Сэлэнгэ аймаг жилд 20 сая мод тарьж, найман сая суулгац нийлүүлнэ

2022-02-28
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Газар тариалангийн бүс нутаг Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд очиход байшингийн дээврийн цас хайлж, нарны элч дулаанаар төөнөж байсан нь хаврын урь  орсныг илтгэнэ. Тужийн нарсан ойгоор алдартай тус аймаг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг орон нутагт анхлан эхлүүлж байгааг сурвалжлахаар очсон минь энэ.  Сэлэнгэ аймаг жилд 20 сая мод тариад зогсохгүй бусад аймгуудад тарьц, суулгац нийлүүлэгч аймаг болохоор зорилт тавьжээ. “Нэг тэрбум мод-Сэлэнгэ аймагт” зөвлөгөөнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн удирдлагууд, судлаачид, ойн салбарын гавьяатуудаас эхлээд энэ салбарт ажиллаж байгаа хувь хүн, байгууллагын төлөөлөл оролцсон юм.

 

Н.Лхагвадорж: Цөлжилтөөс сэргийлэх зорилгоор ойн зурвас байгуулна

 

Зөвлөгөөнийг нээж Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж үг хэлэв. Тэрбээр “Манай аймаг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод тарихаар Засгийн газартай гэрээ байгуулсан. Улсын нийт таримал ойн 90.5 хувийг эзэлж байгаа нь бидэнд ямар их туршлага, нөөц боломж байгааг харуулж байна. Сэлэнгэчүүдэд мод тарих арвин туршлага буйг Тужийн нарсыг хэрхэн ойжуулснаас харж болно. Төв суурин газрыг ногооруулах бидний ажил алдаа оноотой байлаа. Тухайлбал, усалгаа, хашаа хамгаалалт, дэд бүтцийн асуудлыг шийдэж байж мод тарих,  шинэ технологийг нэвтрүүлэх, мод тарихад сургах багш нарыг бэлтгэх, боловсон хүчинтэй болох гэсэн шийдвэрлэх олон асуудал бидний өмнө байна.  Тиймээс “Тэрбум мод” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа, хөрөнгө санхүү шаардлагатай. Аймгийн хэмжээнд мод үржүүлгийн аж ахуй эрхэлдэг 60 гаруй иргэн, аж ахуй нэгж найман сая тарьцыг бойжуулж байна. Аймгийн хэмжээнд ойжуулах шаардлагатай 19.7 мянган га талбайг ойжуулахад 50 орчим сая тарьц суулгац хэрэгтэй. Тиймээс мод үржүүлгийн газар байгуулах хүсэлтэй иргэдийг дэмжиж ажиллана.  Бидэнд мод тарих туршлагатай иргэд, мод үржүүлгийн газар, үр түүж бэлтгэх ойн сан гээд материаллаг бааз нь бүрэн. Тиймээс жилдээ 2000 үр түүж, 20 сая ширхэг тарьц ургуулж, аймгийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй хөрш зэргэлдээ аймгуудаа тарьц, суулгацаар хангасан нийлүүлэгч аймаг болохыг итгэл төгс зарлаж байна” гэсэн юм.

Сэлэнгэ аймгийн газар нутгийн 70 орчим хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртсөн нь судалгаагаар тогтоогджээ. Тиймээс цөлжилтийг сааруулах, газрын доройтлыг бууруулах үүднээс хамгаалалтын ойн зурвас байгуулах шаардлагатайг аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж  “Тэрбум мод-Бидний оролцоо” илтгэлдээ дурдсан юм. Тодруулбал, энэ онд Алтанбулаг, Сүхбаатар, Сайхан, Орхон суманд 40 га талбайд ойн зурвас байгуулж, 64 мянган ширхэг тарьц ургуулахад 200 сая төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Сэлэнгэ аймаг 2018-2021 онд 4500 га талбайг ойжуулсан бол энэ онд 10 сумын 29 байршилд 123.4 га талбайд мод үржүүлгийн газар байгуулахаар ажиллаж байна. Мөн нийлүүлэгч аймаг байхаа албан ёсоор зарлахаас өмнө Улаанбаатар хот, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Орхон, Дундговь, Ховд аймгуудаас үр, тарьц, суулгац худалдан авахаар хэдийнэ захиалгаа өгчээ.

 

Б.Бат-Эрдэнэ: Гурван жилийн хугацаанд 7000 гаруй  ойн мэргэжилтэн бэлтгэнэ

 

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дунджаас хэд дахин илүү хурдацтай явагдаж байгаагаас хамаарч  гол ус ширгэж,  цөлжилт үүсэж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж жилээс жилд нэмэгдэж байгааг анхаарууллаа.

