Ч.ҮЛ-ОЛДОХ
Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсангийн 90 насны ойд зориулсан “Оюунлаг сэхээтэн Тангадын Галсангийн намтар, уран бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг Улаанбаатарын их сургууль, Баянхонгор аймгийн нутгийн зөвлөл, Монголын Хүүхдийн төв номын сан, МҮОНРТ, Соён гэгээрүүлэгч телевиз, зохиолчийн гэр бүл, үр хүүхдүүд хамтран зохион байгуулсан юм. Тус хуралд Ардын уран зохиолчийн зохиол бүтээлийг тал талаас задлан шинжилсэн 14 эрдэмтэн, судлаач илтгэл тавьсан. Түүний зэрэгцээ “90 насны өндөр оргилд яаж ийм эрч хүчтэй байж, зохиол бүтээлээ туурвиж байгаа үлгэр дууриалал нь, Тангадын Галсан гуай өөрөө ч бас том судлагдахуун мөн. Судалгааны ийм нэг шинэ төрөл судлаачдыг хүлээж байна” гэсэн сонирхолтой санал, дүгнэлтүүдэд оролцогчдыг хүргэж байсан юм. Энэ үеэр Тангадын Галсангийн унаган шавь нарын нэг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Л.Батцэнгэлтэй ярилцсанаа хүргэе.
- Анх багштайгаа хэрхэн учирч байв?
-Би 1992 онд аравдугаар ангиа төгсөөд хоёр жил хөдөө хонь хариулж байлаа. 1993 оны хоёрдугаар сарын 14-нд би Улаанбаатар хотод ирж, ногоон хүрмэн дээлтэй, орос бакалтай залуу анх Т.Галсан багшийндаа очиж байлаа, тэгэхэд Цагаан сарын шинийн -2 байсан юм. Багшид шүлгийн дэвтрээ үзүүлээд буцсан. Тэр жил сумын 70 жилийн ой болсон учраас багш нутагтаа очихдоо надад “Наймдугаар сарын 25 гэхэд Улаанбаатарт очоорой. Би чамайг сургууль соёлд оруулж өгнө” гэсэн. Би тэр үед Баянхонгор аймгийн Заг суманд хонь хариулж, хомоол түүж явлаа.
-Тэгээд хэлсэн амлалтандаа хүрч сургуульд оруулсан уу?
-Тэгэлгүй яахав. Би ч наймдугаар сар гаруут сэтгэл догдлоод 25-ныг хүлээлгүй Улаанбаатар хот руу яарч 15-нд багшийнхаа хаалгыг тогшоод зогсч байлаа. Ингэж багш маань намайг хотод авчирч утга зохиолын чиглэлийн тав, зургаан сургуулиар дагуулан явахад нь би харж байгаад агуу их О.Дашбалбар, Л.Хүрэлбаатар, Ш.Гаадамба нарын эрхэм хүмүүс хичээл заадаг, мундаг багш нартай сургуулийг сонгосон нь С.Жамъянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын их сургууль байлаа. Хорин настай, хонгор зүстэй байхдаа багшийнхаа гэрт амьдарч, сургуульд сурч эхэлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 30 гаруй жил багш, шавийн барилдлагатай явж байна.
- Тангадын Галсан гуай үзэл суртлын хатуу нийгэмд уран бүтээлчийн хувьд, өөрийн гэсэн үзэлтэй тэмцэгчийн хувьд ч “Болд хэрхэн хатаагдсан” гэдэг шиг хатаагдсан болохыг тэмээчин болсон түүхээс нь мэднэ. Хүний мөс чанар хийгээд багш хүний нандин чанарын хувьд хэн юм бол?
Багш маань бусдын зовлон жаргалыг маш сайн мэдэрдэг, хүнийхээ хувьд гайхамшигтай. Ядарч зовсон үед, ээжийгээ алдах ч юм уу, дүү нараа алдах ч юм уу, ерөөс амьдралын минь хүндхэн үеүдэд бүгдийг элэг зүрхээрээ мэдэрч, тэгэхдээ тэрийг дагаж уярч уйлах биш хатуу үгээр ойлгуулж ирсэн. Багш хүн гэдэг “Чи шүлгээ бич, тийм ном унш” гэхээс гадна амьдралын маш гайхамшигтай ухаанаар хөтөлж дагуулж явдаг залуурч байдаг. Бид бурхан багш гээд ярьдаг, гэтэл бурхан өнөөдөр биеэрээ байхгүй. Хүн төрөлхтөн христ багш, мухамед багш гэлцдэг. Шашны том мяндагтнуудыг бүгдийг “багш аа” гэдэг, хүндэлж дээдэлдэг. Түүн лүгээ нэгэн адил багш гэдэг бол хүний амьдралын зовлон жаргалын алинд ч хөтлөн дагуулж байдаг сартвахиуд байдаг юм байна.
-Тангадын Галсан гуай гапнаа бол ёж үгтэй, хэгжүүн эрхэмсэг төрхтэй. Дотроо асар зөөлөн, дүүрэн ухаан, хайр нинж дүүрэн ертөнц юм байна?
Багш бол ерөөс ганц эрдэм номын гэлтгүй амьдралд ч хөтөлж байдаг, сургууль айлдаад байхгүй ч биеэрээ үлгэрлэж байдаг. Цуг явж байхад гудамжинд нэг нохой гүйгээд өнгөрөхөд л “Энэ нохой хүртэл зүрхтэй шүү дээ. Нохой хүртэл амьтан шүү дээ” гэж хэлэхэд сэтгэл дотор олон юм бодогдож сонин болдог. О.Дашбалбар багшийн тухай Д.Хулан бичсэн байдаг шүү дээ.
О.Дашбалбар ахтай гудамжинд явж байхад энэ хүний хөл хатгачих вий гээд зэвтэй хадаасыг аваад хармаалдаг, тийм хүн байсан гэж Д.Хулангийн дурсамжинд байдаг. Миний багш ч гэсэн тэнд нэг хөөрхий доголон нохой явж байхад хэдийгээр тэр монхорын хоёр талын ёнхороосоо алт, мөнгөн сувд хэлхэж дуслуулахгүй ч гэлээ дотоод сэтгэл нь нохойд ч гэсэн амьдрал байдаг юм шүү гэж хэлж, ухааруулж байдаг, ийм л хүн.
Энэ бол эрдэм ном заахаас ч илүү амьдралын маш том ухагдахуун байгаа юм. Би тэгж л боддог.
-Тангадын Галсан гуай өөрийн чинь хувьд багш, бас аав шиг нөмөртэй хүн байна шүү?
-Тийм ээ, ингээд бодохоор багшийнхаа тухай өнөөдөр үнэхээр их юм яримаар байвч одоо багш бид хоёрын нэг нэгэндээ зориулсан шүлэг гэхэд л бараг ном болохоор хэмжээнд болчихсон байгаа юм.
Түрүүнд багш хэлэхдээ 116 гэвүү, 119 гэл үү ном гаргасан гэж байна шүү дээ. Тэр бүтээлүүдийнх нь 30 орчим нь надад байдаг гэж бодоход тэр номуудын бүгдээрэн дээр нь шүлэглэж гарын үсгээ зурж өгдөг. Энэ номын шүлгүүдээр нь би тусдаа ном гаргахад зөвхөн Тангадын Галсан багшийн Л.Батцэнгэлд зориулсан ном бэлэн байж байх жишээтэй. Миний багшид зориулсан шүлгүүд бас олон бий. Бүр хүүхэд байхаасаа л
“Өвсөнд дүрсэн гараараа
Өгсүүр замыг дуулж...” гээд өөрийнх нь номын нэрээр толгой холбоод шүлэглэж байснаас эхлээд олон юм байдаг юм. Ингээд бодоход багш хүн гэдэг бол мөнхийн хөтөч юм. Мөнхийн гайхамшигтай залуурч юм.
Эх сурвалж: www.polit.mn