Д.ЦЭРЭННАДМИД
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч
УУЛЫН ТУХАЙ ДУУЛАЛ БУЮУ ЭХЛЭЛ
Монгол эх орны баруунаа чиглэх замд явах зуур хойд зүгт тулганаа бадрах гал шиг өөдөө дүрэлзсэн нэг сүрлэг уулс хараа булаадаг. Энэ бол Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт оршдог Хөгнөхан хэмээх сайхан хангай юм. Бараа нь харагдаж эхэлснээсээ хойш аяны замд дагаад байх шиг тэр уулыг ажих зуур тэр зүгийн цэнхэр салхи эрт урьдын түүх домог чихэнд шивнэх шиг болдгиймаа. Тэр нутагт төрсөн хүмүүний хувь заяа үйлс нь дэгжиж байдаг болов уу гэсэн эргэцүүлэл бас төрдөг. Яагаад гэвэл энэ уулнаа төрсөн нэг хүмүүнтэй надаас эхлээд Монголын ард түмэн цаашлаад тив дэлхийнхэн танил болсон байдаг юм шүү дээ. Энэ хүн бол Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч, хошууч генерал, төр, нийгмийн нэртэй зүтгэлтэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа. Гавьяат үйлс бүтээсэн, нэр төртэй яваа сайхан хүний тухай бичихэд үзэг хүртэл хурдалдаг юм шиг. Энэ нь сэтгүүлч мэргэжлийн маань “өвчин” буюу сэтгэлийн хөөрөл байх л даа.
Ургамал ногоо нь хавар эртээ үндэс түрэн тэнгэрээс хур царайчлахгүйгээр ургаж дэлгэрдэг тэр араншин энэ л нутгийнхны зан төрхтэй төстэй гэж болохыг Ж.Гүррагчаа гэдэг эрхмээс олж харсан гэж ч болох болов уу. Цаг цагийн салхинд бүхний нас хугацаа хийгээд хорвоогийн алив юмс хуу хамагдан одох буюу өөрчлөгдөж байдаг. Тэгвэл хэлбэр дүрсээ хэзээ ч өөрчлөхгүй ханхайх тэр сайхан хангайн үрчлээт магнай болсон нөмөр дулаан Рашаантын бууцнаа Ж.Гүррагчаа мэндэлсэн юм. Тэндээсээ хожмоо задгай сансарт дүүлж ямар ч манан буданд царайгаа нуулгүй алсын алсаас дүнхийн харагдах Хөгнөхан уул шигээ мөнх хэзээ ч мартагдахгүй гавьяат үйлсийн эзэн болсон түүний түүхэн ховорхон олдох хувь заяа нь эхэлсэн байдаг. Уулс бол мөнхийн настай гэдэг. Дэлхий хэдэн настайв. Тэр нас уулынх гэхээр дэлхийн насыг тээж ирсэн байж таарах. Бүр хүмүүн биднийг бүтээгдэхээс өмнө л дөө уул бий болжээ. Гэхдээ Хөгнөхан гэдэг нэр шинэвтэр юм. Шинэ ч гэж дээ. Домог түүхээр амилсан нэр байх нь. Нэг сонин түүхийг Ж.Гүррагчаа баатар ярьдаг юм билээ. Тэртээ онд буюу Манжийн үед Галдан-бошигт хаан энэ ууланд нэг томоохон хийд байдаг гэж дуулаад олохыг санаархсан ч тийм амар олоогүй гэдэг. Яагаад гэвэл хийдийн лам нар, иргэд нь нохдынхоо амыг боож хийдийнхээ оройн алтан ганжирыг навтас эсгийгээр далдлан хаагаад ямар ч чимээ анир, ор бараагүй байлгаж чадсан учир нэг хэсэгтээ олсонгүй л дээ.
Гэтэл нутгийнхан гэнэдэж дайн тулааны хөл холдлоо гэж эндүүрэн ганжирынхаа нуувчийг тайлчихаж. Түүнийг нь Галдан-бошигтынхон Номгон уулнаас харж хийдийг олоод лам нарыг нь бүгдийг нь хурга шиг хөгнөж байгаад толгойг нь авсан гэдэг юм. Энэ домгоос үүдээд Хөгнөхан гэдэг нэр бий болсон гэж. Уг домгийг сонсохуйд Монголын нэгэн үеийн түүх энэ уулнаа шингэж үлдэж дээ гэж болох мэтээ. Тиймийн учир Хөгнөхан уул байгаагүй бол тэндхийн зан сайтай өвгөд эмгэд буян хишгээ үлдээгээгүй бол тэр уулын хүү Ж.Гүррагчаа гэж хурдан морины унаач хүүхэд байгаагүй бол Монголоос сансарт нисэх өөр хүн байсан юм гэж үү.