Тэрбээр  “2020 оны судалгаагаар нийт газар нутгийн 76.9 хувь буюу 120 сая га талбай цөлжилтөд өртжээ. Тиймээс “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод ойжуулах, нөхөн сэргээх, хамгаалах замаар 2040 онд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг газар нутгийн есөн хувь, 2050 онд 10.5 хувьд хүргэж, цөлжилтийг сааруулахад онцгой анхаарч байгаа.  2030 он гэхэд нэг тэрбумаар тоологдох модыг тарьж ургуулах үндэсний хөдөлгөөнийг ерөнхийлөгчийн санаачилгаар өрнүүлж байна. Энэ арга хэмжээнд 2022 оны улсын төсөвт 9.3 тэрбум төгрөг батлагдсан. Эхний ээлжинд үр, тарьц, суулгацны нөөц бүрдүүлэх, сургагч багш нарыг бэлтгэж хүний нөөцийг чадавхжуулахад анхаарна. Ойрын гурван жилд ойн салбарт 7000 гаруй мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байна. Сэлэнгэ аймаг өнөөдрийн байдлаар найман сая тарьц суулгаж бэлэн болгож, улсын хэмжээнд нийлүүлэгч аймаг болгохоор зорилт тавьсанд талархаж байна” гэв.

Зөвлөгөөн ойн нөхөн сэргээлт, мод үржүүлгийн чиглэлд олон жил үр бүтээлтэй ажилласан ажилчдад шагнал гардуулах ёслол, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга зам, бусад илтгэлээр үргэлжилсэн юм. Мөн Мод үржүүлгийн газрууд, нөхөрлөлүүд Сэлэнгийн нутгийн брэнд зөгийн бал, үхрийн нүд, дарс, олон төрлийн мод, үр, эмийн ургамлаас гадна гар урлалын бүтээгдэхүүн, ойн гаралтай бүтээгдэхүүнүүдээ үзэсгэлэнд дэлгэсэн байв.

Зөвлөгөөний үеэр ойн салбарын гавьяатуудаас сэтгэгдлийг нь сонслоо.

 

Байгаль орчны гавьяат ажилтан О.Алтанцэцэг: Мод үржүүлгийн газруудыг хүчин чадалд нь хүргэж ажиллах нь чухал

-Сэлэнгэ аймаг мод үржүүлэг, ойжуулалтыг хийгээд сурчихсан туршлагатай. Тиймээс нийлүүлэгч аймаг болно гэдэг уриалга их зөв.  Жилд 20 сая мод тарих зорилтдоо хүрэхийн тулд мод үржүүлгийн газруудыг бүрэн хүчин чадалд нь хүргэж ажиллах нь чухал. Манай “Бугант” групп жилдээ 1000 га талбайг ойжуулах хүчин чадалтай. Үүний дараагаар мэргэжилтэй боловсон хүчин, тогтвортой ажиллуулах цалин хангамж, тоног төхөөрөмжөөр хангах хэрэгтэй. Айл бүр хашаандаа мод тарьдаг туршлагатай учир ”Тэрбум-мод” үндэсний хөдөлгөөнөөс Сэлэнгэчүүд арвин их эерэг үр дүн хүлээж байна.

 

Байгаль орчны гавьяат ажилтан Д.Нэргүй: Сэлэнгэчүүд мод тариад сурчихсан учир зорилтдоо хүрч чадна

-Би Барилгын техникумын ойн инженерийн ангийг 1973 онд төгсөж ирээд Сэлэнгийн ойн аж ахуйд ажилласан.  Үүнээс хойш 49 жил ойг тарьж ургуулах, нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж байна. Манай “Өргөн Сэлэнгэ” компани 1999 оноос хойш мод үржүүлэг, ойг тарьж ургуулах, нөхөн сэргээлт, ойжуулалт, үр боргоцой бэлтгэх зэрэг ажлыг дагнан эрхэлж байна. Манай компани 1999-2021 онд 4505 га талбайг ойжуулсан. Үүнээс улс, орон нутгийн төсөв хөрөнгөөр Тужийн нарсан ойн 1450 га талбайг ойжуулсан.  “Тэрбум мод” хөдөлгөөн бол их үр өгөөжтэй ажил юм. Өмнө нь нэг мод тарьдаг байсан хүн одоо 10-ыг, 10 мод тарьдаг байсан нь 20-ийг тарьж эхэлнэ. Манай аймгийнхан бусад аймагтай харьцуулахад модыг тариад сурчихсан хүмүүс учир зорилтдоо хүрч чадна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 42, 43 (6774, 6775)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин