Б.Элбэгзаяа: Хос бичигтэн болоход зориулсан сургалтын нэгдсэн хөтөлбөр гаргах хэрэгтэй

2022-02-14
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Б.БЯМБАЖАРГАЛ

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаад “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяаг урилаа.

 

Монгол бичиг Монголчуудын сэтгэлгээний илэрхийлэл

Блиц:

Боловсрол: Монгол хэл, уран зохиол судлаач-багш, монгол судлаач

Судалгааны чиглэл: Хэл шинжлэл, монгол хэл бичгийн түүх, монгол гар бичмэл эхийн судалгаа

Судалгаа, бүтээл:  Монгол бичгийг сэргээсэн түүхээр “Монгол бичиг-20 жилийн товчоон” /2004/,

“Монгол бичиг-30 жилийн товчоон” /2014/ ном.

Ажлын туршлага: “Хүмүүн бичиг” сонины сурвалжлагч, ХНБД, сонины эрхлэгчээр тасралтгүй 25 жил ажиллаж, монгол хэл, монгол бичгийн багшийн ажил эрхэлж байна.

-Монголчууд түүхэн цаг хугацааны явцад 10 гаруй бичиг, үсэг хэрэглэж ирсэн. Эдгээр нь одоо түүхэн бичиг болж үлдсэн.           

Гэвч 1000 гаруй жилийн түүхэн замнал, төрийн бичиг болоод 800 гаруй жилийг туулсан монгол бичиг өнөөдрийг хүртэл мартагдаагүй.

2025 онд хос бичиг болох гэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангиас ахлах анги дүүргэтэл сурагчдад зааж байна. Үндэсний бичиг учраас өнөөг хүртэл хамгаалан ирсэн түүхтэй. Эх бичиг бол тусгаар тогтнолын хамгаалагч. Улс, үндэстэн тусгаар оршихын үндэс нь өөрсдийнхөө сэтгэхүйгээр ярьж бичихэд оршино. Оюун санаа, хэлний хувьд улсаараа нэгдмэл харин бусдаас ялгарах ондоошилтой байх нь үндэстний тусгаар тогтнолын хамгаалалт болдог. Монгол гэдэг нүүдэлчин үндэстэн хэрхэн сэтгэж ярьдаг, өгүүлбэрийн бүтэц, үйл нэр үг хаана байрладаг, тухайн үгийг яагаад тэгж нэрлэсэн гэдэг нь үндэстний оюуны ондоошил юм. Тодруулбал, суу гэдэг үгийг кириллээр бичээд харахад үндэстний онцлог, сэтгэлгээ харагдахгүй. Хүүхдүүдэд “суудал” үгийн язгуур “суу”, “суу” билгийн “суу” ялгаагүй харагдана. Харин үндэсний бичгээр бичихэд сандал, суудал, сууц адилхан “са” язгууртай. Хүн биеэ амрааж доош болгох гэсэн ерөнхий хийсвэр сэтгэлгээг монгол хүн “са” язгуурт багтаасан байгаа юм. Энэ сэтгэлгээг хадгалж байгаа бичиг бол жинхэнэ үндэсний бичиг. Түүнчлэн монгол бичгийн гол онцлог нь монгол туургатнаа бичгээрээ нэгтгэдэгт оршино. Өөрөөр хэлбэл, тусгаар тогтнолыг хэл, аялгуугаар нь зангидаж баталж ялгаруулж байгаа юм. Тэгэхээр тусгаар улсаа хамгаалъя гэвэл үндэснийхээ хэлийг, язгуур сэтгэлгээгээ хадгалах ёстой. Монгол бичгээр төрийн хэргээ хөтөлж хос бичигтэн болох нь оюун санааны хувьд бие даасан улс гэдгээ баталж харуулах, цаашид үндэсний сэтгэлгээгээ хадгалахын үндэс юм. Тэгэхээр үндэсний бичгээ хамгаалж авч үлдэхийн тулд өнөөгийн ардчилсан, зах зээлийн нийгэмд үндсэн хууль мэт үйлчилдэг эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар явах нь зүйтэй. Харин төр эрэлтийг үүсгэх хэрэгтэй. Энэ нь 2025 оноос хос бичигтэн болох хууль юм.

 

Үндэсний өв соёлын ай савын гол бүрэлдэхүүн нь Монгол бичиг

 

-Монгол бичиг бол монголчуудын эртнээс эдүгээ хүртэл хэрэглэж ирсэн 10 гаруй зүйлийн бичиг үсгийн дотроос улс, үндсээрээ овоглосон цор ганц бичиг. Улсаараа овоглосон энэ бичгийн бичих журам нь дээрээс доош чиглэлтэй босоо хэлбэртэй. Хэлбэр, чиглэлийн хувьд өвөрмөц. Тэгэхээр монгол бичиг бол нүүдэлчин үндэсний сэтгэлгээ, соёл иргэншил, үндэстний өөрийнх нь түүхэн замнал, оюуны соёлын ай савын гол бүрэлдэхүүн хэсэг мөн. Монгол бичгийн хэрэглээг албан ба албан бус гэж тодорхойлж болно. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн гурван өндөрлөг гадаад орны адилтгах тушаалын хүмүүстэй харилцахдаа албан бичгээ монгол бичгээр явуулдаг. Түүнчлэн төрийн байгууллагуудын тамга, гэрлэлтийн баталгаа, төрсний гэрчилгээ, бүх шатны боловсролын байгууллагын гэрчилгээ, дипломыг монгол бичгээр хөтөлдөг. Монгол Улсын ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн удирдсан Засгийн газар 2020 онд монгол бичгийн үндэсний шинэ гуравдугаар хөтөлбөрийг батлан 2024 он хүртэл төрийн албан хэргийг монгол бичгээр хөтлөх бэлтгэлийг хангах хөтөлбөр баталсан. Энэ нь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг хангах хөтөлбөр юм. Хөтөлбөр батлагдснаар монгол бичгийн албан хэрэглээ зохих хэмжээгээр нэмэгдсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагууд зохих түвшинд монгол бичгээр мэдээ, нийтлэл гарган ажиллаж байна. Тухайлбал, “Хүмүүн бичиг” сонин 1992 онд анхны дугаараа үндэсний бичгээрээ хөтлөн гаргаснаас хойш хагас жарны түүхийг үдлээ. Энэ түүхэн хугацаанд 1280 дугаар гаргасан байна. Түүнчлэн “Зууны мэдээ” сонин 2021 оноос эхлээд амралт, чөлөөт цагийн нүүрэндээ Монгол бичгийн тогтмол булан явуулж эхэлсэн. Мөн 10 гаруй сонин, сэтгүүл, сайт, телевиз мэдээ, материалаа монгол бичгээр хөтлөн явуулдаг гэсэн судалгааны дүн бий. Харин албан бус хэрэглээний тухайд дурдвал бараа бүтээгдэхүүний хаяг шошго, ААН, байгууллагуудын танилцуулга, тамга, тэмдэг, лого уран бичлэг зэрэг олон төрлөөр шийдлүүд нэвтэрч байна.

 

Хэл, бичгийг хуулиар зохицуулсан нь оновчтой шийдэл

 

-Манай улс 1985 онд монгол бичгийг сэргээж дунд сургуулиас эхлэн туршилтаар зааж эхлэх шийдвэр гаргаж байсан. Энэ хугацаанд шийдвэр, зохицуулалт олон солигдож сурагчдад харилцан адилгүй хугацаанд монгол бичгийг заасан юм. Бичиг үсэгтэй холбоотой зохицуулалт олон жил алдаа, оноотой явж ирсэн. Тууштай биш. Ингээд 2015 онд Монгол Улс үндэсний бичиг үсгийн сургалт, хэрэглээ, өвлөх, хөгжүүлэх, хамгаалах асуудлыг хуулиар шийдэхгүй бол болохгүй гэдэг дүгнэлтэд хүрч баталсан. Ингэснээр Монгол хэлний тухай хуульд Монгол Улс 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс үндэснийхээ бичгийг төрийн хэрэгт албан ёсоор хэрэглэхийг тодорхой зааж өгсөн байгаа юм.  Хөндлөн бичигтэйгээ хамт хэрэглэнэ. Аль нэг бичгийг эрэмбэлэхгүйгээр хамт хэрэглэнэ гэсэн заалт бий. Гэхдээ тодорхой бэлтгэл хангасны үндсэн дээр гэж заасан.

Хуулинд заасан хугацаа хүртэл бэлтгэх хангах зорилгоор бүх шатны төрийн байгууллага албан бичгээ монгол бичгээр хөтлөх шаардлага байхгүй буюу бэлтгэлийг хэрхэн хангахыг заагаагүй. Тиймээс бэлтгэл хангах хангалттай хугацааг үр ашиггүй өнгөрөөчихсөн. Тодорхой бэлтгэл хангасны үндсэн дээр гэж зааж өгсөн ч одоогийн байдлаар бэлтгэл сайн хангагдаагүй байна. Хууль батлагдснаас хойш хос бичигтэн болох бэлтгэлийг хангах асар их хугацаа байсан. Одоо гуравхан жил үлдэж. 2025 ондоо бэлтгэх хөтөлбөрийг гаргах талаар монгол бичгийн багш зүтгэлтэн хүний хувьд 2015 онд хууль батлагдсанаас хойш Засгийн газар, үе үеийн боловсролын сайдад зохих шаардлага, хүсэлтийг тавьж ирсэн. Дээр дурдсан У.Хүрэлсүх сайдын үед батлагдсан хөтөлбөр ажил хэрэг болоогүй байхдаа бүтэц, бүрэлдэхүүн, комисс өөрчлөгдсөн. Ингэж явсаар 2021 оны сүүлчээр ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өөрчилж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ахалж хуралдсан. Одоогийн байдлаар ажил жигдрэх шатандаа явж байна.

 

“Төрийн албан хаагчдын 50 гаруй хувь нь хос бичигтэн болоход бэлэн”

 

Үндэсний статистикийн хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран төрийн албан хаагчдын дунд монгол бичгийн мэдлэг тодорхойлох судалгаа авсан. “Та 2025 оноос монгол бичгийг хослуулан хэрэглэхэд бэлэн байна уу” гэсэн асуултад улсын дүнгээр 50 гаруй хувь нь бэлэн гэж хариулсан. Үлдсэн 40 гаруй хувь нь бэлэн биш гэж хариулсан байгаа юм. Бэлэн биш гэж хариулсан хүмүүсийн ихэнх хувь нь 50-аас дээш насны төрийн албан хаагч байна. Эдгээр хүмүүсийн буруу биш. Боловсролын сургалтын тогтолцоо, туйлбаргүй шийдвэрээс үүдэлтэй. Тухайн үед монгол бичгийн хичээлийг өнөөгийнх шиг заагаагүй үе. Энэ бүрэлдэхүүн хэсгийг гурван жилийн хугацаанд бэлэн болгох шаардлагатай. Төрийн байгууллагууд бэлэн биш байгаа албан хаагчдадаа тэргүүн ээлжинд эрчимтэйгээр хос бичигтэн болоход зориулсан монгол бичгийн сургалтын нэгдсэн хөтөлбөр гаргах хэрэгтэй. Хөтөлбөрт төрийн албан хаагчдад шаардлагатай ур чадвар, компьютерт монгол бичгээр бичих, өргөн хэрэглээний үгсийг хөрвүүлэх, саадгүй унших, цахимаар мэдээллээ оруулдаг болгох тодорхой түвшний мэдлэг олгох нэгдсэн хөтөлбөр шаардлагатай байна. Энэ нь илүү үр дүнтэй, цэгцтэй.

 

Төр бодитоор, бодлогоор дэмжих хэрэгтэй

 

-Төрөөс бодлогоор дэмжих ёстой. Хуулиар хориглоогүй аливаа зүйлийн цаана болно гэсэн ойлголт байдаг гэж ярьдаг. Өнөөдөр улс нийтээр 2025 оноос хос бичигтэй болохыг мэдэж байгаа л бол 2025 оныг заавал хүлээх шаардлагагүй гэж харж байна. Хуульд 2025 оноос өмнө төрийн албан бичгийг монгол бичгээр бичиж болохгүй гэж заагаагүй учир албан байгууллагууд урьтан бэлтгэлээ хангаж болно. Жишээ нь, Говь-Алтай аймгийн ИТХ санаачилга гарган бүх албан хэргээ хосоор явж 2025 оны бэлтгэлээ хангаж эхэлсэн байна. Монгол бичгийг хэрэглэх санаачилга гаргахыг хориглоогүй. Харин төр эдгээр зөв санаачлагыг дэмжих хэрэгтэй. Түүнчлэн албан бус хэрэглээнд бодитойгоор бодлогоор дэмжих нь чухал. Дээр дурдсан сонин хэвлэлүүд нүүр булан гаргаж монгол бичгийн хэрэглээ, соёлд санаачлага гарган ажиллахыг дэмжих хэрэгтэй. Үйл ажиллагаа явуулж буй бүх албан байгууллагууд татвар төлж байгаа. Үүнтэй уялдуулан дэмжих нь зүйтэй. ААН-үүд өөрсдийн санаачлагаар монгол бичгийг хэрэглээндээ нэвтрүүлбэл татварын тодорхой хувиар хөнгөлөх зэрэг төрөл бүрээр дэмжлэг үзүүлэх боломжтой. Мөн төрийн албан хаагчдын монгол бичгийн ур чадварын үнэлэн цалингийн урамшуулал дээр хувь нэмэгдүүлэх зэргээр монгол бичгийн нийтийн хэрэглээг нэмэгдүүлэхэд төр анхаарах шаардлагатай байна. Боломж нь ч бий.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ  ХОЁРДУГААР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 31, 32 (6763, 6764)

Британийн цэргийн албан хаагчид армиас бөөнөөрөө гарч байна

Их Британийн цэргүүд цалингаа дээд зэргээр нэмэгдүүлсэн ч зэвсэгт

11 цаг 27 мин
2025 онд Бразил дахь БРИКС-ийн лого нь сумаума хөвөн мод байх болно

Бразилийн эрх баригчид БРИКС-ийн логог нийтэлсэн бөгөөд тус улс 2025 онд т

12 цаг 3 мин
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

2024-12-20
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

2024-12-20
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

2024-12-20
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

2024-12-20
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

2024-12-20
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

2024-12-20