Б.БЯМБАЖАРГАЛ
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төвийн тэргүүн, улс төр судлаач Д.Мөнхтөрийг урилаа.
ШӨХТГ-ЫН БАЙЦААГЧИЙН АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Блиц
Боловсрол:
-СУИС, Сэтгүүл зүйн Магистр.
-МУИС, Улс төр судлаач.
-СЭЗИС, Эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Ажлын туршлага:
-“Eagle” телевизийн сэтгүүлч.
-2015-2016 онд: ШӨХТГ-ын дарга бөгөөд Улсын ерөнхий байцаагч.
-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төвийн тэргүүн.
Судалгааны ажил:
-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь.
-Шударга өрсөлдөөний таларх төрийн бодлого.
Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газрыг Монгол Улсын Засгийн газрын 2004 оны тогтоолоор Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд тохируулагч агентлагийн статустайгаар байгуулж, 2005 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ нийт 33 орон тоотой байсан бүтэц одоо ч хэвээрээ шинэчлэл хийгдээгүй. Судалгаанаас үзэхэд Засгийн газрын үйл ажиллагаанаас шалтгаалан ШӨХТГ байгууллагдсанаас хойш 10 Шадар сайд, 10 агентлагийн дарга солигдож 36 хүний орон тоотой газарт нийт 200 гаруй ажилтан солигдон ажилласан байгаа юм. Үүнээс харахад ШӨХТГ-ийн удирдлага шадар сайд өөрчлөгдөх бүрт солигдож тогтворгүй явж ирсэн байна. Түүнчлэн анх байгуулсан цагаас мөрдөж ирсэн хуулийн зохицуулалтаар л ажиллаж байна. Шинэчлэл хийгдээгүй, богино настай удирдлагатай явж ирсэн. ШӨХТГ-ын удирдлага, бүрэлдэхүүн ажлаа сайн хийж ирсэн ч хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд хоцрогдчихсон. Анх байгуулахдаа шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах буюу монополийн эсрэг үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Өнөөдөр есөн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Нэг улсын байцаагчид ногдох хэргийн тоо жил ирэх тусам эрс нэмэгдсэн хэдий ч төсөв, орон тооны хувьд өөрчлөгдөөгүй ажиллаж ирсэн. ШӨХТГ өрсөлдөөний болон хэрэглэгчийн гэсэн хоёр гол хэлтэстэй. Нэг хэлтэст 3-4 хуулийн хэрэгжилтэд хяналт тавих шаардлагатай болж нэг улсын байцаагч жилд дунджаар 50-300 гаруй хэрэг хянаж, ШӨХТГ-ын салбар нэгжгүй аймаг, сумдыг зохицуулна гэдэг хэцүү. Энэ нь цөөн хүнд хэтийдсэн ачаалал. Ачаалал хэтрэхэд ажилдаа түүртэх, үр дүн гарахгүй байх сөрөг талтай. Тус байгууллага улсын төсвөөс нэг тэрбум төгрөг хүрэхгүй төсвөөр үйл ажиллагаагаа явуулдаг ч эргээд 15-20 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Тэгэхээр Монгол Улс бизнесийн орчныг сайжруулах, монополийн эсрэг ААН-үүдээ дэмжихийн тулд ШӨХТГ-ын орчин нөхцөл, хууль, эрх зүйн зохицуулалт, бүтцийг шинэчлэх шаардлагатай.
