С.УЯНГА
Олон улсын геополитикийн нөхцөл байдалтай холбогдуулан ахмад дипломат, Улс төрийн шинжлэх ухааны доктор, тэргүүлэх профессор, олон улсын харилцааны мэргэжилтэн судлаач Г.Төмөрчулууныг “Трэнд зочин” буландаа урилаа.
-Хятад улс геополитикийн хувьд ганцаардмал байдлаас гарахын тулд өвлийн олимпийг ямар ч хамаагүй аргаар зохион байгууллаа гэж зарим судлаачид үзэж байна. Урд хөрш олимпоор дамжуулж ямар улс төр хийв?
-Санал нэг байна. Дэлхий нийтээр Хятадыг гурван зүйлээр буруутгаж байгаа. Нэгдүгээрт, Шинжаан уйгаруудын эрх чөлөөнд халдаж, шорон гяндан барьж байна.Хоёрдугаарт, Тайвань бол Хятадын салшгүй хэсэг гэж үзэж энх тайвнаар нэгдэхгүй бол хүчээр эзлэхийг санаархаж, Хятадын сөнөөгч онгоц Тайванийн агаарын хилийг өдөр болгон зөрчиж айлган сүрдүүлсээр байна. Уг нь Тайвань 26 сая хүнтэй шүү дээ.
ШИ ЖИНЬПИНИЙГ МАО ЗЭДУНЫ ДАРААГИЙН АГУУ УДИРДАГЧ ГЭДГИЙГ ДОТООДДОО БОЛОН ОЛОН УЛСАД ХАРУУЛАХЫГ ЗОРЬЖ БАЙНА
Хоёр Хятадын түүхийг өнгөцхөн сөхөхөд БНХАУ Чан Кайшийг дийлж хөөж явуулаад Бүгд Найрамдах Хятад улс нэртэй болсон. Өөрөөр хэлбэл, хоёр хятад байх ёсгүй. Нэг л байх ёстой. Хууль ёсны ганц Засгийн газар нь Ши Жиньпинийх байх ёстой учраас Тайванийг хүчээр эзлэхээр зэхэж байна. Энэ нь НҮБ-ын хүч хэрэглэж болохгүй гэсэн дүрмээс эхлээд олон улсын эрхзүйтэй зөрчилдөж байгаа. Харин БНХАУ гэдэг нь одоогийн манай хөрш. Ийм ялгаатай.
Гуравдугаарт, Хятадын тусгай бүс нутаг Хонконг мужийн залуучуудын ардчиллын төлөөх эсэргүүцлийн хөдөлгөөнийг Бээжин төвтэй хятадууд нухчин дарсан. Ийм гурван зүйлээс болж хятадууд буланд шахуулж, элдэв хориг тавиулж эхэлсэн. Уг нь бол англичууд Хонконгийг Хятадад буцааж өгөхдөө эдний хууль журам, эрх ашгийг зөрчиж болохгүй шүү гэсэн амлалтыг авсан байдаг. Гэтэл хятадууд Үндсэн хуулийг нь хүртэл өөрчилж эртний парламентын уламжлалтай Англи маягийн хуулийг коммунист болгосон нь олон улсын хэмжээнд тэр дундаа АНУ, Англи, Австралийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Эдгээр гурван улс нэрнийхээ товчлолоор “АУКУС” гээд Хятадын эсрэг чиглэсэн цэргийн эвсэл хүртэл байгууллаа. Дээр нь худалдааны дайн нэмэгдэнэ. Мөн өрнөдийн хөгжилтэй орнууд, Европийн холбоо Хятадын эсрэг сөрж зэвсэг худалдахаа больчихлоо. Европийн холбооноос авсан зэвсгээ ард түмнийхээ эсрэг ашиглаж байна гэж үзсэн. Ийм олон зүйлээс улбаатай юм. Энэ байдлаасаа гарахын тулд Хятад бүхий л нөөц бололцоогоо ашиглахыг эрмэлзэж байна. Энэ нь өөрсдөд нь асар үнэтэй тусч байгааг өвлийн олимпоос харж болно. Хятад өмнө нь зуны олимп хийхдээ үзэгчидтэй байсан учраас маш их орлого олсон. Харин энэ удаагийн өвлийн олимпод зардал их гаргасан ч орлого бага байсан.
Хятад улс өвлийн олимпоор дамжуулж Ши Жиньпиний улс төрийн систем, байр суурийг бэхжүүлэх оролдлого хийсэн. Түүнийг Мао Зэдуны дараагийн агуу их удирдагч гэдгийг дотооддоо болон олон улсад харуулахыг зорьж байна. Маш том пиар сурталчилгаа явж байгаа учраас тэр хэмжээний хөрөнгө мөнгө гаргах нь асуудал биш. Улс төрийн шинжлэх ухааны онолоор ганц намын дарангуйлал тогтсон нөхцөлд юу ч хийж болно. Ямар ч хууль журам, шүүх үйлчлэхгүй. Үүний нэг жишээ нь ганц нам ноёрхсон, нам төвтэй Хятад улс.
Ганцаардаж, буланд шахуулсан Хятадад найз нөхөд хэрэгтэй байгаа. Өрнөдийнхөн тоохгүй шүүмжилж байгаа учраас Африк, Латин америк, Азийн хөгжиж буй орнууд руу дэд бүтцийн маш их хөрөнгө оруулалт хийж байна. Нэг бүс нэг зам зэргээр дэд бүтцэд нь хөрөнгө оруулж өөртөө татах гэсэн томоохон санаачлагууд гаргалаа. Цаад бодлого нь улс орнуудад их хэмжээний зээл өгөөд хариуд нь газар нутгаас нь авах буюу “Өрөөр урхидах дипломат ажиллагаа” бодлого баримталж байна. Үүний бодит жишээ бол Тажикстан, Шриланк шүү дээ. Энэ Монголд ч сургамжтай. Хэмжээ хязгааргүй зээл хамаагүй их авбал эцэстээ төлж чадахгүйд хүрч нутгаасаа өгөх аюул ирнэ. Өрнөдийнхөн энэ бодлогыг засах гэж үзэж байна. Эхнээсээ АНУ хятад оюутнуудыг хүлээж авахгүй гэж мэдэгдлээ. Энэ мэтээр төрийн бодлогын золиосонд ард түмэн хохирч байна. Гэхдээ насаараа коммунист байсан орон засрах эсэх нь тун эргэлзээтэй.
-Өрнөдийн орнуудын ихэнх нь өвлийн олимпийг бойкот хийхээ мэдэгдээд байсан. ОХУ, Монгол зэрэг 20 гаруй орны удирдлага очиж баяр хүргэлээ. Үр дүнд нь хийн хоолойноос эхлээд олон ч асуудал шийдвэрлэсэн байх. Гэтэл Бүс ба зам, Монгол-Хятадын Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах төсөл удаашралтай байна. Бидний зүгээс юуг анхаарах ёстой вэ?
-Өрнөдийн орны төрийн удирдлагууд өөрсдөө очихгүй гэсэн ч тамирчдаа оролцууллаа. Гэхдээ удирдагчид нь очихгүй байна гэдэг дэмжихгүй гэсэн үг. 2008 оны зуны олимпод 80 орны төр засгийн тэргүүн очсон байдаг. Гэтэл энэ удаагийн өвлийн олимпод дөрөв дахин бага буюу 20 орны удирдлага очлоо. ОХУ, Монгол, Азийн хөгжиж байгаа орнууд очлоо. Үүнд ковидын хүчин зүйл ч байгаа. Гэхдээ 2008 онд Хятад улс одоогийнх шиг тэгтлээ буланд шахуулаагүй. Харин өнөөдөр олон улсын хэмжээнд улс төрийн дэмжлэг суларсны илрэл. Олимп бол тухайн орны нэр хүндийг олон улсад харуулж буй нэг үзүүлэлт.
