З.БАТЦЭЦЭГ
Платон (МЭӨ 428 эсвэл 427-348 эсвэл 347 он).
Эртний Грекийн гүн ухаанч, платонизмыг үндэслэгч. Сократын шавь, Афинд философийн сургууль үүсгэн байгуулсан. “Сократын уучлал”, “Федон”, “Пир”, “Федр”, “Засаг төр”, “Тэатет”, “Парменид”, “Софист”, “Тимей” зэрэг бүтээлүүд нь ихээхэн алдаршсан.
Түрүүч нь Агуу сэтгэгч Платон
Анникеридэд Платоны найз нөхөд мөнгийг нь буцааж өгөх санал тавьсан ч тэрээр татгалзсан байна. Тэгэхээр нь найзууд нь энэ мөнгийг Платонд өөрт нь өгснөөр тэр гэнэт их мөнгөтэй болжээ. Олон жил хэрэн тэнүүчилсэний эцэст тэрээр Афинд ирэн, хотын баруун хойд хэсэгт, цэцэрлэгтэй байшин худалдаж аван гүн ухааны сургууль нээжээ. Эргэн тойронд нь домогт Тесей хааны бэлэглэсэн, домогт баатар Академыг ивээн тэтгэгч 12 чидун жимсний модтой Афины ариун газар оршдог. Афинчууд энэ цэцэрлэгтэй, модтой, хуучны сургуультай, байгалын үзэсгэлэнтэй газрыг Академи гэж нэрлэдэг. Яг тэнд МЭӨ 385 онд Платоны алдарт гүн ухааны сургууль нээгдэж, эртний үеийг дуустал оршин тогтнож байсан.
Платоны академи гэж юу вэ? Платоны сургуулийг “музын ордон”, “мусейн” гэж нэрлэдэг байж. Сургуулийн тэргүүн буюу схоларх нь Платон өөрөө. Гэхдээ амьд байхдаа өөрийн эгч Потоны хүү Спевсиппыг өв залгамжлагчаараа нэрлэжээ. Сургууль нь хуучин гимназын байшинд байрладаг байв. Орох хаалганы дээр “Геометрийн талаар мэдлэггүй хэн ч орж болохгүй” гэсэн бичиг өлгөөтэй байдаг. Энэ нь Платон болон түүний дагагч нар тоо, геометрийг маш их хүндэлдэгийн нэг жишээ юм. Академийн сургалтанд тоо, одон орон судлалд их анхаарлаа хандуулдаг. Хичээл 2 төрлөө явагддаг: олон нийтийг хамарсан өргөн хүрээний, зөвхөн философийн нууцыг нээдэг цөөн хүмүүсийг хамарсан дугуйлан. Хичээл нь хатуу хуваарьтай. Өглөө бүр академийн сурагчдыг Платоны өөрийн зохиосон сэрүүлгийн дуугаар сэрээдэг. Пифагорчдоос үлгэрлэн сурагчдыг бага унтуулдаг, нам гүм чимээгүйд бодуулдаг. Мах өгдөггүй, ногоо, жимс, сүүгээр хооллодог байжээ. Эхлээд Платон академийн модод дундуур яван яригаа өрнүүлдэг, дараа нь гэртээ орон хичээлийн танхимд үргэлжлүүлдэг байж. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр афинчууд түүний гэр, цэцэрлэг, тэр орчмыг бүхэлд нь Академи гэж нэрлэх болжээ. Курсын төгсөгчид багштайгаа зэрэгцэн тоо, одон орон судлал, уран зохиол, улс орнуудын хууль, байгалийн шинжлэх ухаан, ургамал судлал зэрэг хичээлүүдийг заадаг байсан. Зарим нэг шавь нар нь байгалийн хуулийг судалдаг байсны нэг нь Аристотель. Тэрээр академид 20 жилийг өнгөрөөгөөд, 40 нас хүрч том эрдэмтэн болсон хойноо, Платоныг нас барсаны дараа өөрийн Ликей сургуулийг нээжээ.
Платоны хайртай шавь нь Филипп Опунтский. Тэрээр багшийхаа нас барахаас өмнө лааны тосон самбар дээр бичсэн томоохон “Хууль” зохиомжийг өөрийн гараар буулгажээ. Түүнийг “Хуулийн” дүгнэлт болгож “Хуулийн дараахь”-ыг бичсэн гэж үздэг. Платоны сонсогчид дотор шилдэг 10 илтгэгчийн гурав нь болох Гиперид, Ликург, Демосфен нар байсан. Тэд бүгд гайхалтай сайн гүн ухаантан байгаад зогсохгүй илтгэгчид гэдгээрээ алдартай.
