Б.ДОЛЖИНЖАВ
“Эмэгтэй хүүхэд уян зөөлөн учир хүнд хүчир ажил хийж чадахгүй. Тиймээс их сургуульд суралцаж, сэхээтэн болсон цагтаа сайхан амьдарна. Харин эрэгтэй хүүхэд бие бялдар сайтай, сэтгэлийн хувьд хатуу чанга учир хар бор, ямар ч ажил хийгээд өөрийн амьдралаа аваад явчихна” гэх буруу ойлголтын зөрүүгээс болж олон мянган эрэгтэй хүүхэд хүсэл мөрөөдөл, сонирхлоо орхиж, өөрийн бус бусдын хүслээр амьдрах нь бий. Өнөөгийн Монголын нийгэмд хамгийн их тулгамдаж байгаа энэ асуудлыг анзааран “Боловсролд хүйс хамааралгүй” төслийг санаачилсан Австралийн Засгийн газрын санхүүжилтээр Зориг сангийн хэрэгжүүлдэг Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийн 2021 оны оролцогч П.Баттуяатай ярилцлаа.
-Эрэгтэй оюутнуудын боловсрол, сурах хүсэл эрмэлзэлд урам өгөх “Боловсролд хүйс хамааралгүй” тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ. Хөтөлбөрийг хэрхэн санаачилсан гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Австралийн Засгийн газрын санхүүжилтээр, Зориг сангийн хэрэгжүүлдэг Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг Австрали улсад магистр, докторын зэрэг хамгаалсан эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг. Хөтөлбөрт шалгарсан 17 эмэгтэй, гурван эрэгтэй найман сарын хугацаанд манлайлал, хувь хүний хөгжилд чиглэсэн сургалтуудад Монгол, Австрали улсад хамрагддаг. Мөн хөтөлбөрийнхөө хажуугаар нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлэх боломж өгдөг. Энэ хүрээнд манай баг эрэгтэйчүүд, хөвгүүдийн боловсролд анхаарах тэр дундаа дээд боловсролтой иргэдийн дунд үүсээд байгаа буруу ойлголтыг арилгахад бага ч болов хувь нэмрээ оруулах, олон нийтийн анхаарлыг энэ асуудалд чиглүүлэхэд зорин төслөө сонгосон. Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад гадаадын Засгийн газруудын том тэтгэлэгт хөтөлбөрүүдэд эмэгтэйчүүдтэй харьцуулахад цөөн тооны эрэгтэй хүн материалаа ирүүлсэн байсан. Энэ дүнг бусад тэтгэлэгт хөтөлбөр зарлагддаг Азийн улсуудтай харьцуулахад манай улсын эрчүүд хамгийн бага хувьтай байсан юм. Иргэний нүдээр харахад охид, эмэгтэйчүүдийн эрх их зөрчигдөж байгаа учир тэднийг дэмжсэн олон хөтөлбөр, сургалт байдаг. Харин холбоотой хоёр зүйлийн нөгөө нэг тал болох эрэгтэйчүүдийн хөгжлийг орхигдуулсан санагддаг. “Эмэгтэй хүүхдээ л боловсролтой болгох нь чухал. Эрэгтэй хүүхэд яаж ийгээд амьдралд хөлөө олчихно” гэсэн хандлага нийгэмд хамгийн их байдаг. Энэ нь одоогийн дээд боловсролтой иргэдийн дундах тэнцвэргүй байдал үүсгэхэд нөлөөлсөн, хөвгүүдээ анзааралгүй өнгөрөөсөн олон шалтгааны нэг гэж боддог. Бусад улс орныг харахад эсрэгээрээ эрэгтэйчүүд нь илүү боловсрол эзэмшсэн судалгаа байдаг.
-Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй эрэгтэйчүүдийн хувь бага байгаа шалтгааныг судалсан уу?
-Тэтгэлэгт хөтөлбөрт материалаа өгдөг монгол эрэгтэйчүүдийн хувь бага байгаад нөлөөлж байгаа хэд хэдэн таамгийг бид гаргасан. Үүнд эрэгтэйчүүдийн бакалаврын зэргийн голч дүн нь сайнгүй учир тэтгэлэгт хөтөлбөрүүдийн босго онооны шаардлагыг хангахгүй, англи хэлний мэдлэг тааруу, бусад хувь хүний болон нийгэм, эдийн засгийн идэвх нөлөөлсөн байх магадлалтай. Тиймээс манай төсөл гурван хэсэгтэй хэрэгжинэ. Нэгдүгээрт, асуудлыг хөндсөн мэдээ мэдээлэл олон нийтэд түгээж, хөвгүүдээ дэмжихийг уриална. Хоёрдугаарт, бакалаврын зэрэгт суралцаж буй эрэгтэй оюутнуудыг дэмжихэд чиглэсэн тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн хүрээнд дан ганц тэтгэлэг олгохоос гадна ирээдүйд эрэгтэйчүүд том тэтгэлэгт хөтөлбөрт материалаа явуулахад юуг анхаарах талаар эрт мэдээлэл авч, голч дүнгээ ахиулж, хэлний мэдлэгээ сайжруулах ёстойг мэдэж аваасай гэсэндээ тэтгэлэгт хөтөлбөртөө эдгээр шаардлагыг оруулсан.Төслийн дараагаар хөвгүүд, эрэгтэйчүүдийн хөгжлийг дэмжсэн олон төсөл, хөтөлбөр хэрэгжинэ гэж итгэж байгаа. Энэ нь бидний төслийн үр дүнгийн багахан хэсэг байх болов уу. Манай төслийн зорилго шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх эрэгтэйчүүдийг дэмжих биш, эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдтэй боловсролын ойролцоо түвшинд хүргэхэд нөлөөлөх юм. Ингэснээр эрүүл нийгэм бүтээхэд чухал нөлөө үзүүлнэ гэж харж байгаа. Бидний өдөр бүр сонсдог нийгмийн олон асуудлыг шийдэх гарц нь боловсролын тэгш хүртээмж юм.
-Ер нь эмэгтэй хүүхдээ боловсролтой болгоно гэсэн хэвшмэл ойлголтын үндэс суурь юу байдаг юм бол?
-Үүнд жендер болон нийгэм судлалынхан оновчтой тайлбарыг өгөх болов уу. Гэхдээ “Эмэгтэй хүүхэд бие бялдарын хувьд сул дорой учир хар ажил хийх боломжгүй. Тиймээс боловсрол эзэмшиж байж л амьдралаа авч явна” гэсэн нийгмийн хэвшил ойлголт өнөөгийн боловсолын тэгш бус хүртээмжийг бий болгоход нөлөөлсөн гэж бид анзаарсан. Их, дээд сургуульд суралцаж байгаа эрэгтэй, эмэгтэй суралцагчдын тооны зөрүү нь үүнийг баталж байгаа юм. Үндэсний статикийн хорооноос гаргасан 2019-2020 онд их, дээд сургуульд суралцагчдын тоог хүйсээр харахад 35-40 орчим хувь нь эрэгтэй байна. Мөн сүүлийн 10 жилийн дундажийг харахад энэ хувь ойролцоо байгааг харж болно.
-Тэгвэл их, дээд сургуульд суралцагчдын хүйсийг тэнцвэртэй байлгахын тулд бид юу хийх ёстой?
-Эрэгтэй хүүхдийн өөрсдийнх нь хүсэл зорилгыг сонсохоос гадна багш, эцэг эхийн анхаарал дэмжлэг их хэрэгтэй санагддаг. Мэдээж гэр бүлийн санхүүгийн байдалтай холбоотой зарим эрэгтэй хүүхэд эрт хөдөлмөр эрхэлж байгаа ч дээд боловсрол эзэмшүүлэхэд анхаардаг, дэмждэг, сонсдог байх нь том дэмжлэг гэж харж байгаа.
-Боловсролтой иргэдийн хүйс тэнцвэртэй болсны үр дүнг хэрхэн хүртэх вэ?
-Хамгийн эхэнд гэр бүлийн тогтвортой байдалд мөн бидний байнга ярьдаг жендерийн эрх тэгш байдалтай холбоотой гарч буй асуудлуудад эерэгээр нөлөөлнө. Үүнээс гадна хувь хүний хувьд сэтгэл зүй, эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхэд нөлөөлнө гэж боддог. Энэ нь буцаад эрүүл нийгмийг бүтээх нэг гол хүчин зүйл нь болно гэж бодож байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.4.8 ПҮРЭВ № 70, 71 (6547, 6548)