С.САРУУЛ
Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар 100 хоногт юу амжуулав. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдалтай нүүр тулсан амаргүй цаг үе байсан ч чамлахааргүй ажилласныг Засгийн газрын тэргүүн болоод танхимын сайд нар тайлагналаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Манай Засгийн газар амаргүй цаг үед байгуулагдсан. Дэлхий тэр чигтээ цар тахалын өмнө сөхөрч байна. Гэхдээ манай улс цар тахлыг 10 сар дотооддоо алдалгүй барьж чадсан. Энэ нь вакцинжуулалттай залгах шууд цаг үеийг хожиж чадсан алхам. Цар тахал эдийн засаг хоёр урвуу хамааралтай. Энэ хоёр заагийн дундуур хэрхэн явах вэ гэдэг сорилт ирсэн. Эдийн засаг 5.3 болж агшсан цаг үе таарсан. Төсвийн нийт алдагдал, дотоодын нийт бүтээгдэхүүний эзлэх хувь 12.3 хувь болж төсөв тасалдсан. Эхний хоёр үзүүлэлтээс улбаалж, зах зээлд эргэх ёстой байсан найм орчим их наяд төгрөг буюу 7.9 их наяд төгрөг Төв банкинд гацсан. Нэг үгээр хэлбэл, банкууд зээл гаргахаа больж, ААН-үүд үйл ажиллагаагаа явуулахаас айж эхэлсэн. Тиймээс зах зээлд байгаа бэлэн мөнгөний урсгал туйлын ихээр хомсдож, 68.9 мянган ажлын байр байхгүй болсон. Ийм нөхцөл байдалтай шинэ засгийн газар нүүр тулсан" гэдгийг мэдээллийн эхэнд тодотгосон юм.
Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 101 дэх өдөр эхэлж байна. Харин ирэх цаг хугацаа, цар тахлын дараах нөхцөл байдлыг илүү амбицитайгаар харж байгаа, 2021-2030 онд Монгол Улсын эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх 100 төслийг хэрэгжүүлэхээ зарлалаа. Гэхдээ бүгдийг шинээр эхлэх биш бүх Засгийн газрын сайн бодлогын үргэлжлэл байх болно гэдгийг итгэл төгс хэлье. Цар тахлыг амжилттай даван туулсан 10 улсын нэг нь Монгол байх болно хэмээсэн Ерөнхий сайд хэллээ.
Эх сурвалж: www.polit.mn