Түүний сансарт цойлсон онцгой хувь заяаг нутгийн буурал уул нь түшсэн гэж ч болно. Ж.Гүррагчаа баатар ч тэгж бодож тэр сайхан хангайдаа залбирч явдаг байгаа юм. Бөх хүнийг хаа нэгтэй наадамд очиж барилдахад нутгийнх нь уулс хамт очдог гэсэн үг бий. Энэ утгаар бодох юм бол Ж.Гүррагчаагийн суусан “Союз-39” сансрын хөлгийг дэлхийгээс хөөрөхөд Хөгнөхан уул Казахстаны нутагт очоод тэндхийн уулстай өндөр булаалдаж байсан биз ээ гэж бодогдох. Тийм ч болоод сансрын нисэгч маань ажил албаны өрөөндөө Хөгнөхан уулынхаа зургийг залж эрхэмсэг дүр юуг нь харж сэтгэл оюундаа эрч хүч авч ирсэн ажээ.
* * *
Ж.Гүррагчаа бага насаа хөдөөгийн эгэл бор амьдрал дунд үдсэн байдаг. Тэр тусмаа Хөгнөхан уулын Рашаантын бууц, Сүвээгийн өвөлжөө, Бөмбөгөр толгой гээд тэр орчмын хөндий талдаа хонь мал хариулж, хурдан хүлгийн дэлнээ дарцаглаж явсан байдаг. Аав Б.Жүгдэрдэмид нь малч, моринд дуртай төдийгүй уяач нэгэн байжээ. Тиймээс Ж.Гүррагчаа долоон настайдаа анх наадмын морь унасан гэнэлээ. Дэндэвийн өсгий цагаан хээр гэж нутаг усандаа зартай хурдан морь байх. Түүнтэй л уралдахсан гэж Гүрээ хүү бодох. Тээр нэгэн жил буюу 1960 оны нэгэн наадам түүний санаанаас гардаггүй гэдэг. Яагаад гэхээр зургаан насанд уралдахдаа нэг түрүүлж хоёр гурван морь нь айрагдсан дэндүү сайхан наадсан ажээ. Аав нь ч хөл нь газар хүрэхгүй баяртай хүү Гүрээ нь ч их хөөрөлтэй явсан гэдэг. Ингэж хурдан хүлгийн нуруун дэрвэж үедээ тэр хожмоо хэн болохоо нэг их төсөөлж явсангүй л дээ. Харин нэг сонин зүүд зүүдэлснээ сүүлд сүрхий зөгнөл байж гэж санадаг ажээ. Өвөө нь их, бага хоёр бор морьтой. Тэдэнд нь Гүррагчаа хүү их хайртай юм байж. Гэтэл нэг удаа өвөө нь бага борыгоо явуулын хүнд унуулаад явуулчихаж. Түүнээс хойших нь Гүрээ хүү нэг сонин зүүд зүүдэлж. Мань хүн дайснуудтай байлдаж байх юм гэнэ. Гэтэл дийлдэхнээ хариугүй. Харин бага морь нь давхиад ирдэг юм. Шуудхан мордоод ухасхийсэн чинь нисээд уул, тал тээр дор харагдаж байлаа гэх. Энэ зүүд хожмоо намайг сансарт нисэх зөн байсан юмсан уу гэж баатар ярьдаг. 1961 онд түүнийг тавдугаар ангид байхдаа Юрий Гагарин гэдэг хүн анх удаа сансарт нислээ гэдгийг сонсоод сэтгэл нь хөдөлж түүнээс хойш нисэгч болохсон гэсэн санаа төрсөн гэдэг юм билээ. Тэгсэн ч санаснаар болох янзгүйхэн. 1966 онд Булгандаа 10 дугаар ангиа төгсгөтөл Хөдөө аж ахуйн дээд сургуулийн инженер механикийн ангийн хуваарь өгчээ. Тэндээ жил гаруй суралцаж байтал цэрэгт мордов. Энэ тухайгаа Ж.Гүррагчаа ярихдаа