Эрээний хил хаагдсан нь урд хөршөөс илүү манай улсын удирдлагын том алдаа. Ийм том хөрштэй хэрнээ 7-8 боомт зэрэгцээд байж байх ёстой атал яагаад ганцхан Замын-Үүдээс хамаарч байгаа юм. Үр дүнд нь лаа, шүдэнзгүй тас харанхуй боллоо шүү дээ. Нүүрсээ яагаад ганцхан боомтоор гаргадаг юм. Нэг нь хаагдахад өөр олон хувилбар байх ёстой. Ганц нүүрс ч биш олон төмөр зам, авто зам, агаарын замтай байх ёстой. Аймаг бол ганц боомттой байж болох. Бүхэл бүтэн улс биз дээ. Гадаадтай харилцах олон гарц, хувилбартай байх хэрэгтэй. Монгол Улс далайд гарцгүй гээд байдаг. Гэтэл хятад бол далайгаас илүү барагдашгүй зах зээл. ОХУ, Монгол нийлээд ч нүүрсээр хангаж чадахгүй. Хэрэгцээ маш их.
-Хилээ нээхгүй байсны цаана улс төрийн шалтгаан байсан уу?
-Тэгэж бодохгүй байна. Хятад /zero covid/ тэг ковид гээд маш хатуу бодлого баримталсан. Ганц Монгол биш бусад улс орнуудтай ч хилээ хаасан. Вьетнам эдийн засаг нь хүндрээд төрийн удирдлагын хэмжээнд Хятадыг гуйх жишээтэй.
Хятад улс Уханьд коронавирус гарсныг нуулаа гэдгийг АНУ хэллээ. Ер нь коммунист засаглалтай орнууд хэчнээн буруу зүйл хийсэн ч нуух их дуртай. Манай улс ч социализмын үед тийм байсан.
БЕЛАРУСЬ, УКРАИН ХОЁР НАТО-Д ЭЛСЧИХ ЮМ БОЛ ОХУ “ДУУСНА”
-Бүс нутгийн байдал хурцадмал байна. Дэлхийн хоёрдугаар дайныг өдөөгч нь Герман байсан бол гуравдугаар дайныг өдөөгч нь ОХУ байх магадлал өндөр байна гэж үзэх хүмүүс ч байна?
-Үүн шиг худал цуурхал байхгүй. Олон улсын харилцаанд айлгах тактик байдаг. Хойд Солонгос яагаад цөмийн зэвсэг бүтээгээд өдөр болгон шахуу тив алгассан пуужин харваад байна вэ. Энэ бол өмнөд Солонгосыг сүрдүүлж байгаа хэрэг. Цөмийн зэвсгийг хэрэглэх гэж хийдэггүй. Заналт дайснаа айлгаж байгаа хэлбэр. Түүнээс хэн ч цөмийн зэвсэг хаяж зүрхлэхгүй. 1945 оны Хирошима давтагдахгүй.
Путин алс дорнодоос Украины хил дээр 100 мянган цэрэг татаж авчирч байрлуулсан нь айлгаж байгаа хэрэг. Бүдүүлгээр хэлбэл, миний цэрэг наана чинь байгаа. Аятайхан байхгүй бол үгүй хийнэ шүү гэсэн үг. Гэтэл украинууд хүн болгондоо буу бариулаад бэлтгэл хийх хүртлээ айж байна. Түүнээс дайн хийх гэж цэрэг аваачаагүй гэдэг нь ил байсан. Мөн Беларусьт цэргийн сургуулилт хийсэн нь ч төлөвлөгөөтэй байсан. Харин Украины нөхцөл байдалтай давхцсан гэж өөрсдөө хэлсэн байналээ. Энэ бол ОХУ-ын Цагаан хааны үеэс уламжилж ирсэн шалгарсан дипломат арга. 1921, 1939, 1945, 1966 онд яагаад Монголд дөрвөн удаа цэрэг орсон юм. Хятад, Японыг айлгахын тулд болохоос дайтах асуудал огт байгаагүй. Энэ тактикаа Украинд хэрэглэж байна.
