Х.Хэрлэн: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд УБТЗ цаашдаа ч чухал үүрэг гүйцэтгэнэ

2022-03-07
Нийтэлсэн: Админ
 15 мин унших

Б.МӨРӨН

 

 Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэ төмөр замын төсөл болон УБТЗ-ын өнөөгийн тулгамдсан асуудлын талаар УБТЗ-ын дарга Х.Хэрлэнтэй ярилцлаа.

-Өнгөрсөн жил манай орны хувьд цар тахал нүүрлэсэн хүнд жил байлаа. Хүнд үеийг УБТЗ хэрхэн даван туулав.  Нөхцөл байдал одоо ямар байна вэ?

- 2021 онд манай улсад халдварт цар тахал нүүрлэсэн хүнд жил байсан ч  УБТЗ-ын хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангаж, улс орны эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэлээ. Тус нийгэмлэгийн нийгмийн хариуцлага улам бүр өсч, цар тахлын үед тээврийн салбарын хүндийг дангаараа шахуу нуруун дээрээ үүрч, улсын эдийн засаг, иргэдийн амьдралд нэн шаардлагатай ачаа барааг цаг алдалгүй шуурхай тээвэрлэж ирлээ. Энэ хариуцлагатай үүргийг гүйцэтгэхэд манай 16 мянга гаруй төмөр замчид дор бүрнээ хичээн ажиллаж, хувь нэмрээ оруулсныг тэмдэглэн хэлэх нь зөв болов уу.

УБТЗ-ын хамт олны шаргуу бүтээлч хөдөлмөрийн  үр дүнд  2021 онд  31.2 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх онтой харьцуулахад 4.2 хувиар илүү байна. Үүнээс илүү амжилт гаргах боломжтой байсан ч БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор 2021 оны арванхоёрдугаар сараас эхлэн Эрээн боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг  чингэлэг тээврээр гүйцэтгэх болсон нь экспортын тээвэрлэлт, тэр дундаа төмрийн хүдэр, нүүрсний тээвэрлэлтийн хэмжээ огцом буурахад хүргэсэн. Үүнээс шалтгаалан нийгэмлэгийн төсвийн орлогын ихэнх хэсгийг бүрдүүлдэг экспорт, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн хэмжээ 2021 оны арванхоёрдугаар сард сарын дундаж хэмжээнээс гурав дахин огцом буурч, тээвэрлэлтийн орлого огцом багассан. УБТЗ-ын үйл ажиллагаанаас үл шалтгаалах гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй энэхүү нөхцөл байдал 2022 оны эхний саруудад үргэлжлэх хандлага ажиглагдаж байна.

-Экспортын тээврийн хэмжээ буурна гэдэг Хятадын талд хүлээлгэн өгдөг галт тэрэг багаслаа гэсэн үг үү?

- Тиймээ, саяхныг болтол, бүр тодруулбал, 2021 оны арваннэгдүгээр сарын 28-ныг хүртэл Замын-Үүд-Эрээн өртөөний өргөн царигийн төмөр замаар хоногт 14 хос, нарийн царигийн төмөр замаар хоногт зургаан хос галт тэрэг солилцдог байсан. Гэтэл 2021 оны арваннэгдүгээр сарын 28-нд Хятадын талаас Замын-Үүд өртөөнд мэдэгдэл ирж, чингэлэгт ачаагүй бүх төрлийн ачаа, ОХУ-аас дамжин өнгөрөх ачааг ч тухайн өдрийн 14:00 цагаас хойш хүлээн авах боломжгүй гээд зогсоосон. Үүнээс болоод манай задгай вагонд ачсан бүх төрлийн ачаа, түүний дотор уул уурхайн бүтээгдэхүүний экспорт зогсож, хятадын талд  хүлээлгэн өгдөг галт тэрэгний тоо багассан. Манай төмөр замын харилцагчид чингэлэгт ачааны тээвэрт шууд шилжих боломжгүй учир ЗТХЯ, УБТЗ-ын зүгээс нөхцөл байдлыг шийдвэрлэхээр БНХАУ-ын холбогдох талуудтай үүссэн асуудлыг шийдвэрлэхээр ярилцаж байна. УБТЗ төдийгүй улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа энэхүү хүндрэлийг хятадын талтай тохиролцож удахгүй эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна.

