэн нь ОХУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой занал учруулах болсон гэж үздэг. Үүнд та ямар тайлбар хийх вэ?
-1997 оны тавдугаар сард Парист ОХУ, НАТО-гийн хооронд харилцан хамтын ажиллагаа, аюулгүй байдлын суурь баримт бичиг (Founding Act)-т гарын үсэг зурсан байдаг. Энэ гэрээний дагуу НАТО-гийн дэргэд ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн газар ажиллахыг зөвшөөрсөн. Энэ баримт бичгийн дагуу ОХУ-ыг бүр НАТО-д гишүүнээр элсэхийг урьсан, Орос татгалзсан. Харин баримт бичигт НАТО-г Дорно зүгт өргөжих үйл явцыг хориглох заалт тусгагдаагүй. Ер нь бол хоёр Германыг нэгдэхэд М.С.Горбачёв, сүүлд Б.Ельцин нар НАТО-гийн Дорно зүг тэлэх асуудлыг олон улсын гэрээгээр хязгаарлаж чадаагүй нь том алдаа болсон. 1999 оны гуравдугаар сард Польш, Чех, Унгар НАТО-д элссэн. В.Путины үед НАТО-гийн Дорно зүгт хамгийн том өргөжилт болж, 2004 оны гуравдугаар сард Латви, Литви, Эстони, Болгар, Румын, Словак, Словени нэгдсэн. Тэгэхлээр В.Путинд хамгийн том алдаа ногдож байна. Аман тохиролцоо бол эрхзүйн баримт бичиг биш. Ямар нэг эрхзүйн эрх, үүрэг, хариуцлага үүсэхгүй. Тэгэхлээр ОХУ НАТО-тай гэрээ байгуулж чадаагүй нь өөрсдийнх нь л буруу юм. В.Путины үед л Латви, Литви, Эстони НАТО-д элссэнээр ОХУ НАТО-тай шууд хил хийлсэн. Балти хавийн эдгээр 3 улсад орос иргэд амьдардаг, гурвуулаа ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан. Дурьдсан гурван улс болон гурван улсаар дамжин НАТО ОХУ-д аюул занал учруулж буй талаар би сайн мэдэхгүй юм байна. Би тийм баримт мэдээ олж хараагүй. Гол зөрчил НАТО, ОХУ гэхээс илүүтэй хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудтайгаа олон асуудлаар зөрчилтэй байж, тэр нь тунаж хуримтлагдсаар ирсэн байна.
-Украин, дараа нь Гүрж, Mолдав Европын холбоонд элсэх хүсэлтээ гаргалаа. Энэ тухайд юу хэлмээр байна?
-Украин Европын холбооны Ассоциацийн хэлэлцээрт 2017 оны есдүгээр сард, Гүрж, Молдав хоёр 2016 оны долоодугаар сард Европын холбооны Ассоциацийн хэлэлцээрт нэгдсэн. Европын холбоо түүний гишүүн орнууд болон Европын холбооны бус улсуудын хооронд хамтын ажиллагааны хүрээг тогтоосон хэлэлцээр юм.
Төв, Зүүн Европын орнууд Европын холбоонд элсэхэд дундажаар 6-8 жилийг зарцуулсан байдаг. Европын холбоо бол цэргийн эвсэл биш. Энэ бол нэгдсэн парламент, нэгдсэн гадаад болон аюулгүй байдлын бодлоготой, нэгдсэн зах зээл, нэгдсэн мөнгөн тэмдэгт, нэгдсэн татвартай, нэгдсэн визийн дэглэмтэй интеграцийн байгууллага. Эхлээд эдийн засгийн дараа нь улс төрийн интеграцийг хэрэгжүүлсэн байдаг. Батлан хамгаалах салбар интеграцчлагдаж буй. 2007 оны Лиссабоны гэрээний дагуу Европын холбоо олон улсын эрхзүйн бие даасан субьект болсон. Мэдээж гишүүн улсуудын бие даасан байдал, төсвийн алдагдал, дүрвэгсэд, олон улсын терроризм зэрэг олон сорилтуудтай тулгарч байсан. Евразийн эдийн засгийн холбоо бол яг Европын холбооны замаар л явж буй. Шалгуурууд буй. Жишээ нь, үндэсний эрхзүйн тогтолцоог Европын холбооны эрхзүйтэй нийцүүлнэ. Ямар ч байсан өргөдлийг хүлээн авсан. Европарламент дэмжиж байна лээ. Тусгай журам гаргаж магадгүй. ОХУ үүнд санаагаа чилээхгүй болов уу. Учир нь энэ бол интеграцийн байгууллага.
