Т.Ариунчимэг: Постдрам нь нэн шинэ үеийн театр юм

2022-02-28
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadership forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор Орфей театрын захирал, продюсер, урлаг судлаач, жүжигчин Т.Ариунчимэгийг урилаа.

 

Орчин үеийн театр хамтын хэлбэрт шилжсэн

 

-Театрын түүхийг авч үзвэл цаг үе, нийгмийн хөгжлийн бүхий л шатанд   өөрчлөгдөн  шинэчлэгдсэн байдаг. Монголд театр анх үүсэн байгуулагдахаас эхлээд тухайн  цаг үеийнхээ шинэчлэлүүдийг хийж ирсэн, тэр нь нийгэм, цаг үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалан янз бүр байсан. 2017 онд намайг СУИС-д багшаар ажиллаж байхад театрын хөгжил аль цэг дээр явж байна вэ, Монголын театрын хөгжил хаана явна вэ гэдэгт театр урлагийн судлаач эрдэмтэд, багш нар  судалгааны ажил өрнүүлж ярилцсан юм. Тэгэхэд “Манай театрын хөгжил 100 жилээр хоцорч явна” гэсэн дүгнэлт хийснийг тухайн үед бүгд хүлээн зөвшөөрсөн. Мэдээж уран бүтээлчдэд шинийг хийе, цаг үетэйгээ хөл нийлүүлье гэсэн гал эрмэлзэл байвч бид олон улсын стандарт, шаардлагыг хангаж чадахгүй байлаа. Тэр нь нэг талаас орон байр, техник, тоног төхөөрөмж, нөгөө талаас боловсон хүчний асуудал байсан. Манайх дотооддоо боловсон хүчнийг олон тоогоор бэлдэж, төсгөж гаргасан атлаа уран бүтээлчдээ гадагш гаргаагүй. Жишээ нь театрын урлагийн салбарт ОХУ-ын ГИТИС-ийг төгссөн драмын найруулагч гэхэд л 40 жил завсарласан байж байгаад саяхан салхи хагалсан эхний хүн нь М.Батболд. 2018 онд ГИТИС-ийг найруулагч мэргэжлээр амжилттай төгсөөд Монголдоо ирсэн. Зөвхөн ОХУ-д театр урлагийн сургууль төгссөн найруулагчдын хувьд манайх ийм урт хугацаанд тасарсан байгаа юм. Ер нь АНУ, БНСУ гээд өндөр хөгжилтэй өөр улс оронд хувиараа шалгалт өгч тэнцээд, 4-5 жил суралцан мэргэжил эзэмшээд ирсэн уран бүтээлчид маань ажлын талбарт гарч ирэхгүй, танигдаж чадахгүй удсан байх тал бий. Мэргэжлийн салбар нь хүлээж авдаггүй юм уу, эсвэл өөрөө гарцаа олж чадахгүй ганцаарддаг уу, ямартай ч гарч ирсэн түүх ховор. Үүнээс хүчтэй гарч ирсэн нь “Гэм зэм” жүжгийн найруулагч М.Батболд. Энэ утгаараа М.Батболд найруулагч Монголын театрын хөгжлийг шат ахиулахаар өөрийн сурч мэдсэн онол арга зүйгээр постдрамын жүжиг тавьж,  жүжигчид, зураач, хөгжмийн зохиолч гээд бүхий л уран бүтээлчдэдээ нөлөөлж байна.

Английн алдарт найруулагч, театр судлаач, онолч Питер Брук “Театрын хөгжлийн сүүлийн хөгжлийн үе шат нь найруулагчийн театр” гэж хэлсэн байдаг.  Театрын хөгжлийн үе шатаас харвал жүжигт эхлээд жүжигчин дараа нь зохиолч, судлаач, найруулагч гээд үүрэг оролцоо нь өөр өөр байсан. Энэ мэтчилэн театрын хөгжил явж ирсэн. Урд нь найруулагчийн хэлснээр л ажилладаг, жүжигчин хүүхэлдэй мэт бүтээлч биш, эрх чөлөөгүй байсан бол постдрам дээр бол жүжигчин жүжигт өөрийн үзэл бодлоо хуваалцах, санаагаа чөлөөтэй илэрхийлж хэрэгжүүлэх боломжтой. Тэр нөхцөл боломжийг нь найруулагч хангаж өгнө. Та энэ дүр дээр юу хүсч байна, яамаар байна. Энэ дүрийг юу гэж ойлгож байна. Ингэвэл яаж байна” гэхчлэн бүгдээс нь асууснаар хамтын бүтээл хийдэг. Өөрөөр хэлбэл, ингэж бүх уран бүтээлчийн мотивацийг хөдөлгөж, удирдан чиглүүлж чаддаг, ийм найруулагч гарч ирж байна гэсэн үг. Тухайн зураачид ямар авьяас, ямар нөөц боломжууд байна вэ, юуг нь нээж гаргах вэ гэдэгтэй адил жүжигчинтэй,  зохиолчтой ер бүгдтэй нь тэгж ажилладаг. Өөрөөр хэлбэл, та зохиолоо бичээд аваад ир. Түүний дараа жүжиг болгоё гэдэг уламжлалт аргыг халж, эсрэгээрээ найруулагч, зохиолчтойгоо хамт суугаад санал бодлоо солилцож, тэгээд зураачтайгаа, жүжигчидтэйгээ, продюсертэй, маркетингийн менежертэй ярилцаад явна. Жүжиг ямар хүрээг хамрах вэ, хэдий  хугацаанд тоглох вэ гэхчлэн  төслийг бүхэлд нь харахад найруулагч маш чухал. Энэ арга зүйг М.Батболд найруулагч маань гаргаж ирж байгаа. Миний хувьд ХБНГУ-д постдрамын чиглэлээр сурдаг оюутнуудтай хамтран жүжиг тавьж байх үед энэ арга зүй, школ давхцаж байсан. Найруулагч өөрөө найруулаад байх биш уран бүтээлчдийг өдөөж өгч, өөрсдөөр нь бодуулж, сэтгүүлж хийлгэнэ. Ингэхдээ алсын хараа, том бодлогыг мэдээж найруулагч өөрөө тодорхойлно. Доторх хөгжлүүд, уран бүтээлч болгонд байгаа  шинийг хийж бүтээх эрмэлзэл, эрх чөлөөг нээж өгөхдөө авахыг нь авч, орхихыг нь орхин нэгтгэж зангидаад  том бүтээлийн ард гарч байна. Постдрам бол үндсэндээ драмын театрын нэн шинэ төрөл, нэн шинэ үеийн театр гэж болно. Гэхдээ шинэ театр уламжлалыг үгүй хийж байгаа юм биш, уламжлал нь тэр дунд оршиж л байгаа. Уламжлалын суурийг хадгалан  шинэчлэл хийж байгаа хөгжлийн нэг  алхам  юм. Уламжлалаас алийг нь авах вэ, тэр нь тухайн төсөл, жүжигт тохирох уу, үгүй юу гэдэг бас тусдаа. Яагаад гэвэл олон онол, арга зүй бий. Б.Брехт, К.Станиславский, Е.Гротовский, А.Арто, Эйзенштейн, Ханс-Тис Леман гэх мэтчилэн дэлхийн нэрт найруулагчдын онол байдаг. Мөн шинэ үеийн найруулагчдын ч онол арга зүй гарч ирж байна. Сүүлийн үед шинэ үеийн найруулагчдын тавьсан постдрам илүү хүчтэй байна. Аль нэг урсгал гэхээс илүү шинэ үеийн театрыг хүлээн зөвшөөрч чадвал ямар ч жүжгийг тоглож чадна. Монголын театрын урлагийг хөгжүүлэх зорилготой манай Орфей театр залуу мэргэжлийн уран бүтээлчдээс бүрдсэн, олон улсад уран бүтээлээ сойх хүсэл эрмэлзлэл бий.

 

Би чадвал “Яагаад болохгүй гэж” гэсэн мотивацийг хүмүүст өгөх байх

Блиц:

Боловсрол:

-2016-2018 онд: Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийг “Урлаг судлаач” мэргэжлээр магистр.

-2012- 2016 онд: Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийг “Хөгжимт театрын жүжигчин” мэргэжлээр бакалавр.

-2009-2010 онд: БНСУ-д “Хосео” их сургуулийн Солонгос хэлний бэлтгэлд     суралцсан.

-2005-2009 онд:  Хүрээ Мэдээлэл холбоо технолгийн дээд сургуулийг “Биотехнологч” мэргэжлээр бакалавр.

Ажлын туршлага:

-2001-2004 онд: “Хэзээд бэлхэн” “Паян” хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин

-2011 онд: Айн Рэндийн зохиол“Төгс” жүжиг, Юнисийн дүр

-2016 онд:Азийн театрын сургуулийн наадамд “Хар санаа ба хайр сэтгэл” жүжиг хатагтай Миллерийн дүр

-2017-2018 онд:“Михайл Коолхаас” жүжгийн Монголын талын хариуцагч, гурван  туслах дүрд тоглосон (Улаанбаатар, Берлин хот)

-2018-2020 онд: “Хэвтрийн хүн” уран сайхны киноны  дүр сонгон шалгаруулалтын найруулагч, эмэгтэй гол дүр (Цолмон)

-2020 онд: Альфа театрын И.В.Гёте “Фауст” жүжгийн гүйцэтгэх продюсер

-2021 онд: Найруулагч П.Лхагвадулам “Есөн сарын цас” богино хэмжээний кино, Зургийн дарга, II  найруулагч, дүр сонгон шалгаруулалтын найруулагч

-2021 онд: Орфей театрын Ф.М.Достоевский “Гэм зэм” жүжгийн продюсер

Театрынхаа нээлтийг Ф.М.Достоевскийн “Гэм Зэм” жүжгээр өнгөрсөн онд амжилттай нээсэн. Миний хувьд энэ удаа “Гэм зэм" жүжгийн мөрдөгч Порфирий Петровичийн хувилбар дүрд тоглож байгаа. Дүрээ хэрхэн ойлгож эргээд хэрхэн гаргах вэ, өмнө нь ажиллаж байсан жүжигчнээс юугаараа өөр байх вэ гэдэг чухал. Тэр ч утгаараа уран бүтээлчийн зүгээс маш сайн ажиллах хэрэгтэй. Өмнө нь зохиолоо уншиж байсан нь давуу тал боловч жүжигчний ажиллагаанд цаг их зарцуулдаг. Дээр нь театрыг удирдаж авч явах үүрэг хүлээх амаргүй. Цагийн менежмент чухал болохыг мэдэрч зохицуулалт хийж хуваарилж сурч байна. Би уран бүтээлч хүн, гэтэл театрын захирлын ажлыг давхар хийх болсон нь нэг ёсондоо сорилт юм. Амжилттай хийж чадвал “Яагаад болохгүй гэж” гэсэн мотивацийг хүмүүст өгөх байх.

ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төв /РЦНК/ буюу Улаанбаатар хот дахь “Русский Дом” нь хүмүүнлэгийн байгууллага гэдэг утгаараа залуу уран бүтээлчдийг дэмжин театрын байрыг гаргаж өгч тусалсан. Театрын хувьд бие даасан байгууллага. Манай уран бүтээлчид бүгд мэргэжлийнх. Боловсрол эзэмшсэн байдал нь олон улсын томоохон сургуулиуд болон Монголдоо СУИС-ийн мэргэжлийн ангийг  дүүргэсэн. Аливаа зүйл үе үеэрээ байдаг  гэдэг. Үе гарч ирдэг ч гэж ярьдаг. Түүгээр бол бид залуу үе, зохиолч, найруулагч, зураач,  уран бүтээлч бүгд ид насныхан.  Найруулагч маань зоригтойн дээр ихээхэн онцлогтой. Том бүтээлүүд рүү хүчтэй орж, хийж чаддаг. Багаа зоригжуулж хамтдаа том бүтээлийн ард гарч чадсан. “Фауст”-ыг тавьснаараа  бид маш том урам зориг авсан. Нэг ёсондоо тэр бидний шалгуур болсон. Дараа нь Достоевскийн  “Гэм зэм” -ийг постдрам болгож тавилаа. Нарийн төвөгтэй зохиолыг амжилттайгаар  жүжиг болгож чадсан. Бид  маш олон урлаг судлаач, зохиолч, найруулагчдаас санал, зөвлөгөөг нь авдаг. Жүжгийн зохиолын хувьд маш сайн болсон. Сонголтын хувьд ч сайн боллоо гэсэнд  нь урамшиж, урагшлахын төлөө хичээж байна. Өмнө нь манайхан  энэ сонголтыг хийх цаг нь болоогүй тул боломжгүй гэж үздэг байсан уу, эсвэл айдаг байсан уу, ямартай ч жүжиг болгож тавих зоригтон  гарч ирэлгүй  өнөө хүрсэн. Мэдээж дуртай байсан уу гэвэл дуртай  байсан, мэддэг байсан уу гэвэл мэддэг байсан. Тэгвэл тэрийг давж гарч Достоевскийн зохиолоос хамгийн  анхны жүжгийг тавьсан нь  “Гэм зэм”  юм.  Бид ч түүнийг чадахын төлөө тийшээ хөл тавьсан. Зөв гаргалгаа хийсэн нь жүжгийг амжилттай тавихад нөлөөлсөн, тэр нь миний түрүүнд хэлсэн найруулагч, жүжигчний ажиллагаа, зохиолын задлал, зохиолчийн зохиолд хандсан хандлага гээд олон зүйлтэй холбогдоно. Бид  энэ бүтээл дээр жил тойрон ажилласан. Чамгүй хугацааг зохиол дээр ажиллахад зарцуулсан. Тэгж байж сайн уран бүтээл гарсан. Өөр нэг тал нь багийн ажиллагаа сайн байсан. Манай хамт олон биеэ биеэ хамгийн сайн ойлгодог, зохиолч юу хүсч байгааг найруулагч маш сайн ойлгодог. Зохиолчийн дотор юу байгааг  олж харж түүнийг нь хөгжүүлье гэсэн найруулагчийн алсын хараа бас сайн.

 

“Жүжигчдийг алиалагч гэж хардагт сэтгэл өвддөг”

 

Цаашид бид хоцроод байгаа театрын хөгжлийг эн зэрэгцүүлэх, олон улсын фестивалиудад  жүжгээ сойхыг хүсч байна. Түүн дээр манай хөгжил хаана яваа нь харагдана.  Энэ хэд тийм үед нь явж байгаа юм байна, эсвэл дөхөж очсон байна. Магадгүй эн тэнцүү өрсөлдөж байгаа юм байна шүү дээ гэх юм уу, бүр түрүүлээд явж байна гэдэг нь харагдах байх. Зөвхөн нэг зүйл дээр эргэлдэх бус улам шинийг эрэлхийлэх, суралцах, өөрсдийгөө  боловсруулах, сайжруулах тал дээр анхаарна. Урлагийн салбар маань сул байгаад байх шиг санагддаг. Иймд бид Урлагийн салбарыг Монголд хүчтэй болгоё гэсэн алсын хараа, ийм  зорилгыг дэвшүүлж  байна. Энэ салбар маань нийгмийг түүчээлэх, соён гэрээүүлэхэд манлайлагч байх ёстой. Орчин үед жүжигчдийг алиалагч мэт хардагт миний сэтгэл өвддөг. Уг нь жүжигчин хүн  авьяасын хажуугаар маш их ухааныг өөртөө шингээж байж сая жүжигчин болдог. Авьяастай атлаа ухаангүй бол тэр дүрийг бүтээж чадахгүй. Ухаантай атал авьяасгүй бол тэр дүр мөн дутуу. Тэгэхээр тэр ховор авьяас, ухааныг өөртөө шингээсэн хүнийг алиалагч гэж ойлгох, тэгж харах, хүлээж авах нь хэцүү шүү дээ. Зөвхөн жүжигчний тухайд яриахад ийм. Тэгэхээр жүжгийн зохиолыг бичнэ гэдэг өөрөө бас  агуу юм. Утга зохиолын салбарт энэ төрөл дээгүүрт ордог. Нэлээн юм үзэж харж, уншиж  судалж байж жүжгийн зохиол бичнэ. Түүнээс роман биччихээр жүжгийн зохиолыг бичиж чадна гэсэн ойлголт биш. Драматург гэдэг ойлголтыг  гүнзгий мэдэрч, ойлгож байж тэр хүнээс  жүжгийн зохиол гарна.

