Б.ДОЛЖИНЖАВ
Төрийн өмчит зургаан их сургуулийн оюутнууд гуравдугаар сараас эхлэн дээрх зургаан сургуулийнхаа хүрээнд хүссэн хичээлээ сонгож, ирэх намар сонгосон хичээлүүдээ тухайн сургуульдаа судлахаар болсон. Үүнтэй холбогдуулан ХААИС-ийн захирал, Монголын Их дээд сургуулиудын консорциумын тэргүүн Т.Хэрүүгатай ярилцлаа.
-Ирэх намраас төрийн зургаан их сургуулийн оюутан харьяалал харгалзахгүйгээр хичээл сонгон судлахаар болжээ. Магистр, докторын түвшинд өнгөрсөн намраас энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Үр дүн нь ямар байв?
-Төрийн өмчит зургаан их сургууль болох МУИС, АШУҮИС, ХААИС, МУБИС, ШУТИС, СУИС хамтын ажиллагааны хүрээнд хичээлүүдийн багц цагийг харилцан хүлээн зөвшөөрөх, эдгээр зургаан их сургуулийн оюутнууд зургаан сургуулийнхаа хэмжээнд хичээлээ сонгох боломжтой болсон. Гэхдээ өнгөрсөн намар магистр, докторын түвшинд багц цагийг өөр өөр сургуулиудаас сонгох тохиолдол цөөн байсан. Энэ нь бид тус үйл ажиллагааг зохицуулах журмын талаарх мэдээллээ оюутнууддаа хангалттай өгч чадаагүйтэй холбоотой байж болно. Тиймээс бакалаврын түвшинд багц цаг солилцох журмыг илүү нээлттэй болгож, сургууль тус бүрийн сургалтын алба оюутнууддаа мэдээллийг түгээхээс гадна хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан ажиллаж байна.
-Нэг оюутан хэдэн хичээлийг өөр сургуулиас сонгон судлах боломжтой вэ?
-Багцад тооцуулах үүднээс өөр их сургуулийн ижил түвшний хөтөлбөрийн хичээл солилцооны системд бүртгэлтэй хичээлээс бакалаврын түвшинд суралцаж байгаа оюутнууд 15, ахисан түвшинд суралцагсад зургаа хүртэл багц цагийн хичээлийг өөр сургуулиас сонгох боломжтой. Мөн оюутан өөрийн хүссэн хичээлийг нэмэлтээр сонгон суралцахад багц цагийн хязгаарлалт тавихгүй ч, энэ тохиолдолд уг хичээлийг өөрийн хөтөлбөрийн багц цагийн биелэлтэд тооцохгүй.
-Хичээл сонгон судлах хэлбэр ямар байх вэ?
-Суралцагч хичээл сонгон суралцах явцад хүлээн авагч их сургуулийн сургалтын үйл ажиллагаатай холбогдох дүрэм, журам, хэм хэмжээг баримтална. Өөрөөр хэлбэл ямар хэлбэрээр, яаж суралцахыг хүлээн авагч их сургуулийн дүрэм, журмаар шийднэ.
-Өөр сургуулиас сонгон судлах хичээлийн төлбөрийг хэрхэн зохицуулах вэ?
-Их сургуулиудын нэг багц цагийн үнэлгээ өөр өөр байдаг. Өөр сургуульд судлах хичээлийн мэдээллийг өөрийн сургалтын системд үүсгэн сонгуулж, өөрийн сургуулийн багц цагийн үнэлгээгээр сургалтын төлбөрийг төлүүлсэн байна. Зарим мэргэжлийн хичээлийн онцлогоос шалтгаалсан нэмэлт төлбөрийг хүлээн авагч их сургууль нэмэлтээр төлүүлж болно.
-Их сургуулиудын хөтөлбөрийн давхцал их асуудал дагуулдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Их сургуулиудын хөтөлбөр дэх хичээлийн нэр ижил боловч агуулга нь өөр, эсвэл нэр нь өөр ч агуулга нь ижил байдаг. Тиймээс зургаан их сургуулийн хөтөлбөрүүдийн талаарх бүх мэдээллийг гаргаад, сургууль бүр дээр хэлэлцүүлэг хийж байна. Ижил хөтөлбөрүүд, хичээлүүдийн нэр, агуулга, багц цагийн хэмжээг өөрчлөх, нэгтгэх, оюутнуудыг төөрөгдүүлэхгүй байхаар ажиллаж байна. Тухайлбал, ХААИС болон ШУТИС аль аль нь“Ойн инженер”-ийн хөтөлбөртэй. ХААИС-ийн “Ойн инженер” хөтөлбөрт модыг тарьж ургуулах, ойг арчлах, хамгаалах технологийн хичээлүүд, ШУТИС-ийн энэ хөтөлбөрт ойн бүтээгдэхүүнийг ашиглах, боловсруулах, хийцийн технологийн хичээлүүд багтдаг. Иймд багш, судлаачид, суралцагсад хөтөлбөрүүдийн давхцал, түүний хүрээнд хийж буй ажлуудын зорилгыг зөв ойлгож, хэрхэн шийдэх талаар тодорхой саналуудыг гаргаж, дээрх зургаан сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан ажлын албанд хүргүүлэхийг зөвлөж байна. Энэ дашрамд хэлэхэд, зөвхөн нэг хөтөлбөр, нэг сургууль дээр хэрэгжих гэж байгаа мэт зарим буруу ойлголтууд ч бидний дунд байсаар байна.
-Оюутнуудын II улирлын хичээл сонголт дуусчихлаа. Тэгэхлээр ирэх намраас өөр сургуулиудын хичээлийг судалж эхэлнэ гэж ойлголоо?
-Бидний баталсан журмын дагуу ирэх намрын улиралд үзэх хичээлүүдээ оюутнууд энэ гуравдугаар сард багтааж сонгоно. Судлах хичээлийн өмнөх залгамж холбоотой хичээлийг судалж амжаагүй бол энэ хавар тэр хичээлээ өөрийн сургууль дээрээ сонгож судалсан байна. Иймээс бидний баталсан журам бакалаварын түвшинд энэ улирлаас эхлэн хэрэгжиж байгаа.
-Хичээл солилцооны энэ систем хэрэгжсэнээр сургалтын чанар сайжрах болов уу?
-Оюутан өмнө нь зөвхөн одоо суралцаж буй сургуулийнхаа хэмжээнд хичээлээ сонгодог байсан. Зургаан их сургуулийн хэмжээнд хичээлүүдээс сонголт хийх нь оюутнуудад илүү олон боломжийг олгож байна. Жишээ нь, намрын улирлын нэг хичээлээ сонгож амжаагүй, эсвэл дахин судлах шаардлгагатай бол дараагийн намрын улирлыг хүлээхгүйгээр өөр сургуулийн хаврын улиралд тэр хичээл нь байвал сонгон судлаад явах боломж оюутнуудад бий болно. Энэ тохиолдолд тухайн оюутан хугацаа алдахгүй төгсөх бас нэг давуу тал бий болно.Энэ бүгдээс харахад оюутны сургалтын чанар, бие даах, зөв төлөвлөлт болон сонголт хийх чадвар нэмэгдэнэ гэж харж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 37 (6769)