ШӨХТГ-ЫН АЖЛЫН ҮР ДҮНГ БИЗНЕСИЙН ОРЧИН ХЭРХЭН САЙЖИРСНААР ДҮГНЭЖ БОЛНО
ШӨХТГ бол үндсэн хоёр чиг үүрэгтэй. Шударгаар өрсөлдөх бизнесийн орчинг бүрдүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хангах үүрэгтэй. Энэ үүргээ хангаж бизнесийн орчин дахь шударга бус өрсөлдөөнийг хянаснаар ААН-үүдийн үйл ажиллагаа өргөжин тэлж дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломжтой болно. Дотоодын үйлдвэрлэл, мөнгөний эргэлтийг Монголбанк барьдаг бол тэдгээрийн хөрсөн дээрх хуулийн хэрэглээ, хэрэгжилт талаас нь гол зохицуулалт хийж ажилладаг байгууллага бол ШӨХТГ. Би 2015-2016 онд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхад мэргэжлийн хяналттай холбоотой “холилдсон” олон өргөдөл ирсэн. Тухайн үед хоёр байгууллагын үйл ажиллагааны чиглэлийн ялгааг зааглаж үр дүнг гаргуулж байлаа. Гол давхцал нь МХЕГ-ын Хүнсний хяналтын хэлтэстэй холбоотой байдаг. МХЕГ-аас хүнсний чанар, аюулгүй байдал, эрүүл ахуйг хянадаг. Түүнтэй адил ШӨХТГ-аас хүнсний бүтээгдэхүүний хаяг, шошгонд хяналт тавьдаг юм. Үүнээс үүдэж иргэд МХЕГ, ШӨХТГ-ийн үйл ажиллагааг төстэй гэж хардаг. Зарим нэг талаараа давхардсан асуудал байгаа. Үүнийг салгах ёстой. ШӨХТГ-ын хэрэглэгчийн хуулийн чиглэл Мэргэжлийн хяналтын хэрэглэгчтэй холбоотой зарим хяналт шалгалтын чиглэлүүд хоорондоо давхарддаг. Бүр зарим нь иргэдийг төөрөгдүүлж аль газарт өргөдөл гаргахаа мэдэхгүйд хүргэдэг. Сүүлийн үед ШӨХТГ-ыг МХЕГ-тай нэгтгэх талаар ярьж байна. Энэ бол ухралт. Япон улсад Шударга худалдааны хороо, Хятадад Үйлдвэр, худалдааны яам, ОХУ-д Монополийн эсрэг агентлаг гэсэн том бүтэц зохион байгуулалттайгаар ажилладаг. Дотоодын бизнес эрхлэгчдээ хамгаалах, хөгжүүлэх төрийн бодлогыг барьдаг ШӨХТГ-тай ижил чиг үүрэгтэй бие даасан байгууллага дэлхийн улс бүрт бий. энэ байгууллагын агуулга нь улсаас барьж буй бизнесийн орчин, нөхцлийг сайжруулахад чиглэдэг. Харин хэлбэр талаас нь харвал МХЕГ-тай адил хянадаг, торгодог байгууллага мэт харагдаж байж болно. Гэхдээ цаад агуулга нь үндэсний үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдээ хамгаалах том бодлого л байдаг. Хэрэв үүнийг МХЕГ-ын нэг хэлтэс болговол тусгаар улсын бизнесийн бодлого алдагдахаас гадна авлига утгаараа гаарна. Өнөө үед эдийн засгийн байдал нь тухайн улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын гол үндэс болсон. ОХУ-д бизнес эрхлэхэд орос хүн заавал хувь эзэмшинэ гэсэн зохицуулалт байдаг. Энэ нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, бизнесийн орчноо сайжруулах, ажилгүйдлийн эсрэг авч буй том бодлого. Монголд эсрэгээрээ байна. Тэгэхээр ШӨХТГ-ыг мэргэжлийн хяналттай нийлүүлэх биш тусдаа бие даасан, шинэчлэгдсэн, том байгууллага болгох ёстой. Дэлхийн өндөр хөгжилд хүрсэн орнууд хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлыг онцгойлон анхаарч зангидмал бодлого хэрэгжүүлэх замаар урагшилсан. Ер нь хөгжилд хүрсэн нууцаа хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль, эрх зүйн орчинг “Эдийн засгийн харилцааны үндсэн хууль” гэж өргөмжлөн чанд хэрэгжүүлж ирсэнтэй холбон тайлбарлаж байгааг анхаарч үзэх хэрэгтэй.