 

Oюутан залуусын оюуны боловсролд хөрөнгө оруулахаар "IStudent" төслийг эхлүүлсэн

 

Урлагийн салбарыг  Монголдоо хүчтэй байлгах нь эргээд хүнийг хүнлэг байлгах, нийгмийг эерэг сайхан болгох, өөдрөг үзэл, сайн сайханд дагуулна. Иймээс бид нийгмээ соён гэгээрүүлэх, урлагийг хүчтэй болгоход өөрсдийн дэвшүүлсэн  зорилгын төлөө,  мөн дараа дараагийн бүтээлдээ зориулж томоохон судалгааны ажлыг эхлүүлсэн. Яагаад театрыг онцолж байна гэвэл театр өөрөө амьд урлаг. Бүх урлагийг нэгтгэсэн нэгэн цогц байдлаар, түүнийгээ үзэгчдэд  амьдаар шууд хүргэдэг. Тийм болохоор хүний бага тархинд буюу далд ухамсарт шууд хүрч өдөөж байдаг. Тэр нь  зүгээр нэг дуу сонсч, кино үзээд өнгөрдөгтэй адилгүй. Өнөөдөр техник, технологийн дэвшлийг дагаад хүмүүс  гар утас, дэлгэцийн хамааралтай болсон нийгэмд ганцаардах, сэтгэл гутралд орох гэхчлэн маш олон сөрөг нөлөө бий болж байна.  Хувь хүнд тулгарч байгаа сэтгэлзүйн байдал болон нийгмийн нөлөөнөөс үүдсэн янз бүрийн сөрөг нөлөөлөл болгонд  сэтгэл зүйч дээр очоод байх уу. Эсвэл тэдгээрийг ашиглахаас гадна урлагаар дамжуулж буй эерэг хандлага, соён гэгээрэл, өөрийгөө танин мэдэх, амьдралаас шинэ сэдэл авах орчныг бүрдүүлэх үү гэдгийг бид судалгаагаар дамжуулан дэлгэх болно. Гол нь бодитоор нь  залуу үед хандсан судалгааг манай театраас явуулах гэж байгаа юм. Одоо II улиралд тавигдах гэж байгаа “Гэм зэм” жүжгийг залуу үеийнхэн үзээсэй гэж хүсч байна. Өмнө нь үзэгчдэд хүргэхэд залуу үеийнхэн олноороо  давалгаалж үзсэн учраас бид тэднийг үзүүлэх талд бодлогын чанартай ажлууд хийж байгаа. Нэгдүгээрт, бид тасалбарын үнийг 50 мянга болгосон.  Хоёрдугаарт “Istudent” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ төсөлд хамрагдах хүсэлтэй оюутнууд манай театр руу холбогдож, бүртгүүлэн “Istudent” картыг 20 мянгаар худалдаж авах юм. Харин бид үлдсэн 30 мянган төгрөгийг ААН болон амжилттай яваа бизнес эрхлэгчид, БШУЯ, Соёлын яамыг  дэмжин шийдвэрлэж өгөөч хэмээж буй. Бид оюутан залуусийг жүжиг үзүүлээд орхихгүй. Судалгааны ажлууд, тэр дотроо жүжиг үзэхийн өмнө ямар байсан, дараа нь ямар болсон, сарын дараа ямар байна гэх мэт сорилтууд авах юм. Үүнийг Сэтгэл  судлалын үндэсний төв, Социалогийн үндэсний төвтэй хамтран хийж, урлаг яагаад хүнд хэрэгтэй вэ гэдэг асуултын хариуг өгнө.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 28. ДАВАА ГАРАГ. № 42, 43 (6774, 6775)

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

9 цаг 24 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

10 цаг 0 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

2024-12-20
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

2024-12-20
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

2024-12-20