-Цэргийн алба надад амьдралын том сургууль болсон төдийгүй ирээдүйг маань тодотгож өгөх луужин болсон юм гэж хэлнэ лээ. Нээрээ ч түүнээс хойших амьдралын замнал нь шув шулуухан нэг үгээр хэлэхэд өөдөө байсан гэж болно. 1971 оноос ЗХУ-ын Киргиз ССР-ийн Фрунзе хотноо нисэхийн дунд сургуульд суралцаж радио, тусгай тоноглолын механикч болсон бол удалгүй Москвад Жуковскийн нэрэмжит агаарын цэргийн академид явсан байдаг. Энэ сургуулиа төгсгөж ирээд налайх дахь Ардын цэргийн 137 дугаар ангид очиж. Тэр ангид дуунаас хурдан гэгддэг байлдааны МИГ-17 онгоцуудтай болж нисэгчдийг бэлдэхэд Гүррагчаа багшилж байв. Яг тэр үед манай улс Интеркосмос олон улсын байгууллагад элсэж сансар судлалын хамтын ажиллагаанд оролцох болжээ. Ж.Гүррагчааг тус ангид очих үед Монголоос сансарт нисэх хүн бэлдэх гэж хэдэн хүн сонгож аваад байж. Эхлээд 10 гаруй хүний бүртгэлтэй байсан юм гэдэг. Интеркосмосын дэд ерөнхийлөгч Б.Петров гэдэг хүн монголд ирж тэр сонгосон хүмүүстэй уулзаад явахдаа
-Жигд сайхан залуучууд байна. Болж өгвөл дээд мэргэжлийн хүн байвал сайн юм даа гэж хэлсэн байдаг. Энэ дагуу нь олон сорил, шинжилгээний дараа М.Ганзориг, Д.Сайнцог, Ж.Гүррагчаа гурвыг онцгойлон сонгож авчээ. Сүрэнхорлоог бас нэмж авсан удаатай юм. Ингээд бэлтгэл ажил дэс дараатай хийгдэж эхлэв. Удалгүй Москвад анх дөрвүүлээ очин олон төрлийн сорилд оржээ. Сансарт зориулагдсан ачаалалтай маш хүнд дасгал сургууль хийлгэж хүний бие махбодийн төдийгүй оюун санааны бэлтгэлийг өндөрт авч үзэж байлаа. Энэ үед тэд олон олон хүнд сорилтыг давж сансрын нислэгийн бэлтгэл гэдэг тэр чигээрээ шинжлэх ухаан юм гэдгийг яс, махаараа мэдэрчээ. Ер нь алив дасгал сургуульд зохицоод ирэхээр дараа нь хүн ганц хөлтэй сандал дээр ч тогтоод байх боломжтой болдог ажээ. “Ил-39” тийрэлтэт онгоцоор ниснэ. Шүхрээр өдөр ч шөнө ч бууна. Газарт ч гэсэн сансрын хөлөгт яваатай адил үзүүлэлттэй техникийн дасгалууд хийнэ. Тэр бүхэнд Ж.Гүррагчаа тун ч түүртэлгүй хамаг сорил шалгалтыг давсаар байлаа. Монголчуудын нэг ойлголт байдаг л даа. Сайн хүнийг сонгохдоо аливаад авхаалж самбаатай, сэтгэл нь ямар ч булингаргүй, тусч үнэнч шударга, удам сайтай, бие чийрэг, хурц хараатай зоригтой хүн байхыг тэр бүхэн нийлээд ноёр нуруутай гэгдэг. Тэр шаардлагуудыг эцсийн эцэст Ж.Гүррагчаа хангаж чадав. Энэ тухайд өөрөө хэлэхдээ “Миний төрсөн нутаг орон, аав ижийгийн минь өглөг надад эрүүл чийрэг бие бялдартай, зөв хүн болохын эхлэл байлаа” гэж бахархдаг юм билээ.
