Ч.ОЛДОХ
Оюутолгойн гэрээнд Монголын эрх ашгийг хангуулах асуудлаар Монголын Засгийн газар, УИХ-аас томилогдсон Ажлын хэсэг, “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Б.Болд тэргүүтэй төлөөлөгчдийн хооронд хэлэлцээ гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Монголын талын ажлыг хэсгийг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хурлыг удирдаж \модератор хийж\, Ажлын хэсгийн гишүүд асуулт асууж, “Рио Тинто” компанийн Зэсийн группын захирал Б.Болд хариулжээ.
Б.Бат-Эрдэнийн асуулт чангадаж, С.Ганбаатараас татгалзжээ
Хоёр талын уулзалт, хэлэлцээнд УИХ-ын гишүүн дэд ажлын хэсгийн ахлагч Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар ээлж дараалан асуулт асуусан. Хамгийн эхэнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Оюутолгойн гэрээг байгуулснаас хойш Монгол Улс ашиг хүртээгүй, харин ч өрөнд орж ирсэн, Далд уурхайн санхүүжилт эхлээд 5.3 тэрбум гэж байснаа зардлаа яагаад хэтрүүлсэн, тооцоо судалгааг нарийн гаргуулах зэрэг Монголын нийгэмд яригдаж ирсэн асуудлуудыг багцлан нэлээд дэлгэрэнгүй ярьсан. Бас тодорхой асуултууд тавьж, чангахан асуултууд тавьсан дуулдаж буй. Мөн тэрээр цахим хуудастаа “Оюу Толгой төслийн үр өгөөжийг сайжруулах эрмэлзэл байгаа юм бол уулзалт, хэлэлцээр олон нийтээс нуух асуудал байж таарахгүй бүх зүйл ил тод, нээлттэй байж уулзалт ярианы бичлэг, протоколыг бүрэн хийж Түр хороо, УИХ-д танилцуулах нь чухал байна. Өчигдөр “Оюу Толгой ордын ашиглалтад Монголын талын эрх ашгийг хангуулах” УИХ-ын 92-р тогтоолын биелэлтэнд хяналт тавих үүрэг бүхий Түр хорооны өгсөн чиглэлийг Оюу Толгой төслийн хэлэлцээрт оролцогчдод танилцуулав” хэмээн бичжээ.
С.Ганбаатар: “Рио Тинто”-гийн буруу менежментийн дүнд бид өрөнд орох ёсгүй
Б.Бат-Эрдэнийг үг хэлж, асуулт асуусны дараа Ц.Даваасүрэн, С.Ганбаатар, Х.Болорчулуун нар гэрээний эргэн тойронд эдийн засгийн үзүүлэлт, тоо баримтыг дурдаж, тус тусын асуултыг асуусан байна. Ялангуяа С.Ганбаатар гишүүн Рио Тинто, Туркойз Хилл хооронд \2021-04-09-нд\ байгуулсан гэрээгээр "Дубай-2" гэрээг байгуулахаар шийдсэнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. “Рио Тинто” компанийн буруу менежментийн үр дүнд босоо хоёрдугаар амыг дахин засварлах, барих ажлаас болж гарах ёсгүй байсан 2.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн хохирол Монголын ард түмэнд дор хаяж 10 тэрбум ам.доллар болж ирж байгааг манай судлаачид тооцоолсон байна” гэдгийг эхний өдрийн хэлэлцүүлэгт хэлжээ. “Рио Тинто”-гийн төлөөлөгчдөд Ц.Даваасүрэн, С.Ганбаатар , Б.Бат-Эрдэнэ нарын байр суурь, тавьж буй асуултууд таалагдаагүй. Иймд тэднийг ажлын хэсгээс татуулах сонирхлыг ил далдаар илэрхийлж эхэлсэн гэдгийг ажиглагч, судлаачид ярьж байна. Хэлэлцээ гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Эх сурвалж: www.polit.mn