Б.ТУУЛ
Цар тахал дэгдсэн энэ өдрүүдэд цаг үеийн байдлаас шалтгаалан БШУЯ элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг тавдугаар сарын 5-ныг хүртэл сунгаж, долдугаар сарын 1-4-ний хооронд танхимаар зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлж амжаагүй хүүхдүүд хэрэгтэй мэдээллээ ангийн багш болон Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдээс цахимаар болон утсаар лавлан www.eec.mn цахим хуудсаар дамжуулан онлайнаар амжиж бүртгүүлээрэй гэдгийг дахин сануулъя.
“Хэрэв бүртгэлийн дугаар, нууц үгээ авсан хэдий ч шалгалт өгөх хичээлээ сонгоогүй байгаа бол бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөр төлснөөр таны бүртгэл баталгаажна” гэдгийг БҮТ-ийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн бүртгэл хаагдсан тохиолдолд нэмэлт бүртгэл хийхгүй, хичээл нэмэхгүй учир хугацаандаа амжиж бүртгүүлэхийг онцгойлон анхааруулж байна. Хөл хорионы үед мэдээж биечлэн ирж мэдээлэл авах боломжгүй байгаа учир Боловсролын үнэлгээний төв нь 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл элсэгчдэд утсаар зөвлөгөө мэдээллийг өгч байна. Тиймээс БҮТ-тэй 8014-9038, 8016-9058, 8016-9038 утсаар холбогдож зөвлөгөө, мэдээлэл аваарай.
Мөн ЭЕШ-тай холбоотой зөвлөгөө мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээл, элсэгчийн сонин, хариултын хуудас зэрэг өөрт хэрэгтэй мэдээ мэдээллийг БҮТ-ийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас татаж аваарай хэмээн зөвлөж байна. Харин шалгалтандаа бэлтгэж буй сурагчдад шинэ мэдээлэл дуулгахад, ЭЕШ-ын шалгуулагчдад зориулсан “Даалгаврын сан” http://eyeshitems.eec.mn нэртэйгээр ашиглалтад орсон байна. Энэ цахим хуудаснаас та 2018, 2019, 2020 оны ЭЕШ-ын даалгавруудыг татан авч ажиллах боломж бүрджээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.28 ЛХАГВА № 85 (6562)