-Эрээн боомтод саатсан чингэлэгтэй ачааг  хилийн 0 цэгээс  татан авахад УБТЗ оролцож байгаа. Ажлын явц ямар байна вэ?

-2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 50 хоногт 2754 чингэлгийг  хилийн 0 цэгээс авто тээврээр Замын-Үүд өртөөний логистикийн төвд буулгаж гаалийн бүрдүүлэлт хийлгэн шилжүүлэн ачсан бөгөөд тэдгээр  чингэлэгийн 20 хувийг төмөр замаар, 80 хувийг автомашинаар  Улаанбаатар болон орон нутаг руу  тээвэрлэсэн байна. Энэ бүх тээвэр логистикийн үйл ажиллагааг УБТЗ ХНН хариуцан зохион байгуулж, өглөөний 07:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл хоёр ээлжээр ажиллаж байна. Чингэлэг татан авах ажлыг Засгийн газраас хятадын талтай тохиролцож шуурхай зохион байгуулж байгаа нь бараа материалын хомсдол, үнийн өсөлтийг тогтоон барихад чухал үүрэг гүйцэтгэж байна. Суларсан хоосон чингэлгийг өөрийн талбайдаа өргөж буулгах, зөөж хураах, хадгалах, “0” цэг рүү ачих ажлыг төмөр замчид үнэ төлбөргүй гүйцэтгэж байгааг энд онцлон хэлмээр байна. Энэ нь бараа материал эцсийн хэрэглэгчдэд хүрэхдээ өртөг зардал нь буурч, үнийг нь өсгөхгүй байхын төлөө хийж байгаа ажил юм.

-Удахгүй УБТЗ-ын хамт олны оролцоотой барьж байгуулсан Тавантолгой- Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орно. Тус төмөр замыг барихад УБТЗ ямар үүрэг оролцоотой байв. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор УБТЗ-ын тээврийн хэмжээ, үр ашиг хэрхэн нэмэгдэх вэ?

- Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд барьж байгуулах шинэ төмөр замын төслүүд эхнээсээ эрчимтэй хэрэгжиж эхлээд байна. Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлэхэд чухал үүрэгтэй шинэ төмөр замын бүтээн байгуулалтад УБТЗ эхнээс нь идэвхтэй оролцож ирлээ. 2015 онд УБТЗ-ын хамт олон Хандгайт өртөөний 35 км төмөр замыг барьсан бол 2019 онд нефть боловсруулах үйлдвэрийн 27 км замыг богино хугацаанд чанарын өндөр түвшинд барьж байгуулсан юм. Энэ нь монголчууд өөрсдөө төмөр замаа барьж чадна гэсэн итгэл үнэмшлийг бий болгоход маш том түлхэц болж дараагийн төмөр замын том төсөл болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн ажил эхэлсэн. Энэхүү бүтээн байгуулалт 2019 оны тавдугаар сарын 24-нд эхэлж, уг төмөр замыг барих ерөнхий гүйцэтгэгчийн үүргийг  “Улаанбаатар төмөр зам” ХНН хүлээсэн юм. Энэ ажлын хүрээнд 463 км дэлгэмэл урттай төмөр замын дээд бүтэц, цахилгаан эрчим хүчний байгууламж, дохиолол холбоо, төмөр бетон гүүр зэргийг барих ажил багтсан. Уг төмөр замыг барихад ЗХЖШ, “Монголын төмөр зам” ТӨХК манай туслан гүйцэтгэгчээр ажилласан. Энэхүү шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг хоёр жилийн дотор үндсэндээ барьж байгууллаа. Үүнээс УБТЗ-ын хамт олон дангаараа 286 км төмөр зам барьж байгуулсан байна. 

-Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр замын урт нь 416.1 км урт гэдэг биз дээ. Та сая 463 км гээд ярьчих шиг боллоо...?

