Ц.МЯГМАРБАЯР
Сүүлийн жилүүдэд дэлхийн дулааралд маш ихээр нөлөөлж байгаа хүлэмжийн хийн найрлага дахь нүүрстөрөгчийн давхар исэл(CO2)-ийг бууруулах ажилд дэлхий нийтээр ихээхэн хүчин чамайлт гаргаж байна. Мэдээлэл холбооны технологи(ICT)-ийн салбарын хувьд нүүрстөрөгчийн давхар ислийн хоёр хувийг үүсгэж байгаа хэдий ч энэ нь бага тоо биш бөгөөд ногоон технологийг нэвтрүүлэх замаар энэ хувийг бууруулах бүрэн боломжтой.
Одоогоор дэлхийн хүн ам амьдрах явцдаа 33 гига тн нүүрсхүчлийн хий үйлдвэрлэж буй гэсэн тооцоо байдаг. Энэ хэмжээ 2050 онд 36 гига тонн болж нэмэгдэхээр байгааг бууруулж уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох шаардлагатай болж буйг дэлхийн улс орон зорилтоо болгож буйг шинжээч онцолж байна. Сэргээгдэх эрчим хүчийг ашигласнаар нүүрсхүчлийн хийбуюу нүүрсхүчлийн хийн дөрөвний нэгийг байхгүй болгох боломж байгаа аж. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний хэмнэлт үр ашгаар одоо гарч байгаа болон ирээдүйд гарах нүүрсхүчлийн хийг бууруулж багасгана гэсэн үг. Эцсийн хэрэглэгч салбарыг цахилгаанжуулснаар мөн ийм хэмжээний нүүрсхүчлийн хийг бууруулахын зэрэгцээ устөрөгчийн тусламжтайгаар 10 хувийг арилгахаар зорьж байна. Түүнчлэн нүүрсхүчлийн хий үйлдвэрлэж буй уламжлалт байгалийн хий, газрын тос, нүүрс зэрэг салбараас гарч байгааг соруулж авах технологийг ашиглах тухай ярьж байна. Харин үүнээс болж эрдэс бүтээгдэхүүний эрэлтэд өөрчлөлт орж байна гэж “QMC групп”-ийн төлөөлөл М.Дагва Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” форумд илтгэл тавих үеэр онцолсон юм. Тэрбээр “Ногоон эдийн засагт уул уурхайн гүйцэтгэх үүрэг” гэсэн сонирхолтой сэдвээр илтгэлээ тавив. Нүүрсхүчлийн хий үйлдвэрлэж буй бүтцийг аваад үзвэл 60 орчим хувийг нүүрс шатааж байгаа бол 30 орчим хувийг ногоон технологиор үйлдвэрлэж байгаа аж. 2050 он гэхэд уламжлалт аргаар шатааж үйлдвэрлэж буйг арван хувь бусдыг нь 90 хувь болгох зорилготой. Одоогийн үйлдвэрлэлээс гарсан нүүрсхүчлийн хий цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэхийн хэрээр гурав дахин буюу 3-9 мянга өсөхөөр байгааг эрдэмтэд тооцоолжээ. Тэгэхээр цахилгаан станцууд цахилгаанаар суурилагдсан хүчин чадлынхаа одоо байгаа 7000 гВт-ийг 30 мянган гВт болгох асар том шилжилт хийх болоод байгаа аж. Харин энэ шилжилтээр одоо цахилгаан үйлдвэрлэхэд хэрэглэж буй нүүрс, газрын тос, шатдаг хийн хэрэглээ 20 хувь руу орж сэргээгдэх эрчим хүч ашиглал эрчимжиж цахилгаан үйлдвэрлэл 90 хувь болохоор байгаа юм. Нүүрс эрчим хүч үйлдвэрлэх ашиглалтаас бүрэн хасагдахаар байгаа бол газрын тос, байгалийн хийн хэрэглээ багасах аж.
Ховор элемент ашиглаж эрчим хүчийг үйлдвэрлэнэ
Тэгэхээр ирээдүйд металл ашигт малтмалаар оруулж цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх юм. Металл ашигт малтмал зөвхөн цахилгаан үйлдвэрлэлд ашиглагдаад зогсохгүй барилгын салбар болон аж үйлдвэрлэлд хэрэглэнэ. Энэ ашигт малтмалын хэрэглээ одоо байгаагаас 2.3 дахин нэмэгдэх аж. Энэ болгонд өөр техник технологи, өөр тоног төхөөрөмж, өөр барилгыг шинээр барих тухай асуудал яригдаж эхэлсэн. Эдгээрийг дагаад эрдэс бүтээгдэхүүний хэрэглээ өсөх нь. Энгийнээр хэлбэл, баттерейн түүхий эд, салхин эрчим хүч, нарны эрчим хүч, усны эрчим хүч болон бусад салбаруудад зэс хоёр дахин, хөнгөн цагаан гурав дахин, лит тав дахин никель 1.7 дахин, цайр гэх мэт тавь орчим ховор элемент нэмэгдэнэ. Тухайлбал, дэлхийд зэсийг жил бүр 30 гаруй сая тонныг олборлодог бол 2050 он гэхэд 60 гаруй сая тонн болж хэрэглээ өснө. Үүний тулд жил бүр зэсийн олборлолтыг 10 орчим хувиар өсгөхгүй бол ирээдүйд ирэх эрэлтийг гүйцэхгүй болохоор байна.
Канад, Австрали зэрэг улс 4-5 жилийн өмнө ногоон эдийн засгийн шилжилт рүү орсон байна. Ирээдүйд эрэлт хэрэгцээ болох металлын зах зээлд түүний олборлолт, хайгуулд дэлхийд тэргүүлэх байр суурийг эзлэхээр зэхэж байна. Энэ нь нэг талаас эдийн засгийн нөгөө талаас геополитекийн ач холбогдолтой гэж харж байгаа аж. Бусад улсыг ажиглавал ялангуяа АНУ, Канад нэг ашиг сонирхолтой байгаа бол Австрали,Энэтхэг хоёр улс мөн зорилготой байгаагаа илэрхийлжээ. Өнөөдөр уламжлалт байдлаар ашигт малтмалыг олборлогч улсууд бий ч мөн үйлдвэрлэгч орон байна. Гэхдээ ганцхан Хятад үйлдвэрлэгч орон байвал бусад улсад хохиролтой байх нь цар тахлын үеэр илүү мэдрэгдсэн.Тэгэхээр Хятад улс дахь төвлөрсөн аж үйлдвэрлэл задарч дэлхийд хэдэн төвтэй үйлдвэрийн төвүүд бий болох юм тэдгээртэй бид яаж стратегийн хувьд уялдах юм гэсэн тоглолт анзаарагдаж буйг манай улс анхааралдаа авах хэрэгтэйг М.Дагва зөвлөж байна. Түүнчлэн дэлхийд газрын тосоор тэргүүлэгч Саудын Араб уул уурхайн салбар руу хүчтэй бодлого явуулж эхэлсэн. Уг нь тус улс 2015 он хүртэл газрын тос олборлолтод сэтгэл хангалуун байсан. Гэтэл 2017, 2018 оноос эхлэн ложистик, аялал жуулчлал, уул уурхай, газрын тосны сервис гэх мэтээр хөгжлийн эрэмбэ нь өөрчлөгдсөн. Учир нь стратегийн ач холбогдлын эрэмбээр газрын тосны олборлолт “номер” нэгд байсан бол 2040, 2050 он гэхэд стратегийн ач холбогдлоо алдах магадлалтай болж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйн хөгжлийн төрөлжилт, тэргүүлэх салбартаа уул уурхайг оруулж ирж байна.
Энэ нь юуг хэлээд байна вэ гэвэл дэлхийд газрын тосон дээр эзэлж байсан геополитикийн байр сууриа хадгалахын тулд ирээдүйн газрын хэвлийн минерал дээр тоглолт хийхээр зорьж буй “амбиц” аа илэрхийлж байна. Тиймээс ч энэ оны нэгдүгээр сард дэлхийд хамгийн анхны глобал шинжтэй ирээдүйн минералын хурлыг өөрийн орондоо зохион байгуулсан нь ийм учиртай. Ийнхүү дэлхийн эрдсийн импортын эрэмбээр тавдугаарт ордог тус улс одоо бид хямд эрчим хүчний том давуу талаа ашиглан ирээдүйн эрдсийн минералын боловсруулах үйлдвэрийг нутагтаа барьчихвал манайд ложистик дэд бүтцээ ашиглан экспорт хийх боломжтой гэж харж байгаа гэсэн юм. Тиймээс манай улсын зэсийн болон бусад ховор элементийн нөөцийг хайгуулын төвшинд нээж илрүүлбэл ногоон эдийн засгаар хөшүүрэг болгож эдийн засгийн тэлэх боломжтой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 25. БААСАН ГАРАГ. № 41 (6773)