Б.ОД
ОХУ, Украин Улсын хооронд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Европын Холбоо болон Англи улсаас авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээний хүрээнд ОХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нислэг үйлдэж буй аливаа агаарын хөлгүүдэд давхар даатгал үйлчлэхгүй болсон тухай мэдээлсэн.
Үүнтэй холбогдуулан МИАТ ТӨХК-ийн агаарын хөлгүүд Европын чиглэлийн нислэгүүдийнхээ аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг маш өндөр түвшинд хангах зорилгоор маршрутаа өөрчилжээ.
Тухайлбал, Улаанбаатар-Москва-Франкфурт-Москва-Улаанбаатар чиглэлийн зорчигч тээврийн нислэгийг өөрчилж, Улаанбаатар-Бишкек-Истанбул-Франкфурт-Истанбул-Бишкек Улаанбаатар чиглэлээр нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна.
Европын чиглэлийн нислэгүүдийн замд өөрчлөлт орсноор нислэгийн үргэлжлэх хугацаа нэг талдаа гурван цаг 10 минутаар нэмэгдэх юм. Харин тийзний үнэд өөрчлөлт орохгүй гэж МИАТ компани мэдээлэв.
Олон улсын агаарын тээврийн аюулгүй байдлын дүрэм, журмын дагуу зорчигч болон ачаа тээврийн нислэг үйлдэж буй аливаа агаарын хөлгүүд нь заавал давхар даатгалд хамрагдсан байх ёстой.
Эх сурвалж:www.polit.mn