-Та анзаарсан бол би 463 км дэлгэмэл урт гэж ярьсан. Энэ нь уг төмөр замын өртөө, зөрлөгт баригдсан замуудыг оруулж тооцсон хэмжээ. Яг Тавантолгойгоос Зүүнбаян өртөө хүртэл гэж тооцвол 416.1 км.

Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор УБТЗ-ын тээврийн хэмжээ, үр ашиг яаж нэмэгдэх нь уг төмөр замын дагуух уул уурхай, ашигт малтмалын ордууд хэзээ ашиглалтад орж, эдийн засгийн эргэлтэд орохоос хамаарна гэж хэлж болно. Уг төмөр замын дагуух 30 км-ийн бүсэд Цагаан суварга, Хармагтай зэрэг нүүрс, зэс, алт, ураны маш их нөөцтэй 37 орд газрууд байгаа нь төмөр замын тээврийн хэмжээ  нэмэгдэх төлөвийг харуулж байна. Эдгээр ордууд ашиглалтад орвол уг төмөр замаар жилдээ 15 сая тонн ачаа тээвэрлэх урьдчилсан тооцоо гарсан. УБТЗ-ын төмөр замын сүлжээ уг төмөр замтай холбогдсон болохоор тээврийн хэмжээ дагаад өснө.

-Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаас чиглэлийн хувьд хаашаа илүү тээвэр хийнэ гэж харж байна. Эрээн өртөөний хүчин чадал хүрэлцэхгүй болсноос хоногт 14 галт тэргээс илүүг хүлээж авч чадахгүй байгаа. Бас урд хилээр зөвхөн чингэлэг нэвтрүүлнэ.  Дээр нь хилийн хоёр дахь гарц өмнө талдаа  нээгдээгүй тохиолдолд хойшоо чиглэсэн тээвэр хийх боломж бий юу?

-Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар зүүн бүсийн сайжруулсан хатуу түлшний үйлдвэрт жилд хоёр сая тонн нүүрс тээвэрлэгдэнэ. Экспортын ачааны хувьд жилд  “оpen тop” чингэлгээр Тавантолгойн ордоос 500-600 мянган тонн коксжсон нүүрс, Оюутолгой ордоос ойролцоогоор хагас сая тонн зэс Замын үүд-Эрээний боомтоор гаргахаар тооцоолж байна. Эрээн өртөөний хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл шинэчлэлийн ажлыг энэ хавраас хийж эхлэхээр болсноо Хөх хотын төмөр замын удирдлага  албан ёсоор бидэнд мэдэгдсэн. Тус өртөөний хүчин чадал нэмэгдсэнээр хятадын тал хоногт 14 галт тэргээс илүүг хүлээн авах боломжтой болж,  экспортын тээврийн хэмжээ нэмэгдэнэ. Хойшоо чиглэсэн тээврийн хувьд Тавантолгойн коксжсон нүүрсийг Сүхбаатар-Наушкийн боомтоор гаргаж Владивосток  хүргэж дэлхийн зах зээлд нийлүүлэх боломж бий гэж үздэг. Энэ асуудлыг эдийн засгийн үр ашгийг нь тооцож үзэж байж л шийдэх болов уу.

- УБТЗ  БНХАУ-тай ганцхан Замын Үүд-Эрээн боомтоор холбогддог.  Шинэ төмөр замын төслүүд хэрэгжсэнээр УБТЗ БНХАУ-тай хэд хэдэн боомтоор холбогдоно. Эдгээрээс хамгийн түрүүнд төмөр замаар холбогдох нэн шаардлагатай боомт нь аль нь гэж тооцож байна?

-Энэ асуудлыг төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичиг болон Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан. Засгийн газраас хилийн боомтуудыг төмөр замаар холбох бодлогын хүрээнд Зүүнбаян-Хангийн төмөр замыг барих ажлыг эхлүүлээд байгаа  бөгөөд тус зам баригдсанаар Замын Үүд-Эрээн өртөөний ачаалал багасч, ачааны бөөгнөрөл арилна. УБТЗ-ын төдийгүй Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээ, үр өгөөж нэмэгдэх зэрэг ашигтай давуу талууд олон байгааг юуны түрүү харж байна.  

-Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын хөдөлгөөн удахгүй нээгдэнэ. Мөн  Зүүнбаян-Хангийн төмөр замын барилгын ажил эхэлчихлээ. Эдгээрээс үүдээд  Зүүнбаян-Сайншанд хоорондын замыг яаралтай шинэчилж хүчжүүлэх шаардлага үүсэж байгаа гэж сонссон. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Сайншанд-Зүүнбаянгийн 47 км зам бол УБТЗ-ын гол замаас салаалсан салбар зам юм. Уг замаар олон жилийн өмнө Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрийн түүхий нефтийг тээвэрлэж байгаад зогссон бөгөөд тэр цагаас хойш зорчигчийн галт тэрэг л аялж иржээ. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт, ачааны хэмжээ, урсгалаас шалтгаалаад Зүүнбаян-Сайншанд чиглэлийн  47 км төмөр замын суурь бүтцийг шинэчилж хүчжүүлэх шаардлага зайлшгүй үүсч байна. Энэхүү ажлын  хүрээнд  уг замд их засвар хийж, хиймэл төхөөрөмжийг  засаж шинэчлэх,  дохиолол холбооны системийг шинэчлэх ажил хийгдэнэ. Мөн Зүүнбаян өртөөний замыг өртгөтгөх, хүлээн авах, явуулах замыг уртасгах шаардлага бий болно.

Цаашдаа Сайншанд өртөөг ч өргөтгөн шинэчлэх шаардлагатай болно. Эдгээр ажлыг хийхийн тулд ихээхэн хэмжээний хөрөнгө шаардлагатай болно. Энэ ажлыг УБТЗ өөрийн санхүүжилтээр хийх боломжгүй. Учир нь галт тэрэгний хөдөлгөөний эрчимжилт, тээврийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа гол замынхаа /Сүхбаатар-Замын Үүд хоорондын/ их засварыг хийж дуусгах нь эн тэргүүний зорилт болоод байгаа тул салбар замдаа их засвар хийх хөрөнгө мөнгө хүрэлцэхгүй байна.  УБТЗ  нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд гол замдаа жил бүр өөрсдийн санхүүгийн боломжоор их засвар хийдэг. 2021 онд л гэхэд 80.7 километр их засвар хийж, 6 өртөө зөрлөгийн замыг өргөтгөж, алсын удирдлагатай нэг зөрлөг шинээр  байгуулав. Энэ жил хоёр дахь замын оруулга, хос зам барих асуудлыг судалж байгаагаас гадна гол замдаа 50 км их засварын шинэчлэлт хийж, хэд хэдэн өртөө, зөрлөгүүдийг өргөтгөн шинэчилнэ. Эдгээр ажлыг шат дараатай хийж ирснээр одоо УБТЗ-ын гол зам /Сүхбаатараас Замын Үүд хүртэлх/-ын 80 шахам хувийг шинэчлээд байна. Ингэснээр уг зам нь буталмал чулуун суурьтай төмөр бетон дэр, Р65 зам төмөр бүхий олон улсын жишигт нийцсэн зам болон шинэчлэгдэж байна гэсэн үг. Үүний үр дүнд тус замаар хүнд жинтэй галт тэрэг аялах боломжтой болж, галт тэрэгний хурд нэмэгдэнэ. Цаана нь их засвар хийгдээгүй хэсгүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд галт тэрэгний жин, хурдны хязгаарлалт тогтоохоос аргагүй юм.

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол хүнд даацын төмөр зам. Гэтэл Зүүнбаян-Сайншанд хоорондын төмөр зам их засвар хийгдээгүй хуучирч муудсан зам. Энэ хэсэгт хүнд даацын галт тэрэг аялах боломжгүй.Тэгэхээр Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын хөдөлгөөнийг нээж, тээвэрлэлт хийж эхлэх тохиолдолд галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд эхний ээлжинд ачилтыг Зүүнбаян-Сайншанд өртөө хоорондын замын нөхцөлд тохируулж ачиж аялуулах шаардлага үүсэх байх. Мөн хүнд жинтэй галт тэрэг Тавантолгойгоос Зүүнбаян өртөөнд ирсэн тохиолдолд Сайншанд руу галт тэрэгний  жингийн хугаралт хийж аялуулах зэрэг тээвэр зохион байгуулалтын арга хэмжээ авч таарна. Эдгээр нь удаан хугацаандаа тээврийн үр ашгийг бууруулах сөрөг үр дагавартай түр зуурын арга тул Зүүнбаян-Сайншанд хоорондын замыг шинэчилж хүчжүүлэхээс өөр арга зам байхгүй.  