-Киевд айлчилсан Германы канцлер Олаф Шольц өрнөдийн ямар нэг эвсэлд Украиныг элсүүлэх төлөвлөгөө байхгүйг мэдэгдээд “гал”-ыг дарчихаж байгаа юм биш үү?
-ОХУ хоёр зорилго тавьсан. Нэгдүгээрт, Украиныг хэзээ ч НАТО-д элсүүлэхгүй гэсэн амлалт өг гэж Байден, Блинкен, Германыг шахсаар байгаад зорилгодоо хүрчихлээ. Үр дүнд нь Шольц Украиныг НАТО-д элсүүлэхгүй гэдгээ мэдэгдлээ. Энэ бол ОХУ-ын дипломатын ялалт. Тэр тусмаа Шольцоос амлалт авна гэдэг маш том ялалт. Үндсэндээ Зеленскийн ялагдал, Путиний ялалтаар төгслөө. Энэ нөхцөл байдал түр байж болох ч ойрын хэдэн жилдээ Украин НАТО-д элсэх асуудал яригдахгүй байх. Нөгөө талаас нь харвал оросууд өөрсдөө буруутай шүү гэдгийг цэргийн томоохон эрдэмтэн, армийн хурандаа генерал Ивашов хэллээ. Тэр холоос цэрэг авчирч, хөрш орны хил дээр байршуулсан нь хүмүүст буруу сэтгэгдэл төрүүлж сөрөг дүгнэлт авчирч байна. АНУ, Английн хэлдэг ортой гэсэн байр суурийг тэрбээр илэрхийлсэн байна лээ.
-Гэтэл Украины очих зогсоол НАТО. Украин НАТО-д элссэн бол хойд хөршид ямар аюултай юм бэ?
- 200 жилийн түүхэндээ ОХУ жийргэвч орнуудаар хүрээлүүлж ирсэн. ОХУ НАТО-г гол дайснаа гэж үздэг. Хэрэв Украин НАТО-д элсчих юм бол цэрэг нь Украины нутагт орж ирнэ. Өөрөөр хэлбэл, урдаас НАТО-гийн цэрэг, баруун, хойд талаас Латви, Литви, Эстони, Польш, Финландад мөн цэрэг орно. Энэ бол ОХУ-д аймшиг, хар дарсан зүүд. Үндсэндээ Беларусь, Украин хоёр НАТО-д элсчих юм бол ОХУ "дуусна". Ганцхан ОХУ-ын эсрэг НАТО-гийн 27 улсын арми ороод ирнэ гээд бод доо. Энэ бол цэрэг дайны стратегийн асуудал.
ОХУ-ын стратеги бол Беларусь, Украин хоёрыг хэзээ ч НАТО-д оруулахгүй байх. Тэр бүү хэл элссэн орнуудыг НАТО-гоос гаргахыг хүсч байна.
-Тэгвэл манай хоёр хөрш ОХУ, БНХАУ-ын харилцаа ямар шатандаа явж байна вэ?
-Хаяа дэрлэсэн хоёр том гүрэн анд, найзууд байдаггүй. 1962 онд дайтсан. Ер нь ОХУ, Хятадын харилцааны түүх эмгэнэлтэй. Хүйтэн дайны үед БНХАУ АНУ-тай нийлж ОХУ-ыг эсэргүүцсэн. Одоо АНУ хоёуланг нь эсэргүүцэж байна. Европийн холбоо, АНУ, Австрали бүгд нийлж байгаад хоёр их гүрний эсрэг улс төр, эдийн засгийн хориг арга хэмжээ авч байна. Путинд тусладаг хүмүүсийг АНУ, Англи руу явах виз гаргахгүй, банкинд хадгалуулсан хөрөнгийг царцааж байх жишээтэй.
Тэгэхээр өвлийн олимпод Путин очсон нь Орос, Хятад баруун болон өрнөдийнхний эсрэг нэгдэхээр болсныг харууллаа. Өвлийн олимпоор Путин айлчлахдаа 15-16 баримт бичигт гарын үсэг зурсны нэг заалт нь НАТО дорно дахин руу тэлэхийг эсэргүүцнэ гэлээ. Ши Жиньпин, Путин хоёулаа ингэж хэллээ. Өөрөөр хэлбэл, Путин Хятадын удирдагчийг өөрийнхөө талд авчихлаа. Олон улсын харилцаанд аль болох олон найзтай байна гэдэг том ялалт байдаг. Хятад барагтай бол бусдад татагдах, хүний үгэнд орох улс биш шүү дээ. Гэтэл ОХУ татаж авлаа гэдэг агуу.
Украины хямралын нэг шалтгаан нь хийн хоолой. ОХУ Украинаар дамжиж баруун тийшээ явсан хийн хоолойгоо хаачихсан. Тэр хоолой Украинд жилд нэг тэрбум ам.долларын орлого оруулдаг. Мөн адил ОХУ хийн хоолойгоо Монголын нутгаар дамжуулж байна гэдэг стратегийн сонирхол мөнхийн эрх ашиг байна л гэсэн үг. Гэтэл хятадууд дургүй байсныг Путин зөвшөөрүүлчихлээ. Хятадад Оросоос өөр найз байхгүй учраас аргагүйн эрхэнд зөвшөөрсөн байх.
-АНУ, Хятадын худалдааны дайн хэзээ дуусах вэ. Үр нөлөөг нь та хэрхэн харж байна вэ?
-АНУ, Хятадын худалдааны дайн Трампын үед эхэлсэн. Трамп өндөр тариф тогтоож, Хятадын барааг авахгүй гэсэн.
Гэтэл Байден энэ бодлогыг бүр гүнзгийрүүллээ. Шинжаан уйгар хоригдлуудаар нэхмэл бүтээгдэхүүн хийлгэж худалдаалж байгааг эсэргүүцэж хориг тавьснаар хятадууд асар их алдагдалд орж байна. Энэ дайн мөд дуусахгүй. Лав Байдены үед дуусахгүй гэж баттай хэлнэ.
Трамп, Байден хоёр бол эсрэг тэсрэг удирдагч. Трамп үндэсний үзэлтэй. Олон улсын хэллэгээр бол хэт буюу экстремист үзэлтэй. АНУ-аас өөр хэнийг ч бодохгүй. Тэр утгаараа улсынхаа төлөө олон ч зүйл хийсний нэг нь АНУ-ыг ЮНЕСКО-гоос эхлээд олон улсын бүх байгууллагаас гаргасан. Арай НҮБ-аас гаргасангүй. Тийм хугацаа ч байсангүй. Хэрэв дахиад Ерөнхийлөгчөөр сонгогдсон бол НҮБ-аас гаргах байсан ч байж мэднэ. Гэтэл Байден гарч ирээд Трампын бодлогыг 180 градус эргүүлсэн. АНУ-ыг ДЭМБ, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, ЮНЕСКО-д буцаагаад элсүүллээ. Ер нь АНУ-ын Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгчдийн түүх, уламжлалыг харахад ОХУ-д дургүй.
Орчин үеийн олон улсын харилцааны нэг сонин үзэгдэл нь яваандаа олон улсын байгууллагуудад улс орнууд захирагддаг болчихдог. Улс орнууд бүрэн эрхт байдлаасаа олон улсын байгууллагатай хуваалцаж, даатгадаг практик бий болсон.Гэтэл Трамп үүнд дургүй. АНУ ДЭМБ-д 450 сая ам.долларын татвар төлж бараг тэжээж байж яагаад захирагдах ёстой юм гэдэг байр суурин дээрээ бат зогсдог.
“ЦАХИМ ДИПЛОМАТ АЖИЛЛАГАА”-НЫ ӨӨРЧЛӨЛТӨӨР ЭЛЧИН САЙДЫН ЯАМДЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО ХУМИГДАНА
-“COVID-19” олон улсын харилцааны бүхий л салбарт, түүний дотор геополитикийн газрын зурагт ихээхэн өөрчлөлт орууллаа. Эдийн засаг эрс суларсан. Тэгвэл “COVID-19”-ын дараах дэлхий, олон улсын харилцаа ямар байх вэ?
-“COVID-19” олон улсын харилцаанд зарчмын өөрчлөлтүүд авчирсан. “Digital diplomacy” гэдэг шинэ ойлголцол гарч ирлээ. “Цахим дипломат ажиллагаа” бол биечилж уулзаж гар барихгүй зайнаас харилцах гэдэг утгаараа томоохон асуудал дагуулж байна. Дипломатын уламжлалт арга бол нүд рүүгээ харж ярьдаг. Гэтэл дижитал дипломат ажиллагааны үед амьд мэдрэмжгүй болно гэсэн үг. Тиймээс “COVID-19”-ын дараах олон улсын харилцаанд биечилж уулзах болон зайнаас харилцах хос дипломат ажиллагаатай болно. Энэ том өөрчлөлтийн үр дүнд Элчин сайдын яамдын үүрэг, оролцоо хумигдана гэж харж байгаа. Улс орнуудад суугаа уламжлалт Элчин сайдын яамны арга хэрэгсэл хуучирч бүх зүйл технологид шилжиж байна. Энэ нь цаг хугацаа, зардал, хүн хүчээс эхлээд олон талын хэмнэлттэй. Наад зах нь дипломат шуудан явуулах гэж ямар их цаг хугацаа, чирэгдэл болдог билээ. Ялангуяа, манайх шиг жижиг улсын хувьд “Цахим дипломат ажиллагаа” их хэрэгтэй.
-“COVID-19”-ын дараа дэлхийд либерал ардчиллын үзэл санааг үүсгэн байгуулсан АНУ-ын нэр нөлөө, байр суурь суларч, БНХАУ, ОХУ зэрэг шинэ их гүрнүүд гарч ирэв үү гэж байгаа судлаачид ч байна л даа?
-Тийм зүйл болохгүй. Зөвшөөрөх ч үгүй. АНУ-ын ач холбогдол буурч, хоёрдугаар зэргийн улс орон болно гэсэн зүйл огт байхгүй. Олон улсын харилцаа хүмүүсийнхтэй их төстэй. Өөрөөс нь илүү гарахаар атаархана. Тиймээс АНУ өөрсдөөс нь хавь илүү болохоор ОХУ, БНХАУ-ын зүгээс АНУ-ын ардчилал сөнөж байна гэж ярьдаг. Баримт бичгүүддээ ч дандаа тэгэж бичдэг. АНУ-ын инноваци, мэдээллийн технологийн ололт амжилт, нээлтийг гүйцэх улс орон байхгүй. АНУ-ын хүн төрөлхтний өдөр тутмын амьдралд авчирч байгаа шинжлэх ухаан техникийн ололт, соёл, кино урлаг, Англи хэл гэдэг агуу. Лав ойрын 10 жилдээ л нэг номерын улс хэвээрээ байх нь баталгаатай.
-Геополитикийн шинэ хуваарилалт, олон улсын харилцааны чиг хандлага, нөхцөл байдалд Монгол Улс хэрхэх вэ. Гадаад бодлогыг 40 гаруй жил судалсан хүний хувьд юу хэлэх вэ?
-Харьцуулбал, Монгол Улс бол хоёр зааны дундах хулгана. Геополитикийн шинэ нөхцөл байдалд зохицож амьдрах ёстой. Хоёр хөршийнхөө дургүйг хүргэж огт болохгүй. Төвийг сахисан маягтай байх нь зөв. Өөр бидэнд хийх ажил нэг их байхгүй дээ. Жишээлбэл, АНУ Монголд цэргийн бааз байгуулна гэх юм бол хоёр хөрш дүрэлзээд явчихна. Учрах эрсдлийг ч таамаглашгүй.
Өнгөрсөн 40 жилийг харвал Монгол Улс бараг гадаад бодлогогүй шахуу явж ирсэн. Яагаад гэвэл манайх хоёрхон хөрштэй. Энэ хоёртойгоо учраа олчихвол гадаад бодлогын 80-90 хувь нь шийдэгдэж байна гэсэн үг. Гадаад бодлого гэж том том зүйл ярихаас илүү энэ бол амин чухал асуудал. Үлдсэн 10 хувь нь гуравдагч хөрш гэгдэж байгаа орнууд. Монгол шиг сонин геополитикийн байрлал, гадаад бодлоготой улс байхгүй. Магадгүй Андорра, Монакка, Непал зэрэг хэдхэн улс төстэй байж мэднэ.
Монгол Улс өнөөгийн нөхцөлд их аятайхан хүрээлэлд байна. Хятад Тайвань, Шинжаан уйгар руу анхаараад Монгол руу нэг их харахгүй, нүдэнд нь өртөхгүй байна. Ер нь Хятадын гадаад бодлого далай руугаа их чиглэдэг. Номхон далайг яаж АНУ-ын ноёрхлоос чөлөөлөх вэ гэдэгт анхаардаг. Олон улсын далайн зам, тээврийн харилцаа нефть, хийн худалдааг АНУ-ын цэрэг хянаж байна. Энэ мэтээр урд хөршид толгойгоо гашилгах түмэн асуудал байгаа учраас стратегийн анхаарал өөр тийшээ чиглэдэг. Харин ОХУ бол огт өөр. Монголыг Хятад, Японоос хамгаалах “бамбай” гэж үздэг учраас манай улсыг өөрсдийнхөө нөлөөнд байлгах нь гол стратеги. Манай улсын үүрэг ч тэр. Түүнээс Монгол, Орос ах дүүгийн найрамдалт харилцаа гэсэн зүйл ердөө байхгүй. Монголыг АНУ, Хятадын алинд ч алдахгүй байх сонирхол бий. Манай улсыг алдчихвал Эрхүү, Улаан-Үдэ, Сибирийн төмөр зам үгүй болно. Үүнийг хэн хүсэх юм бэ. Гэхдээ ОХУ байхад хятадууд манайд халдахгүй.
Монголын газрын баялаг, түүхий эд бусдын анхаарлыг татна. Монголыг дундуур нь хуваасан хуваарилалт буюу 48 дугаар паралель гэсэн яриа ч бий шүү дээ. 48 дугаар өргөрөгийн урдах нь Хятад, хойшоох нь Оросынх гэдэг зүйл гарсан нь огт үндэслэлгүй биш байх. Тиймээс хэмжээ хязгааргүй зээл тусламж авахдаа анхааралтай байх хэрэгтэй. Ер нь бол Гадаад харилцааны сайд, Элчин сайдууд мэдлэг боловсролоос гадна ёсзүйтэй байх нь хамгийн том шалгуур юм.
-Таны хувьд анхлан л Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд гишүүнээр элсүүлэх ажлыг гардан хийсэн. Монгол Улс ШХАБ-д элсэх, эсэх асуудал олон жил маргаантай явж ирлээ. Магадгүй олонх нь “хадны мангаа” гэж харах нь бий. Та бол ШХАБ-д элсэхийг дэмждэг хүмүүсийн нэг. Элсэхгүй байлаа гэхэд юу алдах, элслээ гэхэд юуг хожих вэ?
- 1992 оны Үндсэн хууль гараад хоёр жилийн дараа 1994 оны гадаад бодлогын үзэл баримтлал батлагдахад миний бие гардан хийж УИХ-аар батлуулсан. Ингэж хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах санаа анх гарч, гадаад бодлогын үзэл баримтлалыг байранд нь тавьсан. Хоёр дахь нь буюу Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн бол маш чухал. Өөрөөр хэлбэл, Монгол Улс Орос, Хятадын аль алиных нь холбоотон биш гэж хэлж байгаа хэрэг. Нутагтаа цэргийн бааз байгуулахгүй, гадны цэрэг дамжин өнгөрүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн энэ мессеж гуравдагч хөршид их ач холбогдолтой. Энэ бодлого 30 жил их аятайхан явж ирлээ.
Би Гадаад яаманд ажиллаж байхдаа ШХАБ-ын олон улсын хуралд Ерөнхий сайд, Ерөнхийлөгчтэй их олон удаа явсан. Нэг зүйлийг анзаарсан нь ШХАБ бол мэдээлэл олох маш чухал суваг. Хоёр хөрш, АНУ, Энэтхэг, Иран гээд найз нөхдөөс эхлээд заналт дайсны төлөөлөл бүгд тэнд явж байдаг. Гэтэл тэд биднээс тэнэг болохоороо ШХАБ-д элссэн хэрэг үү. Дипломатын ажил бол мэдээлэл олж авах дээр тогтдог. Энэ бол алтан дүрэм.Тагнуул, дипломат хоёр бараг ялгаагүй. Улс орны аюулгүй байдалтай холбоотой мэдээллийг ШХАБ-аас олдог. Үүнийг хүмүүс ойлгодоггүй. Мэдээлэлгүй бол ямар ч гадаад яам, мэргэжлийн дипломат байгаад нэмэргүй. Мартах хэрэгтэй. ШХАБ бол “хадны мангаа” биш жирийн л олон улсын байгууллага. Бидэнд ямар ч судалгаа алга. Судалж ч чадахгүй байна. Эцсийн эцэст Монголын эрх ашиг л чухал биз дээ.
Монгол Улс ажиглагчаар 20 гаруй жил явлаа. Сүүлдээ сэжиг төрүүлж хоёр хөршөөс эхлээд итгэл нь суларч мэдэх аюултай. ШХАБ ажиглагчдыг гол арга хэмжээндээ ч оруулдаггүй.
-Казахстанд төрийн эргэлт болж цэргийн хүчээр дарлаа. Ард түмэн тэсрэв үү, террорист ажиллагаа байв уу. Судлаачийн хувьд хэрхэн харсан бэ?
-Ганц Казахстан биш хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд бүгд удирдлагын /leadership problem/ асуудалтай. Чөлөөт сонгууль гэж байхгүй. Ах дүү хамаатан саднаараа бүх насаараа хэмжээлшгүй эрх мэдэл, хөрөнгөтэй байхыг хүсдэг. Дундад зууны отог, омгийн системдээ баригдчихсан. Назарбаев, Путинаас эхлээд бүх насаараа эрх мэдэлтэй байхыг хүсдэг тогтолцоо. Ард түмний дэмжлэггүй ч их гүрнүүдийн хүч нөлөөгөөр үе дамжсан диктатур тогтоож байна. Үүнээс болж хөгжиж байгаа орнууд хөл дээрээ босч чадахгүй, улс орноо удирдаж сурахгүй байна. Хүний эрх, шударга сонгууль, хууль дээдлэх зарчим алга. Энэ мэт олон жишээнээс Монгол Улс сургамж авах хэрэгтэй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ Хоёрдугаар САРЫН 17. ПҮРЭВ ГАРАГ. № 35 (6767)