Б.ОД
Украин улсаас Монгол иргэдээ татан авахаар Монгол Улсын Гадаад харилцааны яам хэрхэн ажиллаж буй талаар сайд Б.Батцэцэг цахим хуудсаараа дамжуулан мэдээлэл өглөө
Тэрбээр "Украинд үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас 41 оюутан дайнаас өмнө эх орондоо ирсэн. Сургуулиуд нь зөвшөөрөөгүй учир төгсөх болон бэлтгэл ангийн оюутнууд явж чадаагүй үлдсэн. Дайны бүс нутагт хамгийн хүнд байгаа газар бол Харьков. Одоогоор тус хотод манай улсын 18 оюутан үлдсэн. Мөн Кировоградад хоёр оюутан байна. Польшид байгаа Элчин сайдын яамнаас оюутнуудтай байнга холбоотой байж, эрсдэлээс хамгаалах, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой зөвлөмжүүдийг өгч байгаа. Хэд хэдэн сувгаар хотоос гарах зааврыг өгөөд ажиллаж байна. Хил дээр ирсэн тохиолдолд аль ч улсын хилээр нэвтрүүлж авах бэлтгэлийг бүрэн хангаад байна. Украины Львов хотоос Польшийн Хребенне боомтоор нэвтэрч ирсэн дөрвөн иргэний гурав нь өнөөдөр Франкфур -Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирлээ. Бидний нэн тэргүүн зорилго тус улсад байгаа оюутнуудаа ямар нэг эрсдэлгүй хурдан шуурхай татаж авах явдал юм. Үүний тулд бид холбогдох бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn