Б.СОЛОНГО
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг. Энэ удаа Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдавааг урьж, “Төрийн их өгөгдөл” төслийн талаар ярилцлаа.
БОГИНО ДАВТАМЖ, ОЛОН ҮЗҮҮЛЭЛТИЙГ ЦАГ ҮЕ ШААРДАЖ БАЙНА
БЛИЦ
Батмөнх БАТДАВАА
Боловсрол, мэргэжил:
-2019 оны 9-р сар Chartered Financial Analyst (CFA) Charterholder
-2011-2012 Люксембург, Люксембургийн Их Сургууль, Люксембургийн санхүүгийн сургууль, Банк, санхүүгийн шинжлэх ухааны магистр
-2002-2007 Хятад, Тайвань, Минг Чуаны Их Сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр
Ажлын туршлага
-2019-2021 Монголбанк, Судалгаа, статистикийн газрын захирал
-2016-2017 Монголбанк, Зах зээлийн газрын захирал
-2016-2016 Монголбанк, Зах зээлийн газрын Гадаад валютын улсын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал
-2013-2016 Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Төлбөрийн тэнцлийн судалгаа, статистикийн хэлтсийн захирал
-2011-2013 Монголбанк, Валют, эдийн засгийн газрын Санхүүгийн зах зээлийн хэлтсийн ахлах дилер
-2008-2011 Монголбанк, Валютын газрын эдийн засагч, дилер
-2007-2008 Монголбанк, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын нягтлан бодогч, эдийн засагч
-Статистик гэдэг бол энгийнээр хэлэхэд тухайн цаг үеийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны байдлыг баримтжуулж тоон мэдээллээр түүхчилж үлдээж байгаа хэлбэр гэж ойлгож болно.
Мөн аливаа бодлого шийдвэр гаргахдаа судалгааны суурь өгөгдөл болж байна.Манай улсын статистикийн систем олон улсад дээгүүр байрт ордог. Өнгөрсөн онд манай статистикийн үйл ажиллагаа “ОDIN” буюу Олон улсын статистикийн мэдээллийн нээлттэй ил тод байдал, чанарыг үнэлдэг байгууллагын үнэлгээгээр Монгол Улс дэлхийд есдүгээр байрт, Зүүн хойд Азид нэгдүгээр байрт орсон. Одоо бид цаашид яах ёстой вэ, цаг үе, хөгжил биднээс юу шаардаж байгаа вэ гэдгээ тодорхой болгож байна. Өнөөдрийн байдлаар статистик мэдээлэл хоёр эх үүсвэрээс гарч байгаа. Үндэсний статистикийн хорооны өөрийн тооллого, түүвэр судалгаанууд, мөн яам, агентлагуудаас авдаг тоон мэдээллүүд байдаг. Эдгээр мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийж боловсруулахад бас багагүй хугацааг зарцуулж байна. Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа гэхэд гурван сарын турш судалгаагаа хийгээд хоёр сарын дараа боловсруулалт нь дуусах жишээний. Өөрөөр хэлбэл, зургадугаар сарын мэдээллийг наймдугаар сард зарладаг гэсэн үг. Харин одоо нийгэм эдийн засгийн хөгжил маш хурдацтай болж байна. Мэдээллийн чанараас гадна цаг хугацааны алдагдалгүй шуурхай байх нь их чухал болж байна. Мөн дата мэдээлэл задаргаатай, нарийвчилсан байж түүнд үндэслэх бодлого шийдвэр оновчтой гардаг болно. Тухайлбал, одоо ажилгүйдлийн төвшин 8.4 хувь байна гэж тооцоолж байна. Тэгвэл яг аль салбарт ажилгүйдэл их байна гэх зэргээр нарийвчилсан үзүүлэлтүүдийг шуурхай гаргадаг болох хэрэгтэй байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын даргын санаачлагаар “Төрийн их өгөгдөл” төслийг Үндэсний статистикийн хорооноос хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.
Энэ төсөл нь төрийн байгууллагуудад цугларч байгаа мэдээллүүдийг нэгтгэж, хооронд нь холбоод богино хугацааны давтамжтайгаар, олон үзүүлэлтээр боловсруулан мэдээллийн сан үүсгэж бодлого боловсруулагчид болон бизнесийнхэн, иргэдэд мэдээлэх зорилготой. Одоогийнхоос илүү цахимжсан, дата буюу өгөгдлийн шинжилгээнд суурилсан байдлаар хөгжүүлэхээр зорьж байгаа. Дэлхийн статистикийн салбарын хөгжил ч энэ чиглэлд явж байна. Манай улсад тооллого, түүвэр судалгааны арга болон төрийн байгууллагуудаас мэдээлэл цуглуулах гэсэн хоёр аргаар статистик мэдээллийг боловсруулж байгааг түрүүнд хэлсэн. Эдгээр мэдээллүүдийг хооронд нь холбож, нарийвчлан задлах, дээрээс нь шинэ технологи ашиглан илүү хурдтай, цаг хугацааны алдагдалгүй мэдээлэх байдлаар хөгжиж байгаа гурав дахь чиг хандлага руу бид орох гэж байна гэсэн үг.
БОДЛОГО, ШИЙДВЭРҮҮД ИЛҮҮ ОНОВЧТОЙ, ЗӨВ ГАРДАГ БОЛНО
-Төр, захиргааны байгууллагуудаас Үндэсний статистикийн хорооноос баталсан маягтын дагуу тоон мэдээллүүдээ илгээдэг. Тэгвэл “Төрийн их өгөгдөл” төслийг хэрэгжүүлж, мэдээллийн сангуудыг нэгтгэснээр одоогийнхоос ямар ялгаатай үр дүн гарах вэ гэж асуух байх. Байгууллагуудаас одоо ирж байгаа мэдээллүүд бол ерөнхий байдлаар ирж байгаа. Жишээ авахад Нийгмийн халамжаас гэхэд өнөөдрийн байдлаар 2.3 сая хүн халамж авч байна, үүний 1.2 сая нь хүүхэд, 100 гаруй мянга нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн тоо ирж байгаа. Тэгвэл “Төрийн их өгөгдөл”-д оруулаад бусад салбарынх нь мэдээлэлтэй холбочихоор халамж авч байгаа хөгжлийн бэрхшээлтэй 100 мянган хүний боловсрол, эрүүл мэнд нь ямар байгаа юм, орлого нь хэр байна, ажил хөдөлмөр эрхэлж байна уу, амьдралын нөхцөл нь ямар байна гэх мэт тус тусдаа байсан мэдээллүүдийг нэг дороос авах боломжтой болно.
Мөн нэг жишээ дурьдахад Засгийн газраас орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьж байна. Тэгвэл тэр хөтөлбөрт оролцох боломжтой өрх хэд байна вэ. Хөтөлбөрийн шаардлага хангах дундаж цалинг шалгуур болгоод ийм хэмжээний цалинтай тэдэн өрх байна гээд тодорхойлох нэг хэрэг. Тэгвэл тэр өрхүүд цалингийнхаа хэдэн хувийг амьдралынхаа наад захын хэрэглээнд төлж байна, зээлэнд өгч байна гэсэн бүрэн зураглал байхгүй байгаа учраас хэрэгжих шатандаа очоод унах эрсдэлтэй. Цалингийн шалгуурыг нь хангаад байгаа хэрнээ зээл авах болоход орлого нь хүрэхээ больчихдог. Олон хэлэлцүүлэг хийж хийж 100 мянган өрхөд ч юм уу чиглэсэн нэг бодлого, хөтөлбөр боловсруулахад өнөөх нь үнэн хэрэгтээ мянган өрхөд л хэрэгжих боломжтой байвал яах вэ. Тэгэхээр “Төрийн их өгөгдөл” систем бол бүрэн зураглалаар нь дата мэдээллийг гаргаж өгөх учраас хэрэгжилтийн шатанд унаад байгаа хөтөлбөр, бодлого, шийдвэрүүдийг үр дүнтэй, зөв, ухаалаг гаргахад том гарц, суурь мэдээллийн сан нь болно. Улмаар НҮБ-аас тунхагласан Тогтвортой хөгжлийн зорилтын дагуу “Хөгжлөөс хэнийг ч орхихгүй” гэсэн зорилго, иргэн бүртээ хүрсэн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлж чадна гэсэн үг. Өгөгдлийг нарийвчилж, холбосноор төсвийг хэрхэн хэмнэж болохыг бид хийж үзсэн. А.Ариунзаяа сайдын санаачлагаар хийсэн хүнсний талоны ажлыг та бүхэн мэдэж байгаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны мэдээллийн сантай мэдээллээ холбоод нарийвчилсан боловсруулалт хийхэд хоёр байшинтай, машинтай гэх мэт зорилтот бус бүлгийн хүмүүс хүнсний талон авч байгаа нь илэрсэн. Тэгэхээр төрөөс хэрэгжүүлж байгаа бодлогуудыг зорилтот бүлэгт нь хүргэх, нөгөө талаас төсөв хэмнэх томоохон ач холбогдол оршиж байна. Аливаа бодлого шийдвэр гаргахад зөвхөн нэг дунджилсан тоо хардаг байсан бол илүү олон үзүүлэлтээр нарийвчлан харна гэсэн үг. Түүнээс гадна тухайн шийдвэр хэрэгжсэний дараа ямар үр дүн гарав гэдгийг бодитой үнэлэх боломжтой болно. Хүний эрх, нийгэм,эдийн засаг талаасаа ч гэсэн маш чухал төсөл болж, Статистикийн байгууллагын дараагийн хөгжлийн шат болно гэж харж байна. Зөвхөн манай улс ч биш дэлхийн улс орнууд энэ чиглэлд хөгжиж байгааг саяхан болсон НҮБ-ын дата форум дээр ярилцсан. Шинэ Зеланд, Швейцарь, Солонгос зэрэг улсууд энэ системд шилжсэнээ зарласан байна.
ТООН ӨГӨГДӨЛД СУУРИЛСАН ЭДИЙН ЗАСАГ
-Төслийг хэрэгжүүлэхэд хамгийн эхний санаа зовох зүйл бол байгууллагуудаас нэгтгэх мэдээллийн чанарын асуудал. Тиймээс Үндэсний статистикийн хорооноос олон улсын стандартыг мөрдүүлэх ажлыг хийх ёстой. Яваандаа мэдээллүүдийг нэгтгээд ирэхээр хаана нь алдаа гарч байгаа нь илрээд эхэлнэ. Тухай бүрт нь зөвлөмж өгч, сайжруулах ажлууд хийгдээд явах ёстой.
Мэдээллийн сан гэдэг нь зөвхөн мэдээлэл цуглуулах биш юм. Өгөгдлийн засаглал буюу дата засаглал гэж хөгжиж байгаа маш том салбар болж байна. Ямар ангилал, код, давтамжтайгаар, ямар нууцлалтайгаар мэдээллийг цуглуулах вэ гэх мэт тусдаа шинжлэх ухаан болоод хөгжиж байгаа салбар. Энэ салбарт манай улсын хэмжээнд хамгийн туршлагатай байгууллага нь Үндэсний статстикийн хороо гэж хэлж болно.
“Төрийн их өгөгдөл” төсөл бол урт хугацааны ажил боловч ач холбогдол өндөр. Одоогоор бид төрийн байгууллагуудтай уулзаж санал солилцох хэмжээнд ажиллаж байна. Цаг үе нь болсон, хамтраад нэгдсэн мэдээллийн сантай болох, цэгцлэх, төрөөс гарч байгаа шийдвэр хүндээ хүрэх ёстой гэдэг дээр бүгд санал нэгдээд явж байна. Төсөл хэрэгжээд эхлэхээр дараагийн том асуудал нь нууцлал болно. Энэ бол нэн түрүүнд маш сайн зохицуулалттай байх ёстой асуудал. Тэгэхээр хэн ямар байдлаар их өгөгдлийг ашиглах тохиргоог хуулийн дагуу сайн хийж өгөх ёстой. Бидний зүгээс аж ахуйн нэгж болон иргэдэд нээлттэй ашиглуулах боломжтой байдлаар хийхээр зорьж байна. Зөвхөн төр шийдвэр гаргах түвшинд гэлтгүй шинэ компани байгуулах гэж байгаа хүн салбараа, зах зээлээ, бизнесийн орчноо судлах боломжтой байхаар хийж болно.
Дараагийн чухал асуудал бол хүний нөөц. Одоогийнх шиг сар, улирлын давтамжтайгаар мэдээлэл цуглуулж байгаа нөхцөлд бол хүний нөөцийн байдал болж байна. Харин их өгөгдөл болоод ирэхээр боловсон хүчний асуудал гарч ирнэ. Энэ бол зөвхөн Үндэсний статистикийн хорооны асуудал биш. Монгол Улсын хэмжээнд мэдээллийн технологийн болон өгөгдлийн шинжээчдийн мэргэжилтнүүд дутмаг байгаа. Цаашид хөгжлийн бодлогоор мэргэжилтнүүдийг бэлтгэх асуудлыг авч үзэхгүй бол дэлхийн чиг хандлага өгөгдөл дээр суурилсан эдийн засагт хэдийнэ орчихлоо. “Тesla” компанийн зах зээлийн үнэлгээ нь өнгөрсөн долоо хоногт нэг их наяд ам.долларт хүрчихлээ. Дэлхий даяар ийм үнэлгээтэй долоон компани л байгаа. Тэдгээрээс Саудын арабын газрын тосны компаниас бусад нь тоон өгөгдөлд суурилсан байна. “Тesla”-ийн бүх үйл ажиллагаа нь дата буюу программ хангамж дээр суурилдаг. Дэлхийн хөгжил ийм болчихоод байхад Монгол Улс боловсон хүчнээ бэлтгэх ёстой. Үндэсний статистикийн хороо эдгээр боловсон хүчнийг туршлагажуулахад шаардлагатай мэдээллийн баазыг үүсгээд бэлэн байх ёстой гэж харж байна. “Өнөөдөр Үндэсний статистикийн хороо гэхээр та нарт уйтгартай сонсогдож магадгүй. Энэ байгууллагад та нар таван жил тоон өгөгдөл дээр ажиллаад гарахад ирээдүйн үнэ цэн чинь маш өндөр болно” гэж миний зүгээс оюутан залуучуудад хэлдэг.
МЭДЭЭЛЭГЧ ЦААРГАЛАХ ХАНДЛАГА ОЛОН УЛСАД ТУЛГАМДАЖ БАЙГАА
-Их өгөгдөл ажиллаад эхлэхээр одоогийн хүндрэлүүд шийдэгдээд явна. Жишээлбэл, Үндэсний статистикийн хорооноос гаргадаг зарим тоон мэдээлэлд олон нийтийн зүгээс үл итгэх хандлага гаргадаг нь үнэн. Тухайлбал, өрхийн орлого сүүлийн саруудад тогтвортой яваад байгаа. Гэтэл цар тахлаас шалтгаалаад цалин хөлсний орлого болон бизнесийн орлогууд 15-20 хувиар буурчихсан байгаа. Өнгөрсөн хавраас хойш 70 орчим хувиар нэмэгдсэн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ нь өрхийн орлогыг тогтвортой байгаа юм шиг харагдуулаад байдаг. Эдгээр мэдээлэл илүү задаргаатай, нарийвчлалтай болоод ирэхээр ойлгомжтой болоод ирнэ. Мөн зөвхөн Монголд ч биш дэлхий даяар статистикчдад тулгарч байгаа нэг хүндрэл бол мэдээлэгчдийн татгалзах хандлага. Энэ бол НҮБ-ын Статистикийн комиссын хурлууд дээр байнга яригдаж байгаа асуудал. Жишээ хэлэхэд өрхийн нийгэм эдийн засгийн үзүүлэлтүүдийг гаргахаар түүвэр судалгааг хийхэд өндөр орлоготой өрхүүд илүүтэй дургүйцэх хандлага гаргадаг болсон. Мөн аж ахуйн нэгжүүд ч цааргалах хандлагатай байдаг. Цар тахлын нөлөө ч их байна. Гэхдээ манай улсын аж ахуйн нэгжүүд үүрэг хариуцлагаа ойлгоод мэдээлээ үнэн зөв өгч байгаад бид талархдаг. Их өгөгдөл хэрэгжээд эхлэхээр тухайн мэдээлэгчээс мэдээлэл авах хугацаа багасах боломжтой. Төрд бэлэн байгаа мэдээллийг нэгтгэх учраас олон асуулт асуухгүй болно гэсэн үг. Тэгэхээр мэдээлэгчид ирэх хугацааны дарамт багасаж, үнэн зөв байдал сайжирна. Нөгөө талаас тоон мэдээлэл гэдгийг зөвхөн тоолох байдлаар ойлгоод байдаг. Тухайлбал, таван жил тутамд нэг удаа болдог Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого эхэлж байна. Энэ тооллогоор зөвхөн тоо л гаргах гээд байгаа мэтээр ойлгоод байна. Үнэн хэрэгтээ дэлгэрэнгүй судалгаа болох ажил юм. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа хэдэн аж ахуйн нэгж, хувь хүн байна, тэдний боловсон хүчний байдал, орлого, алдагдал, төрөөс ирж байгаа дарамт гээд бүх мэдээллийг салбар бүрээр гаргана. Наад зах нь манай улсад 215 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй хэрнээ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 91 мянга. Үлдсэн нь яагаад үйл ажиллагаагаа явуулахгүй байна. Татан буугдах нь байгуулагдахаасаа илүү төвөгтэй байна уу, шат дамжлага ихтэй байна уу зэрэг асуудлуудыг гаргаж ирснээр харьяа байгууллагууд арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Мөн энэ удаагийн тооллогын том зорилго нь цар тахлын нөлөөллийг судлах. Бас хүний нөөцийн асуудлыг томоор харах гэж байна. Аль салбарт ямар мэргэжилтнүүд дутагдалтай байна гэх мэт мэдээллийг цуглуулах юм. Энэ тооллогын үр дүнгээс төрөөс гадна хувийн хэвшлийнхэн ч гэсэн салбараа бүтэн зургаар харах боломжтой болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.1 ДАВАА № 214 (6691)