-Орос-Украины энхийн хэлэлцээний хувь заяаны тухайд таны бодол ямар байна вэ?
-II үе шатны яриа хэлэлцээ Польш-Беларусийн хилийн Беловежский мужийн ойролцоох Брест хавьцаа болж, Украин, Орос байлдааны бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлэхийн тулд түр гал зогсоож, хүмүүнлэгийн коридор байгуулахаар тохиролцсон байна. Оросын цэргүүд Украины Запорожье хот дахь Европын хамгийн том атомын цахилгнаан станцыг эзлэн авсан байна. Үүний өмнө талуудын хооронд ширүүн тулаан болж, станцын зарим хэсэг галд өртжээ. Станцад осол гарсан бол олон улсыг хамарсан томоохон цөмийн гамшиг үүсэх аюултай байсан тухай мэдээлж байна. Энэ дайн сунжирах тусам асар өндөр зардал гарч байгаа нь тодорхой. ОХУ эдийн засгийн өргөн хүрээтэй хоригт орсон үед зорилгоо гүйцэлдүүлэхэд тийм ч амар биш болов уу. В.Путин Украиныг бүрэн эзэлж авч байж санаа нь амрах төлөвтэй. Афганистаны дайн давтагдаж байх шиг л байна.
-Монгол Улс оюутнуудаа эсэн мэнд амжилттай татан авлаа. Бусад улс орнууд энэ талаар ямар арга хэмжээ авсан вэ?
-Украинд суурин байнгын ЭСЯ, Консулын газар байхгүй орнуудын дотроос Монгол Улс оютнуудаа эсэн мэнд амжилттай татан авсан бараг анхны орнуудын нэг болов уу. В.Путин Украинд довлохгүй гэж Өрнөдийн удирдагчдад байнга мэдэгдэж байсан. Украин дахь монгол иргэд Украинд амгалан тайван байна гэж гар утсаараа шууд мэдээлэл дамжуулж байсан. Ер нь янз бүрийн л тайлбар хийж байсан. Манай ГХЯ бүр хоёрдугаар сарын дунд үеэс л Украин дахь оюутнуудад анхааруулга сэрэмжлүүлэг өгч, 40 гаруй оюутнууд түрүүлж ирсэн. Өрнөдийнхэн В.Путинд итгэхгүй байсан учраас аль дээрээс л анхааруулга өгч байсныг дэлхий даяараа л мэднэ.
Гэнэт л дайн эхэлж давагдашгүй нөхцөл байдал буй болж, агаарын хил хаагдаж, ялагуяа зүүн Украин, Харьковын чиглэл нэн хүнд болсон. Гэвч ГХЯ шуурхай арга хэмжээ шат дараатай зохион байгуулж, Польш, Унгар, Чех дэх ЭСЯ, Өргөмжит консул, Польш дахь Монгол иргэдийн холбоо, Улаанбаатар дахь Украинд сургууль төгсөгчдийн холбоо, оюутнууд өөрсдөө овсгоо самбаа гаргаж хамтын хүчин чармайлтын үр дүнд асуудлын ар талд гарсан. Өргөмжит консул гэж Монголд элэгтэй нэг украин иргэн сайн санааны үйл өвөртлөн ажиллажээ. ГХЯ-ны мэдээлснээр Украины Засгийн газар, бусад бизнесийн байгууллагууд олон тоооны оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлдэг, түүнд гадаадын олон мянган оюутнууд хамрагддаг юм байна. Украинд байнгын дипломат төлөөлөгчийн газартай, хүний нөөц, хөрөнгө мөнгөтэй Хятад, Энэтхэг, Израиль, Турк зэрэг орнууд ч манайхтай зэрэгцэн л иргэдээ татаж эхэлсэн. Казакстан бусад ТУХН-ын зарим орнууд гэхэд л манайхаас хойно татаж эхэлсэн байна билээ.
Хуучин үед аюулгүй байдлын асуудлыг зөвхөн төр, түүний тусгай албад хариуцаж байсан. Даяаршлын үед аюулгүй байдлыг төр хариуцахаас гадна хувь хүн өөрийн аюулгүй байдалдаа ухаалаг, хариуцлагатай хандах шаардлагатай болсон. 2010 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд энэ талаар заасан. Ковид цар тахал, Украины хэрэг явдал хувь хүн аюулгүй байдалдаа онцгой анхаарах шаардлагатайг жинхэнэ ёсоор нь мэдрүүллээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ Гуравдугаар САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 48 (6780)