С.САРУУЛ
Монгол Улс хүн амаа эрчимтэй вакцинжуулж байна. Зорилтот бүлгээ вакцинд бүрэн хамруулахын тулд гадны улс орнуудаас вакцины нийлүүлэлтийг таслахгүй байх шаардлага гарч байгаа. Тэгвэл урд хөршөөс энэ сард багтаан хоёр удаа вакцин нийлүүлэхээр болсныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй “Зууны мэдээ” сонинд ярилцлага өгөхдөө хэлжээ. Элчин сайд энэ талаараа “Вакцины нийлүүлэлт бол манай хоёр орны хамтын ажиллагаанд томоохон чухал байр суурийг эзэлж байна. Хятад улс өөрийн бүтээсэн вакциныг хөгжүүлж бэлэн болгоод хамгийн түрүүнд Монгол Улсад хандивласан. Мөн ирэх долоо хоногт дахин 3000 тун вакциныг татахаар хоёр тал тохиролцсон. Коронавирусын эсрэг вакцин бол өвчнийг даван туулах хамгийн чухал зэвсэг учраас цаашид ч энэ чиглэлээр хамтран ажиллах болно. Дэлхий нийтэд вакцины хүрэлцээ хангамж муу байгаа ч биднийг хамгийн хүнд хэцүү үед дэмжиж ирсэн Монголын ард түмэнд туслах нь зайлшгүй.
Манай улс таван төрлийн вакцин хөгжүүлэн албан ёсоор бүртгүүлж зах зээлд гаргалаа. Вакцин гаргасны дараа хамгийн түрүүнд Олон улсын хамтын нийгэмлэгт нийлүүлж эхэлсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дээд хэмжээний уулзалт дээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин бид вакцинаа хөгжүүлж гаргасны дараа нийтийн хүртээл болгоно. Хятад улс дэлхийн өмнө өгсөн амлалтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна гэдгийг онцлон тэмдэглэсэн. Одоогоор 60 гаруй оронд вакцинаа хандивласны дотор Монгол Улсад хамгийн түрүүнд 300 мянган тунг хандивласан. 40-өөд оронд бизнесийн журмаар нийлүүлж байгаагийн дотор дөрөвдүгээр сарын 2-нд 300 мянган тун вакцин мөн сардаа багтаагаад 600 мянган тун вакцин нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Үүний үр дүнд Монгол Улсын дархлаажуулалтын явц илүү шуурхай болж ойрын хугацаанд иргэдээ дархлаажуулж цар тахлыг даван туулна гэж найдаж байгаа” гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: www.polit.mn