Ч.ГАНТУЛГА
Энэ удаагийн дугаарын зочноор уран нугараач О.Цэцэглэнг урилаа. Тэрбээр таван настайгаасаа уран нугарч, дэлхийн циркчдийн мөрөөдөл болсон Монте Карлогийн фестивалиас “Хүрэл цом”-ыг авчирсан анхны монгол нугараач юм.
-Таван настай жаахан охины сэтгэлийг уран нугаралт татсан гэхэд сонин юм шүү. Магадгүй зурсан зураг, төөрөг гэдэг л тэр байх даа?
-Анх зурагт үзэж байгаад сувгаа сольтол үнэхээр үзэсгэлэнтэй, гялгар хувцастай хоёр эмэгтэй нугарч байгааг харсан. Уян хатан хөдөлж байгааг нь дуурайн хөлөө мөрөн дээгүүрээ гаргатал чадаж байсан. Үүнээсээ урам авсан даа.
-Таныг багадаа их даруухан охин байсан гэдэг юм билээ. Уран нугаралтаас өөр юу сонирхдог байв?
-Математикийн хичээлд их дуртай, сонирхолтой хүүхэд байлаа. Миний үндсэн мэргэжил нягтлан бодогч. “Мандах бүртгэл” сургуулийг төгссөн. Ер нь уран нугаралт болон мэргэжлээ өөрийнхөө хүүхэд байхаас хүссэн сонирхлоороо сонгосон шүү.
-Таны хүүхэд нас хичээл, бэлтгэл гээд завгүй өнгөрсөн бололтой?
-Би их олон зүйлд өөрийгөө сорьдог хүүхэд байсан. Уран нугаралтаас гадна Монголын хүүхдийн ордонд бүжгийн дугуйланд явдаг байлаа. Намайг 12 настай байхад Хүүхдийн ордны сурагчид Францад фестивальд оролцсон юм. Миний хувьд бүжиглэхээс гадна уран нугарсан. Их олуулаа явсан учир үнэхээр гоё дурсамж бүтээж чадсан. Францаас ирэхдээ божин бор болчихсон байж билээ.
-Уран нугаралтыг мэргэжлийн түвшинд хэзээнээс сурч эхэлсэн бэ. Таны суурийг тавьсан багш гэвэл та хэнийг онцлох вэ?
-Найман настайгаасаа мэргэжлийн багштай хичээллэж эхэлсэн. Миний анхны багш н.Цэсэнхүү гээд хүн бий. Анх гимнастикийн багш байгаад уран нугаралт заадаг болсон. Багш маань бидэнд бэлтгэлээ хиймээргүй санагдсан ч өөрийгөө хүчлээд заавал хийж байгаарай гэж захидаг байсан. Энэ нь өөрийгөө ялан дийлэх, өөрийгөө дайчилж сурахад их нөлөөлсөн.
-Хэдэн настай байхдаа анх мэргэжлийн тайзан дээр гарч байв?
-Есөн настайдаа анх том тайзан дээр гарч үзсэн. Тухайн үед үнэхээр сандарч байсан. Заримдаа сандарснаасаа болоод үзүүлбэрийнхээ талыг мартах, төгсгөлийг нь хийхгүй буух үе олон байсан.
-Таныг анх Үндэсний урлагийн их театрт нугардаг байхаас тань мэдэх юм байна. Энэ байгууллагад чамгүй олон жил ажилласан байх шүү?
-Анх 2009 онд гэрээт жүжигчнээр орсон. Үүнээс ч өмнө Цэсэнхүү багш дээрээ хичээллэж байхдаа би чуулгын өрөөнд бэлтгэлээ хийдэг байсан юм. Мөн зун жуулчны тоглолтод оролцоно. Театртаа 2017 он хүртэл ажилласан. Тухайн үед чуулгад надаас өөр уран нугараач байгаагүй учир ганцаараа үзүүлбэр үзүүлдэг байлаа.
-Та циркчдийн мөрөөдөл Монте Карлогийн тайзан дээр үзүүлбэр үзүүлсэн. Тухайн үеийн мэдрэмжээ эргээд хуваалцаач?
-Миний хувьд энэ тайзан дээр гарсан анхны монгол хүн бол биш. Өмнө нь 1987 онд манай улсаас хоёр уран нугараач оролцоод “Мөнгөн алиалагч” гэсэн цом хүртэж байсан юм билээ. Үүнээс хойш 1990 онд оролцсон баг тусгай байрын шагнал авсан гэдэг. Харин бидний хувьд есөн охин 2010 онд оролцоод “Хүрэл цом”-ыг эх орондоо авчирсан. Энэ тайз бол циркчин хүнд тэр бүр олдоод байдаггүй хувь тохиол. Учир тэр тайзан дээр гишгээд, үзүүлбэрээ үзүүлэх нь л өөрөө нэр төрийн хэрэг юм. Би одоо ч энэ фестивальд оролцсондоо үргэлж, талархаж, баярлаж явдаг.
-Монгол нугараачдын үзүүлбэрийг гадныхан хэрхэн хүлээж авдаг вэ?
-Их сониучирхаж хүлээж авдаг шүү. Азиуд бол уулга алдаад л, сэтгэлийн хөдөлгөөнөө шууд илэрхийлчихдэг. Зарим нь бүр хүн мөн юм уу гээд бие барьж үзэх тохиолдол ч гарч байсан. Харин европуудын хувьд цирк нь хангалттай хөгжчихсөн учир бидний мэргэжлийн хүнд, хэцүүг сайн ойлгож, үнэлж хүлээж авдаг. Учир нь тайзан дээр тавхан минутын үзүүлбэр үзүүлэхийн тулд тухайн уран бүтээлч насаараа хөдөлмөрлөсөн байдаг. Үүнийг мэдэж, уран бүтээлчидтэй илүү хүндэтгэлтэйгээр харьцаж, алга ташдаг .
-Европын циркчдийн хувьд биднээс ялгаатай, давуу талыг нь та хэрхэн харж байна?
-Гадны циркчид сэтгэлзүйгээрээ их ялгаатай. Тэд би циркчин болоод, ийм үзүүлбэр хийгээд, үүгээрээ л амьдарна гэсэн бодол дээрээ бат зогсдог. Нэг үзүүлбэр гаргахын тулд их удаан хөдөлмөрлөдөг. Энэ нь ч өөрсдийнх нь брэнд болоод насаар нь тэжээх жишээтэй. Харин манай циркчдийн хувьд ахархан хугацаанд богинохон олон үзүүлбэрийг хийдэг.
-Европын том том компаниуд манай улстай зүйрлэхээргүй хангамж сайн байдаг байх?
-Гадны компаниуд тухайн уран бүтээлчийн амьдралын бүхий л хэрэгцээг хангадаг. Багшаас гадна үзүүлбэрүүдийг нь тавих дасгалжуулагч хүртэл бий. Мөн циркчнийхээ аюулгүй байдалд их анхаардаг. Бид чинь өөрсдөө ноймроо гаргана, хувцсаа хийнэ, нүүрээ будна, бүхнийг өөрсдөө л зохицуулдаг байлаа. Харин Европын орнуудад энэ бүгдийг нэг нэг хүн л хариуцдаг учир тухайн нугараач маань зөвхөн уран бүтээлдээ л анхаарлаа хандуулдаг.
-Ер нь Монголд уран нугаралтаа хийгээд хангалттай амьдрах боломж байна уу?
-Монголд уран нугараад амьдарна гэдэг тун хэцүү. Учир нь зах зээл нь жижигхэн. Үндэсний урлагийн их театр, “Түмэн эх” чуулга гэсэн хоёр л мэргэжлийн байгууллагатай. Эдгээр байгууллага нь орон тооны хувьд цөөхөн. Тэгэхээр манай нугараачдад ажлын байр, зах зээл байхгүй учир гадны орныг зорьдог. Өндөр хөгжилтэй оронд хүмүүс ажлаа тараад заавал нэг тоглолт, концерт үзчихээд гэртээ харих жишээтэй. Энэ хэрэгцээг нь дагаад уран бүтээлчдийнх нь цалин, үнэлэмж өндөр л дөө. Монголд нугардаг байхдаа зун жуулчны тоглолтод, цагаан сар, улсын наадам болоход ганц нэг тоглолтод л нугардаг байлаа. Циркийн урлаг өөрөө их зардалтай. Гадаадад болдог шиг том шоу хийе гэвэл орлогоосоо илүү өндөр зардал гарчих гээд байдаг нь хэцүү.
-Таны хувьд бас энэ шалтгааны улмаас л гадагшаа гарч байв уу?
-Би анх 10 гаруй жил Монголдоо нугарсан. Шанд нь надад цуглуулсан мөнгө, карьер ч байгаагүй. Уг нь би эх орондоо байхдаа хоёр ч тоглолт хийсэн. Гэсэн ч хүссэн хэмжээнд минь хүртэл хүн үзээгүй л дээ. Тухайн үед би манай улсад энэ урлагийг ойлгох болоогүй байгаа юм байна. Үзэгчид ойлгохгүй байхад би хүчлэх шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон. Тиймээс үнэлдэг газар нь очиж ажиллая гэж шийдээд Европыг зорьж байлаа. Манай нугараачдын хувьд ихэнх нь гадны оронд уран бүтээлээ хийж байна. Миний хувьд эх орондоо театрт ажилладаг, тоглолтод оролцдог байсан учир хараахан явчихаж чадахгүй их удсан санагддаг. Эцэст нь бууж өгөөд бусад нугараачдынхаа жишгээр АНУ-д амьдрахаар шийдсэн.
-АНУ-д очоод нугарахад монгол уран нугаралт бусдаас ямар онцлогтой санагдаж байв?
-Монгол уран нугаралт өөртөө монгол хэв маягийг шингээчихсэн байдаг. Өөрсдийн техниктэй. Монгол эмэгтэйн гоо үзэсгэлэнг харуулахдаа хэтэрхий задгай биш байдлаар илэрхийлдэг. Энгийн үзэгчид ялгаж чадахгүй ч мэргэжлийнхэн үзүүлбэр хараад л энэ бол монгол уран нугаралт гээд таньчихдаг гэх юм уу даа.
-Таны хувьд амьтадтай хамт нугарч байсан. Могойтой нугарахад ямар байсан бэ?
-Миний тайлан тоглолтын нэр “Могойн чуулган” байсан. Тиймээс амьд могой гаргаж ирэхээр шийдсэн. Би уран бүтээлчийнхээ хувьд үргэлж шинийг илэрхийлэхийг хичээдэг. Тиймээс аливаад өөрийгөө сорьж, өмнө нь хэний ч хийж байгаагүй, шинэ үзүүлбэрээр үзэгчдэд бэлэг барихыг хүссэн юм. Намайг анх уран нугаралтын тайлан тоглолт хийнэ гэхэд уран бүтээлч найзууд маань их гайхаж байсан. Чи тэгээд олон ширээ эгнүүлж тавьж байгаад өөрийгөө зарлах юм уу гээд инээж билээ. Харин тоглолт үзэж гарч ирээд баяр хүргэж байсан. Үзсэн хүмүүс их өндөр сэтгэл ханамжтай буцсан шүү.
-Шантрах үе бишгүй л байсан байх даа?
-2018 онд Германд том театртай гэрээ хийсэн юм. Гэтэл хүзүү минь бэртчихсэн. Өдөр бүр тоглолттой байдаг. Үнэндээ шүд зуугаад л тайзан дээр гарч байсан. Учир нь тэнд ганцхан О.Цэцэглэн гэсэн миний нэр гарахгүй. Цаашлаад монгол гээд эх орны минь гарна л гэж бодсон. Мөн надаас болоод тэр том театрын, уран бүтээлчдийн төлөвлөгөө тасрах ёсгүй.
-Одоогоор та уран бүтээлээс түр хөндийрчихсөн. Уран нугаралтгүй амьдрах ямар санагдаж байна?
-Эрүүл мэнддээ анхаараад биеэ жаахан амраая гэж шийдээд эх орондоо ирсэн. Гэхдээ би хэзээ ч уран нугаралтыг орхиж чадахгүй юм билээ. Бид багаасаа нугарч эхэлдэг. Тэнцвэр, хүч, уян хатан байдлын нэг нь л байхгүй бол тэр хүнийг нугараач гэж хэлж болохгүй. Мөнхийн бэлтгэлтэй байсан бие түүнийгээ байнга нэхээд байдаг. Энэ урлаг тэр чигээрээ биед минь суучихсан учир орхиё гэж бодогдохгүй байна. Нас өндөр болсон үедээ ч өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнөө байнга хийнэ гэж бодож байгаа.
-Та ээж болсон. Амаржчихаад нугарахад бэрхшээл тулгарсан уу?
-Би хөл хүнд байхдаа тэмцээнд оролцохоор шийдсэн. Төрчихөөд гурван сартай байхдаа ОХУ руу явсан юм. Үүний тулд амаржаад сарын дараанаас бэлтгэлдээ орж байлаа. Давхар биетэй болохоосоо өмнө хийж байсан үзүүлбэрээ төрснийхөө дараа хийхэд их хэцүү байсан. Ямар ч байсан тэр үеийг давж чадсандаа баярладаг шүү.
-Таны охин бас нугарах авьяастай юм билээ?
-Ээж нь байнга хажууд нь бэлтгэл хийдэг учир миний охин нугарах сонирхолтой. Мөн би гадагшаа явах бүртээ охиноо дагуулаад явдаг. Гэхдээ уран нугараач болоосой гэж хүсэхгүй байна. Би өөрийн биеэр зовлон жаргалыг нь мэддэг учир охиндоо зөвхөн сайн сайхныг л хүсч байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 21. БААСАН ГАРАГ. № 16 (6748)