-УБТЗ-ын төмөр зам барих материаллаг бааз, техникийн боломж, хүн хүч ямар түвшинд байгаа вэ?

-УБТЗ шинэ зам тавих, хуучин замд их засвар хийх ажлыг зохион байгуулах хамгийн туршлага, мэдлэг, чадвартай хамт олон гэж хэлж болно. Энэ ажлыг хийж гүйцэтгэх мэдлэг чадвартай инженер техникийн ажилтнууд, техник, машин механизм, материаллаг бааз цөм бий. Зам завсарын машинт станц, замын үе угсрах  бааз, чулуун завод гээд төмөр зам тавихад шаардлагатай бүх л зүйл байна. Төмөр бетон дэрээ зам төмөртэйгээ бэхэлж бэлэн болгодог хоёр үе угсрах бааз жилдээ 100 км үеийг угсрах хүчин чадалтай. Олон овоо дахь Чулуун завод жилд 200.000м3 буталмал чулуун чигжээс /замын балласт/ үйлдвэрлэх хүчин чадалтай. Жилд 216 мянган ширхэг төмөр бетон дэр үйлдвэрлэх хүчин чадалтай Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэр зэрэг материаллаг баазын хувьд чамлалтгүй гэж хэлж болно. Зам засварын машинт станцын замын хүнд машин механизмууд, хоппер думпкар вагонуудыг үе шаттайгаар нэмэх, шинэчлэх талаар хувь нийлүүлэгч ОХУ-ын талтайгаа яриа хэлэлцээр хийж байгаа. Манай материаллаг бааз, техникийн боломж, хүн хүч бол боломжийн түвшинд байгаа гэж хэлж болно.

-Цаашдаа шинэ төмөр замын бүтээн байгуулалтад УБТЗ ямар үүрэг оролцоотой байх вэ?

-УБТЗ-ын материаллаг бааз, техникийн боломж, мэдлэг чадвартай боловсон хүчнийг түшиглэж Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх явцад манай үндэсний төмөр замын хэд хэдэн компани төрөн гарч тодорхой туршлага хуримтлууллаа. Эдгээр компаниуд цаашдаа шинэ төмөр замын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоод явах нь тодорхой. Засгийн газраас хэрэгжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтуудын өрсөлдөх чадвар, нэвтрэх урсгалыг  сайжруулах зорилгоор Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг цаг алдалгүй эхлүүлэхээр шийдвэрлэсэн. УБТЗ-ын хамт олон цаашдаа шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах болно.

-УБТЗ бол Монгол Улсын нийгэм-эдийн засгийн хөгжилд чухал үүрэгтэй тээврийн байгууллага. УБТЗ-ын өмнө тулгамдсан хүндрэлтэй ямар асуудал байна вэ?

-УБТЗ-ыг байгуулагдсан цагаас эхлэн олон хот суурин, үйлдвэр уурхай байгуулагдаж  манай улс хурдацтай хөгжиж ирсэн түүхтэй. Манай улсын нийт ачаа тээврийн 80 гаруй хувийг нуруун дээрээ авч явдаг УБТЗ-ын хөгжил шинэчлэл цаашдаа ч Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлэх  болно. Өнөөдөр УБТЗ-ын техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүүгийн хүндрэлээс гаргах асуудал нэн тулгамдсан чухал асуудал болоод байна. УИХ, Засгийн газар энэ асуудлыг анхааралдаа авч олон жил яригдсан хэд хэдэн чухал асуудлыг шийдэж өглөө. УБТЗ 1990-ээд оны эхэн үед Сангийн яамаар дамжуулж аваад хугацаанд нь эргүүлж төлж чадахгүй явсан Японы Мон-П1, Мон-П2 гэгддэг нэлээд их хэмжээний зээлийн эргэн төлөлтийг манай Засгийн газар өөрийн нуруун дээр авч, улмаар энэ хэмжээгээр УБТЗ ХНН-ийн дүрмийн санг ижил тэнцүү өсгөх замаар хоёр талаас хөрөнгө оруулах саналыг Оросын Засгийн газарт тавиад байна. Уг асуудал Оросын талын хувьцаа эзэмшигч, Ерөнхий хорооны гишүүд, Тээврийн яамны сайд, дарга нарын санал, санаачилга, дэмжлэгтэйгээр удахгүй эцэслэн шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