Платоныг 60 настай байхад, Дион ч бас туршлагатай улстөрч болсон байх үед МЭӨ 367 онд Сициллд томоохон үйл явдал болсон нь дарангуйлагч Дионисии нас барж, хүү Дионисид эрх мэдэл шилжижээ. Дион болон түүний найзууд Платонд хүү Дионисии үнэхээр гүн ухаан, боловсролд тэмүүлж байгаа гэж ятгаж чадав. Тэрээр Дионы саналыг хүлээн авчээ. Сиракузид түүнийг нэр төртэй, эв найрамдалтай угтаж авав. Түүнийг тосож авахаар хааны тансаг сүйх ирэн, ийм том аз таарлаа хэмээн өөрийн гараар бурхандаа золиос өгчээ. Платоны хүчин чармайлт үр дүнгээ өгч эхлэв. Эртний нэгэн баярын үеэр Дионисии дарангуйлал урт удаан үргэлжилж, тууштай байгаад сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ. Дионы дайснууд яаж Платон ийм богино хугацаанд ийм үр дүнд хүрсэнд гайхаж байлаа. Хуучин цагт Сиракузчууд нь Афины томоохон флотыг үгүй хийдэг байсан бол одоо харин афины гүн ухаанч бүхэл Дионисийн дарангуйллыг үгүй хийж байна хэмээн ярьж байлаа. Платон түүнийг 10 мянган хамгаалагчаасаа татгалз гэж ятгаж чадсан гэх яриа бий. Залуу удирдагч 400 дайны усан онгоц, 10 мянган морин цэрэг нараа орхин Академид очин аз жаргал хайн, геометр суралцахад бэлэн байна гэж ууртайгаар дамжуулжээ. Дионыг уравсан хэмээн сэжиглээд түүнийг Итали руу цөлжээ. Дион Италиас Грект ирэн, Афинд бүх зүйл баян тансаг байгаад гайхав. Тэрээр академид идэвхтэй суралцан, гүн ухаанд хайртай болжээ. Платон 4 сарын турш Сиракузид байсан нь Дионыг Сициллээс хөөн гаргахад хүргэхээс өөр үр дүнд хүрсэнгүй. Дайн эхэлхэд Дионисии юун гүн ухаан манатай, Платоныг явахыг дуртайяа зөвшөөрсөн юм. Гэвч МЭӨ 361 онд Сициллд амар амгалан тогтмогц Дион гурав дахь удаагаа хөгшнийг Сиракузид очихыг хүссэн юм. Дионисии Платоныг ирнэ гэвэл Дионыг уучлах болзол тавьжээ. Агуу гүн ухаанч дарангуйлагч руу явахыг зөвшөөрөхгүй их удсаны эцэст бууж өгчээ. Дионисии Платоныг нэр төртэй угтаж авав. Тэр хоёр хоёулахнаа уулзсан нь байж боломгүй том итгэлцэл байлаа. Дарангуйлагч түүнд мөнгө их хэмжээгээр өгөх гэсэн боловч тэрээр татгалзаж байв. Дионы талаар ярьж эхэлмэгц дарангуйлагчийн худлаа хэлж байсан нь ил гарав. Дионисии хэлсэн амандаа хүрсэнгүй. Ядарч, өвдсөн Платон төрөлх Академидаа иржээ. Хожим нь түүний найз, хайртай шавь Дионыг афинчууд Каллипп, Филострат нар алсаныг тэрээр сонсожээ.
30 насандаа өөрийн төрөлх академиа байгуулж байснаас хойш олон жил өнгөрчээ. Хатуу, чанга хүмүүжилтэй, хүүхэд байхаасаа ичимхий байсан тэрээр чанга инээдгүй, биеэ зөв авч явдаг байж. Тэрээр аль болохоор зуршилгүй байхыг хүсдэг байлаа. “Зуршил бол энгийн зүйл биш” гэж тэрээр ярьдаг байжээ. Тиймээс хэзээ ч хэмжээгүй уудаггүй, их унтдаггүй байв. Харин уншиж, бичихдээ хязгааргүй байлаа. Ажил нь зуршил биш, амьдрал нь болсон байв. Заримдаа хүмүүс түүнд бодоход саад болдог байсан учраас хүнээс зугтдаг байлаа. Өөрийн мэдрэмжээ ил гаргах дургүй. Дионыг алсан хүмүүсийн талаар хүртэл дурсахдаа хэдэн хатуу үг л хэлсэн байдаг. Уур гүн ухаантанд байж болохгүй зүйл гэж үздэг байлаа. Шудрага ёсыг уландаа гишгэсний эсрэг тэр дуугаа өндөрсгөн, үхлээс ч айдаггүй байжээ. Өөрийн засаг төрийн төлөө хохирохоос айдаггүй байсан. “Үнэнийг өгүүлэх шиг сайхан зүйл үгүй” гэж тэрээр нэг бус удаа хэлж байжээ. Тэр өөрийхөө талаар сайн нэр хүндтэй дурсамж үлдээхийг хүссэн. Тэр дурсамж нь номонд нь байдаг. Үхэн үхтэлээ тэр ном уншиж, бичдэг байж. Нас барсан өдөр нь түүний орон дээрээс залуу байхаасаа унших дуртай Аристофан, Софрон нарын хошин ном олджээ. Өвчтэй, хэвтэж байхдаа “Засаг төр”, “Хууль” номоо бичин, засаж байж. Энэ алдартай домог болсон хүнийг олон хүн хайрладаг, олон хүн түүнд өртэй байжээ. Эргэн тойронд нь үргэлж найзууд нь хүрээлж байдаг. Платон гэнэн сэтгэлтэй, мөрөөдөгч байсан юм. тиймээс л афины хананы цаана амьдардаг, хүн төрөлхтөнийг үзэн яддаг, хажуугаар өнгөрсөн бүх хүн рүү чулуу шиддэг, алдарт Тимонтой ганцхан Платон ярилцаж чадсан байх.
Нас барахаасаа өмнөхөн Платон цагаан хун шувуу болоод, модноос модонд нисэн, шувуу баригчдад их төвөг удаж байна гэж зүүдэлжээ. Сократик Симмий энэ зүүдний талаар Платон өөрийг нь тайлбарлах гэж оролдсон хүмүүст баригдахгүй, түүний өгүүллүүд олон талт, бие махбодийн, ёс зүйн, онолын олон талтай нь холбоотой гэсэн байдаг.
Домогт өгүүлсэнээр Платон өөрийн төрсөн өдрөөрөө нас баржээ. Түүний гэрээслэл даруухан байж. Түүний сүүлийн хүслийг үеэл Спевсипп мөн өөр 6 гүйцэтгэгчид биелүүлжээ. Урт удаан наслахдаа тэрээр 2 жижигхэн эдлэнт газартай байж. Нэгийг нь хамаатан Адимантад үлдээгээд, нөгөөг нь найзуудыгаа өөрсдөө шийд гэжээ. Бага хэмжээний мөнгө, хоёр мөнгөн аяга болон алтан бөгж, алтан ээмэг байжээ. Эзнийгээ өнгөрсний дараа дөрвөн боол, харин Артемид боол бүсгүйг тэрээр гэрээслэлээр эрх чөлөөтэй болгожээ. Мөн “хэнд ч өргүй” гэсэн бичиг байж. Харин чулуучин Евклид түүнд 3 мины өртэй байж. Платоныг Академид нь оршуулжээ.
Платон хэлэхдээ, алдар нэрийн төлөөх хүсэл тэмүүлэл нь бидний үхэхдээ хамгийн сүүлд тайлж хаядаг нөмрөг, гэвч энэ хүсэл нь бидний сүүлчийн хүсэл, оршуулга, булшны чулуу зэргээр илэрхийлэгддэг гэсэн байдаг.
Академид ирээдүйн хаан Митридат нь Платонд зориулж хөшөө босгон, “персийн Митридат, Водобатын хүү, Силанионы энэ бүтээл Платоны дүрийг муза нарт зориулав” гэж дээр нь бичжээ. Филипп Македонский гүн ухаанчыг биширдэг байв. Академиас холгүйхэн афинчууд хөшөө босгожээ.
Өөрийхөө талаар тэр хоёр л удаа дурдсан байдаг: “Апологи”, “Федон”-д. Нэгэн цагт та өөрийхөө талаар бичих үү? гэж асуухад сайн нэртэй байвал бичвэрүүд олдоно гэж хариулжээ.
Платон нь бидний цаг үе хүртэл бараг бүх бичвэрүүд нь бүхлээрээ хадгалагдаж ирсэн анхны томоохон гүн ухаантан юм. Платоны бүтээлүүд, гар бичмэлүүд, 34 харилцан яриа, 13 захиа байдаг. Эдгээр 34 харилцан ярианаас зарим нь жинхэнэ биш гэж үзэх нь ч бий.
Платон- идеализмын агуу төлөөлөгч. Платоны идеалист диалектик нь эртний диалектик сэтгэлгээний оргил нь гэж үздэг. Платоноос хойш Аристотель хүртэл дээш нь гаргаж чадаагүй. Платоны хөгжүүлсэн тэр диалектикийг XIX зууны эхэнд зөвхөн Гегель л эргэж сөхсөн гэж судлаачид дүгнэдэг.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.7.29 ПҮРЭВ № 147 (6624)