Б.ТУУЛ
ЭЕШ өгөхөөр бэлтгэж буй сурагчдад зориулан Боловсролын үнэлгээний төвийнхөн “Мэргэжилтэн зөвлөж байна” буланг цувралаар хүргэж байгаа билээ. Иймд ЭЕШ-тай холбоотой мэдээллийг албан ёсны сувгуудаас хүлээн авахыг зөвлөж байна. Мөн зарим элсэгчдийн сонирхсон асуултад БҮТ-ийн мэргэжилтнүүд дараах хариултыг өгч байна.
- ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтыг хэзээ авах вэ. Хугацаааг нь тогтсон уу?
-“COVID-19” цар тахал өвчний нөхцөл байдал, УОК-ын журам шийдвэрийг үндэслэн ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтын хуваарийг БШУЯ-тай зөвшилцөн Боловсролын үнэлгээний төв зарлах бөгөөд шалгалтыг орон даяар Улаанбаатар хотын цагаар нэгэн зэрэг зохион байгуулна. Дашрамд дуулгахад, элсэлтийн ерөнхий шалгалт болон МХБШ-ын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.5 жил буюу 30 сарын хугацаанд хүчин төгөлдөр байна. Монгол хэл бичгийн шалгалт нь хураамжгүй, батламж хуудастай байна. 2018, 2019 онуудад МХБШ өгч, 400 болон түүнээс дээш оноо авсан бол уг шалгалтад хамрагдахгүй байж болно.
-Энэ жилийн ЭЕШ-ын төлбөрийг давхар төлсөн бол яаж буцаах вэ?
-Элсэгчид бүртгүүлэх явцад төлбөрийн гүйлгээг давхардуулж хийсэн тохиолдолд 2021 оны тавдугаар сарын 03-ны өдрөөс өмнө БҮТ-д хандаж төлбөрийн буцаалт хийлгэх тухай хүсэлт гаргаж болно. Давхардсан гүйлгээг буцаахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.Үүнд, банкны теллерийн тамгатай хуулга, иргэний үнэмлэхний хуулбар, өргөдөл зэргийг БҮТ-д авчирч өгнө.
-2021 оны ЭЕШ-ын блюпринт хэзээ тавигдах вэ?
-2021 оны ЭЕШ-ын блюпринт нь суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгад суурилна. Уг блюпринт энэ оны тавдугаар сарын 15-аас www.eec.mn, help.eec.mn сайтад байршина.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.31 ЛХАГВА № 64 (6541)