УБТЗ-ын хувьд өөр нэг чухал асуудал бол тариф. Бид транзит болон экспортын ачаанаас бусад бүх ачааг алдагдалтай тээвэрлэж, жил бүр их хэмжээний алдагдал хүлээдэг. Олсон жоохон орлогоороо алдагдлаа нөхөөд л дуусдаг учраас техникийн шинэчлэлийг эрчимтэй хийх санхүүгийн боломж байдаггүй. Хөдлөх бүрэлдэхүүний паркийн 50 шахам хувь нь ашиглалтын хугацаа дууссан 30-40 жил болсон зүтгүүр вагонууд. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаа болиод удаж байгаа замын хэсгүүд гээд олон тулгамдсан асуудал хуримтлагджээ.  Энэхүү хүндрэлтэй байдлыг өнөөгийн Засгийн газар, Ерөнхий сайд ойлгож, манай байгууллагыг санхүүгийн хүнд байдлаас нь гаргах анхны алхмуудыг хийж эхэлсэн. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард /2021.04.14./ “УБТЗ-ын дунд хугацааны тарифын бодлого”-ын баримт бичгийг Засгийн газар дэмжсэнийг УБТЗ-ын Ерөнхий хорооны хурлаар /2021.10.12./ хэлэлцэж баталсан. Үүний дагуу шат дараатайгаар УБТЗ-ын цахилгаан станцуудын нүүрс болон хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтээс бусад бүх тээврийн тарифыг тодорхой хувиар индексжүүлэхээр болсон. Бид тарифтай холбоотой эцсийн шийдвэрийг гаргадаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тарифын бодлогын асуудлаар хандаж холбогдох шийдвэрийг гаргуулсан.

УБТЗ-д үүсээд байгаа өөр нэг хүндрэл бол цар тахлын нөлөөгөөр дэлхийн зах зээл дээрх дизель түлш, зам төмөр болон бусад металл хийцийн үнэ өссөн явдал.

Дизель түлшний үнэ 2020 оны арванхоёрдугаар сард тонн тутамдаа 1.2 сая төгрөг байсан бол ганцхан жилийн дотор 191 хувиар өсөж, 2.3 сая төгрөг болсон. Галт тэрэг зүтгүүргүйгээр хөдлөхгүй. Зүтгүүр дизель түлшгүйгээр хөдлөхгүй. УБТЗ-ын нийт зардалд зүтгүүрийн зардал багагүй хувийг эзэлдгээс дизель түлшний зардал бараг 30 хувьд хүрдэг. Тэгэхээр бид Засгийн газрын дэмжлэгтэйгээр үнэ тарифаа өсгөөд ч санхүүгийн алдагдлаас гарч чадахгүйд хүрч байна. Дизель түлшний зардлын өсөлт тарифын өсөлтийг маань "залгичихаж" байгаа юм. Зам төмрийн үнэ ч гэсэн хоёр дахин өсчихлөө. Үүнийг дагаад ирэх жилийн замын их засварын ажилд зарим нэг бэрхшээл тулгарах нь тодорхой. УБТЗ-ын хамт олон өнөөдөр ийм хүнд нөхцөлтэй нүүр тулгараад байгаа ч бид хамтдаа, хамтын хүчин чармайлтаар бэрхшээлийг даван туулна гэдэгт итгэл төгс байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ Гуравдугаар САРЫН 7. ДАВАА ГАРАГ. № 48 (6780)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин