С.САРУУЛ
Цар тахлын халдвар нэмэгдэж байгаа ч хичээлийн шинэ жилийг эхлүүлсэн. Гэвч зарим сургууль, цэцэрлэг халдварын улмаас цахимд шилжээд байгаа юм. Энэ талаар МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн “Одоогийн байдлаар цар тахлын улмаас танхимын сургалтаас цахимд шилжсэн цэцэрлэг орон нутагт 112, нийслэлд 18 байна. Ерөнхий боловсролын сургуулийн тухайд орон нутагт 100 хувь цахимд шилжсэн 28, зөвхөн бага ангиуд нь цахимд шилжсэн 106, нийслэлд 13 сургууль бүрэн цахимд шилжсэн байна.
МХЕГ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хоёр үе шаттайгаар зохион байгуулж байна. Эхний шатны буюу сургалтын орчны аюулгүй байдал, сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, хангамж хүрэлцээ, шинэ хичээлийн жилийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулахад чиглэсэн шалгалтыг 08 дугаар сарын 11-нээс 09 дүгээр сарын 03-ны хугацаанд хийсэн. Хоёр дахь шатны хяналт шалгалт сургалтын байгууллагын эрүүл ахуйн нөхцөл шаардлага, үдийн хоолны үйлчилгээ, сургууль орчмын бүсийн худалдаа үйлчилгээ рүү чиглэх ба 09 дүгээр сарын 17 хүртэл үргэлжилнэ. Уг шалгалтад сургуулийн өмнөх боловсролын 478, ерөнхий боловсролын 271 байгууллага болон 33 дотуур байр, 8 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, 2 их, дээд сургууль хамрагдаад байна. Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хамрагдалт 70, ерөнхий боловсролын хамран сургалт 98 хувьтай байна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn