-COVID-19 “Ажил чиний очдог газар биш, харин хийдэг зүйл” гэдгийг харуулсан-
Б.ТУУЛ
Дэлхий даяар тархаж буй цар тахлын халдвар хумигдах болоогүй байна. Энэ цаг үед манай улсын шинжлэх ухааны салбар, эрдэмтэн судлаачид маань хэрхэн ажиллаж, халдварын тархалтыг бууруулахад ямар судалгаа шинжилгээ хийж байгаа талаар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.
-“COVID-19” халдвар шинжлэх ухааны салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?
-“COVID-19” цар тахлын улмаас үйл ажиллагаанд нь ямар нэг өөрчлөлт ороогүй салбар гэж нэгээхэн ч үгүй биз ээ. Тахлаас өмнө шинэ зуун, шинэ эрин хэмээх ойлголтыг өргөн дэлгэр хэрэглэдэг байсан бол одоо шинэ дэг журам хэмээх ойлголтыг хэрэглэхэд хүрч байна. Дэлхийн түүхийг энэхүү шинэ дэг журмаар “Ковидын өмнөх үе ба дараах үе” хэмээн ангилах тухай санаа ч биеллээ олж байх шиг байна. Хүний оршихуй, амьдрахуйн экосистемд яахын аргагүй аюул занал учирч, хамтаар амьдрах ертөнц дэлхий юм шүү гэдгийг нэг талаас улам бүр ухааруулж байна.
Иргэн нэг бүрээс илүү ухаалаг, ухамсартай хэрэглэгч байхыг шаардаж байна. Эдийн засгийн бүтэц өөрчлөгдөж, түүнийгээ дагаад суурь хэрэгцээг хангадаг бодит эдийн засаг улам бүр дотоодын шинжтэй болох төлөв ажиглагдаж байна. Эдгээрийг дурдахын учир бол таны асуусан шинжлэх ухаанд үзүүлэх нөлөөлөл гэдэг маань чухам л бодит эдийн засгаас хамаарсан ДНБ, түүнд эзлэх хувь хэмжээ бүхий зардлаас хамаардаг тул манай улсын шинжлэх ухааны хөгжил, суурь болон бусад судалгааны санхүүжилтэд нөлөө үзүүлж эхлээд байна. Тэгэхээр шинжлэх ухааны салбарт ч шинэ нөхцөл байдал, сорилт, шилжилт, дэг журамтай тулгарч байна.
-Энэ жил шинжлэх ухааны салбарт олон ой тохиож байгаа байх аа. Гэтэл цаг үеийн байдал бас цар тахалтай зохицож ажиллах бас нэгэн туршилт болж байх шиг байна?
-Уг нь энэ жил Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүссэний 100 жил, ШУА-ны 60 жил тус тус тохиож байгаа юм. Ойгоо бүтээл туурвил арвин угтахыг л хаана хаанаа бодно, бас хичээж байна.
Нийгмийн хөгжлийн үеийг аж үйлдвэржилтийн өмнөх үе, аж үйлдвэржилтийн үе, аж үйлдвэржилтийн дараах үе хэмээн авч үздэг нэгэн хэлбэр ч улам бүр ард хоцорч, “Аж үйлдвэр 4.0” буюу хиймэл оюунд суурилсан шинэ эрин буюу дижитал шилжилтийг хийж байна. Түүнчлэн Япон улсад 2019 оноос “Society 5.0” гэсэн эдийн засаг, санхүүгийн менежментийн суурь өөрчлөлт хөтөлбөрийг дэвшүүлэн гаргасан байдаг. Брүүклингийн Глобаль эдийн засаг, хөгжлийн хүрээлэнгээс эрхлэн явуулсан “COVID-19” ийн дараах дэлхий ертөнцийг илүү сайхнаар хэрхэн бий болгох тухай экспертүүдийн хэлэлцүүлэгт ажлын байраа алдаж буй, ДНБ-ний өсөлт огцом буурах, хаалга үүдээ барьсан үйлчилгээний газрууд зэрэг нь хүний амь нас эрүүл мэндтэй зүйрлэхгүй ч гэсэн асар их өртгөөр үүнийг даван туулахад хүргэж байна.
-Тэгвэл манай улсын шинжлэх ухааны салбарт хэрхэн нөлөөлж байна вэ?
-“COVID-19” халдвар манай улсын шинжлэх ухааны салбарт олон талаар нөлөөлж байгаа. Нэгдүгээрт, судалгаа шинжилгээний дотоод, гадаад гэлтгүй хамтын ажиллагаанд нөлөө үзүүлж байна. Үүний нөхөн гарч ирсэн цахим шилжилт, цахим соёлд улам бүр дадаж буй ч судалгааны байгууллага, судлаачид хуучин шигээ олон улсын хурал, семинар, хамтарсан судалгаа хийх бодит нөхцөл бүрдэхгүй хоёр жил болж байна. Гэхдээ судалгааны байгууллага нь сургалтын байгууллагаас зарчмын хувьд нэлээд ялгаатай гэдгийг энд цохон тэмдэглэе. Боловролын салбарт өмнө төдий л амжилттай хэрэгжихгүй байсан цахим хичээлийн арга хэлбэр үнэн хэрэгтээ маш амжилттай нэвтэрч, хэрэгжиж байна. Үүнийг өргөн агуулгаар нь боловсролын парадигмийн шилжилт гэдэг. Цаашид сургалт, судалгааны аль ч байгууллагад дижитал буюу цахим профессор, цахим судлаач зэрэг албан ёсны статус бүхий шинэ орон тоо бодитой буй болж, цахим эрхзүйн зохицуулалтаар зохицуулагдах биз ээ. Энэ бол нийгмийн харилцаанд шилжилт явагдаж байна гэсэн үг юм.
-Улс орон, нийгэм тэр чигээрээ цахимд шилжиж байгаа энэ үед төсөв санхүүгийн байдал бас хэмнэлтэнд шилжиж байгаа байх?
-ЮНЕСКО-гийн дэргэд Нийгмийн шилжилтийн удирдлага хөтөлбөр буюу MOST гэсэн хөтөлбөр байдаг бөгөөд энэ нь манай улсад бас хэрэгжиж байдаг ба түүний даргаар нь Д.Бадарч багш ажилладаг юм.
Хоёрдугаарт, шинжлэх ухааны санхүүжилтийн салбарт тодорхой хэмжээний хүндрэл учирч байна. Монгол Улсын шинжлэх ухааны салбарт зарцуулдаг хөрөнгө мөнгө дэлхийн бусад хөгжиж буй улс орныхтой харьцуулахад харьцангуй бага буюу ДНБ-ий 0.15 хувь гэж үздэг. Одоогоос хоёр жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Шинжлэх ухааны ажилтнуудын анхдугаар их чуулганыг зохион байгуулсан. Тухайн үед цар тахлын чимээ аниргүй байсан. Чуулганаар ярихдаа, энэ хувь хэмжээг бүхэл оронтой тоонд хүргэнэ гэж байсан бол харамсалтай нь одоогоор тэрхүү зорилт үндсэндээ боломжгүй болж байна. Шинжлэх ухаан технологийн сангийн санхүүжилт хагас болон бүтэн жилээр хойшлогдох зэрэг үзэгдэл ажиглагдаж болсон ч гэрээгээ сунгах замаар суурь судалгааны ажлыг үргэлжлүүлж байна. Гэсэн хэдий ч БШУ-ы сайд Л.Энх-Амгалан болон холбогдох байгууллага, удирдлагууд санхүүжилтийг гүйцээн санхүүжүүлэх ажилд санаачилгатай ажиллаж байна.
-Эрдэмтэн судлаачдын хувьд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?
-Судлаачдын хувьд өмнө дурдсан төсөв, санхүү болон ажиллах орон зай, нөхцөлд нь мөн л нэгэн адил нөлөөлж, ковидын үеийн дүрэм журмын дагуу орон гэрээсээ ажиллаж байна. Бусад эцэг эхүүдийн адил үр хүүхдийн цахим болон теле хичээл бүгд л зэрэг явагдаж байсан тул чамгүй бэрхшээлтэй тулгарч, орой болон шөний цагаар ажиллах байдал ч нэлээд байсан, одоо ч байна. Үнэн хэрэгтээ манай судлаачдын одоо албан ажил дээрээ хэрэглэж байгаа компьютерүүд нь тодорхой хувь нь аль хэдийн ашиглалтын хугацаа дууссан, орчин цагийн шинэ компьютер, нөтбүүкээр тэднийгээ хангаж чадахгүй байдалтай байдаг. Бүхэлд нь аваад үзвэл судлаачдын болон багш нарын гэр бүл дэх цахим ачаалал хэт их болсон, түүнийгээ дагасан ядаргаа болон өвчлөлийн зарим хэлбэрүүдтэй тулгарсан. Бид уулзалт, хурлыг цахимаар явуулж, виртуал орон зайд бодитоор ажлаа гүйцэтгэж байгаа. Цахим харилцааны явцад зайлшгүй өгүүлэх нэгэн зүйл бол бүхий л төрлийн хэмнэлт бас бий болж байна. Үүнийг сая дурдсан цахим хурал, ажлын хэсгийн уулзалт, семинар зэрэг олон олон зүйл бий болгож байна. Үүнийг ч бас асуудлын эерэг тал хэмээн харж болно.
-Энэ бүхнээс үүдэн цар тахал шинжлэх ухааны салбарынханд ямар сургамж өгөв гэдгийг дүгнээд хэлээч гэвэл та юу хэлэх вэ?
-Нийгэм, улс төр, эдийн засгийн бүхий л амьдралд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн. Судлаачдын хувьд энэхүү байдлыг ажлаа хийсээр даван туулж байна. Байгаль шинжлэл, технологи, нийгэм хүмүүнлэгийн гээд судалгааны салбар бүр харилцан адилгүй өөр өөр онцлог нөхцөлтэй байдаг. Цар тахлын үеийн бас нэг онцлог бол “ажил чиний очдог газар биш, харин чиний хийдэг зүйл” юм гэдгийг харуулсан. Судлаач нарын хувьд ч хэн хэн бэ? гэдгийг бас харуулж байна.
Харин хээрийн судалгаа экспедицэд гарах, лабораторийн сорил туршилтаа тасралтгүй амжилттай явуулахад саад тотгор учирч байна. Тухайлбал, манай хүрээлэнгийн хувьд хөдөө орон нутагт хийх социологийн судалгаа үүний нэг жишээ болно. Энэ хугацаанд гэхдээ өмнө цуглуулсан мэдээ, баримтаа нэгтгэн дүгнэх, боловсруулах зэргээр ажил үүргээ хуваарилан ажиллаж байна. Мөн судлаачдаас Ковидын талаар ямар судалгаа хийж байна гэж их асуудаг. ШУА-ийн хэмжээнд яригдаж буй нэг зүйл бол коронавирусийг илрүүлэх оношлуурыг дотооддоо бүтээж, сертификат зөвшөөрлийг нь авч байгаа хэмээх нэгэн амжилтыг сүүлийн үед ярьж байна.
-Цар тахлын дараах үеийг хэрхэн төсөөлж байна вэ. Ирээдүйгээ хэрхэн оновчтой цогцлоох вэ?
-Цар тахлын үеийн илэрхий мэдэгдэм нэгэн зүйл бол нийгэм дэх тэгш бус байдал улам бүр гүнзгийрэх талруугаа орж байна. Тоо баримтаас ч энэ нь харагдаж байгаа. Гэтэл бид “Алсын хараа 2050”-даа дундаж давхаргыг улам бүр нэмэгдүүлнэ хэмээн гол зорилгоо болгоод заачихсан байгаа шүү дээ. Гэхдээ цар тахал нь эдийн засгийн өсөлт дангаараа эдийн засаг, нийгмийг тогтвортой байдлыг хангадаггүй болохыг харуулж байна. Энэ нь нөгөө л ДНХ хэчнээн өндөр байлаа ч аз жаргалын индекс, сайн сайхан байдал тэр хэмжээтэй адилхан байдаггүйтэй агаар нэгэн юм уу даа.
-Цар тахлын ард бид яаж өөрчлөгдөх бол?
-“COVID-19”-ийн дараа хүн төрөлхтөн улам илүү сайн сайхан ертөнцийг бий болгохын төлөө тэмцэх нь дамжиггүй. Тийм ч болгож чадна хэмээн өөдрөгөөр харж буй. Гэхдээ нэг голын усанд хоёр удаа ордоггүй гэдэг шиг бүхий л зүйл өнгөрсөнтэйгөө хамт урсан одлоо ч шинэ сайхан ирээдүй угтана гэдэгт итгэж болно байх. Харин түүнд ухаалгаар дасан зохицож, хэрэглэгчийн зан үйлээ нийцүүлэх нь л юу юунаас илүү чухал байх болов уу. Үүнийг цар тахлын эдийн засаг хэмээх шинэ ойлголттой холбоотой зүйл хэмээн бодож байна.
Манай улсын нөхцөл байдал наад зах нь хөрш орнуудын эрүүл, аюулгүй байдал зэргээс хамаатай төдийгүй Монгол Улс ч тэдэнд ихээхэн хамаатай билээ. Энэ бол ердийн ситемийн сэтгэлгээ. Хэрвээ “COVID-19” халдварын эсрэг вакцинжуулалт үр дүнтэй, амжилттай болбол богино хугацаанд нөхцөл байдал хэвийн болно гэж үзэх нь бий. Үүнд улс орон бүр анхаарлаа хандуулж, гамшгийн дараах нөхөн сэргээлт гэдэг шиг ковидын дараах нөхөн сэргээлтийн талаар илүү бодох ёстой. Аль болох богино хугацаанд хэрхэн хэвийн байдалдаа эргэн орох вэ гэдэг нь чухал. Түүнийгээ дагаад олон нийтийн санаа бодол ч гэсэн эргэн сэргэх байх.
Эх сурвалж: www.polit.mn