ОРОН НУТАГТ БИЗНЕСИЙН МОНОПОЛЬ ХЭТЭРСЭН
ШӨХТГ-аас зах зээлд давамгай ба монопол ангиллыг тогтоож давамгай байдалтай ААН-үүдэд үнэ ханш, үйлчилгээний түвшниг тогтоодог. Зах зээлийн зохих ханш, үнийг ШӨХТГ-аас анхаарч ажилладаг. Жижиг ААН-үүдээ торгож тэдний үйл ажиллагааг гацаахаас илүү тэдгээрийн хөгжих боломжийг булааж буй шударга бус өрсөлдөөн үүсгэсэн том компаниудад зохих ёсоор торгууль тавьдаг. Энэ нь өрсөлдөөнд тэгш боломжийг олгож буй явдал юм. Тэгэхээр дээр дурдсанчлан үндсэн чиг үүргээ барих, бизнесийн орчин дахь шударга өрсөлдөөнийг бүрдүүлэхийн тулд ШӨХТГ-ын бүтцийг томруулах буюу орон нутагт салбартай болгох шаардлагатай. Өрсөлдөөний тухай хуулийн 14.4-д “...орон нутагт улсын байцаагч ажиллана” гэж, мөн хуулийн 14.9-д “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно” гэж заасан байдаг ч хуулийн эдгээр зохицуулалт өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй, зөрчигдөж байгаа нь ШӨХТГ-ын хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэнээс ч хараат бусаар бие даан хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын чадавхийг цаг үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэн бэхжүүлэх, дэмжих шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн аймагт 1-2 улсын байцаагчийн орон тоог баталсан. Орон нутагт бизнесийн шударга өрсөлдөөний нөхцөл байдал хэмжээ хязгаараа алдчихсан. Угтаа ШӨХТГ нь Өрсөлдөөний тухай хуулинд өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр тусгагдсан байдаг ч орон нутагт салбар нэгж байхгүйн улмаас хуулийн хэрэгжилт сул байдаг. Иргэд Улаанбаатарт ирж амьдрах, бизнес эрхлэх илүү боломжтой гэж үзэж нийслэл рүү зүглэж байгаагийн гол шалтгаан нь орон нутагт монополь байдал хэтэрсэнтэй холбоотой. Нэг аймагт нэг нам давамгайлах, хамаатан саднаараа бүх бизнесийн төрлийг эзэмших, бусдад боломж олгохгүй боомилох асуудал байна. Энэ нь шударга өрсөлдөөнийг бий болгох, бизнесийн орчныг сайжруулах төрийн бодлогыг барих, зохицуулах байгууллага Монгол Улсын бүх нэгжид хэрэгтэй байгаагийн тод жишээ. Тиймээс бүх аймаг, томоохон боомттой бүс нутгуудад төсөвт дарамт учруулахгүй, оновчтой байдлаар 3-4 хүний бүрэлдэхүүнтэй ШӨХТГ-ын салбар нэгжүүдийг байгуулах хэрэгтэй.
ХЭРЭГЛЭГЧИД БИЗНЕСИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТТОЙ БАЙХ ЁСТОЙ
Өрсөлдөөний тухай ойлголтыг иргэд, ААН-үүдэд ойлгуулах, сурталчилах шаардлагатай байна. Өнгөрсөн жилүүдэд зөрчил, дутагдал гаргасан аж ахуй эрхлэгчдийг торгож шийтгэхээс илүүтэй ойлгуулан таниулах, зөвлөн туслах чиглэлийг баримтлан ажилласан бодлого үр дүнгээ өгч байгаа. Тэгвэл цаашид хэрэглэгчийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг сурталчилан таниулах чиглэлийн чадавхийг бэхжүүлэхэд шаардлагатай төсвийг гаргах хэрэгтэй. Энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийх шаардлагатай байгааг иргэдийн гаргасан зарим гомдол, мэдээллээс харж болно. Түүнчлэн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах олон улсын байгууллагуудтай харилцахад төвөг учруулж буй гол асуудал нь тогтворгүй удирдлага. Нэг дарга 1-2 жил ажиллаад солигддог нь олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, урт хугацааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд төвөгтэй байдлыг үүсгэдэг. Тэгэхээр ярилцлагын эхэнд хэлсэн удирдлага, бодлого тогтвортой байх нь чухал. Монгол Улсын байр суурийг өндөрт өргөх, үүрэг, хариуцлагыг дээшлүүлж хөрш орнуудын хэрэглэгчийн байгууллагуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ижил, тэгш орчин нөхцөлд харилцах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 37 (6769)