Тэгснээр Ж.Гүррагчаа ЗХУ-ын сансрын туршлагатай нисэгч Владимир Жанибековтой нэг баг болж нисэхээр болжээ. Байконурт очсон хоёр дахь багт М.Ганзориг, В.А.Ляховтой бэлтгэгдэж байлаа. Гэтэл нэг сэтгэл зовоосон явдал гарч. Энэ нь сансарт нисэхээс гурван сарын өмнө Ж.Гүррагчаа бамбай булчирхайн хагалгаанд орсон үйл. Энэ үед тэр “би сансарт нисэх нисэхгүй нь яахав. Монгол Улс маань сансарт хүнээ нисгэх содон үйл хэрэг саатах вий гэж сэтгэлээ өвтгөж байж. Тэгвэл Зөвлөлтийн анагаах ухааны гайхамшиг, эмч эрдэмтэд тэр эвгүй бодлоос н аварсан гэх юм билээ. Ж.Гүррагчаа сансарт нисэх оноо эмнэлэгт угтсан ч ердөө 10 хоногийн дараа бэлтгэлдээ шамдан орсон байдаг.
* * *
1981 оны гуравдугаар сарын 22. Монголыг дэлхийд зарласан энэ өдөр Интеркосмос сансар судлалын программ амжилттай хэрэгжиж байгаагийн нэг тод жишээ нь Байконурын сансрын буудлаас “Союз-39” хөлөг дэлхийгээс хөөрлөө. Монголын жирийн малчны хүү Жүгдэрдэмидийн Гүррагчаа ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Владимир Жанибековын хамт сансрын хөлөгт ажиллаж явна гэсэн баярт мэдээ дэлхийнээ түглээ. Улаанбаатарын гудамжаар яваа автобус машин туг дарцгаа хийсгэн “Монгол хүн сансарт нислээ” Жүгдэрдэмидийн Гүррагчаад баяр хүргэе” гэсэн уриа лоозонгоор чимэглэн хурдалж байлаа. Монголчууд бие биедээ баяр хүргэж байв. Зурагтын дэлгэцээр сансрын нисэгчдийн хөлөгтөө явааг цаг мөч тутамд харж байсан юм. Сонин хэвлэлийн хуудаснаа мөн тэр сансрын гайхамшигт үйл явдлын тухай мэдээлж байв. Монгол Улс сансарт нисэгчээ илгээсэн дэлхийн 10 дахь, Азидаа хоёр дахь орон боллоо гэж ярих нь бахархалтай хэрэг гэж бичсэн нийтлэл, сурвалжлага тэнд гарсаар л. Монголын анхны сансрын нисэгч анхдагчийн өлгий Булган аймгаас төрлөө гэсэн баярт мэдээ радио долгионоор дуурсаж байсан. Ж.Гүррагчааг сансарт явсан долоо хоногт Монголчууд даяараа баярласан даа. Хүн төрөлхтний түүхэнд дэлхийн долоон тэрбум хүний дундаас цөөхөн хүн сансарт ниссэн байдаг. Тэдний нэг нь Жүгдэрдэмидийн Гүррагчаа гэдэг монгол хүмүүн боллоо гэхээр Монгол Улсын түүхэнд алтан хуудас нээгдэж XX зууны гайхамшигт үйл явдлаар нэрлэгдсэн билээ.
* * *
В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт аяласан долоо хоног 20 цаг 40 минутад тэр бүх зорьсон ажлаа амжилттай хэрэгжүүлснээ эх дэлхийдээ бууж ирээд төр, засагтаа рапортласан байдаг.
Байконурын сансрын буудлаас хөөрсөн “Союз-39” хөлөг зүгээр нэг дэлхийг тойрох зорилготой байгаагүй ээ. Хорин сая морины хүчтэй хөдөлгүүртэй тэрхүү сансрын хөлөг есхөн минутад дэлхийн татах хүчнээс ангижирч тойрог замд орсныхаа дараа секунтэд найман км-ийн хурдтай аяласан байдаг юм.
Уг хөлөг хөөрснөөс хоёр хоногийн дараа “Салют-6, Т-4 станцтай холбогдож Владимир Ковалёнок, Виктор Савных нартай уулзалдахдаа хоёр орны найрамдлын билгэ тэмдэг эв модоо нийлүүлж хадаг сүүгээ барилцсан гэдэг юм. Бас Эрдэнэтийн зэс, Жесказганы зэсийн хавтан авч явснаараа бахархцагаасан байна. Гүррагчаа анд нөхдөө монгол цагаан идээ, борцтой цай чацарганатай сүүгээр дайлжээ. Ингээд л програмтай ажил Монгол, Зөвлөлтийн нөхөрлөл хамтын ажиллагаатай холбоо бүхий шинжлэх ухааны туршилтуудаа эхлүүлсэн юм. Нийт 25 туршилт хийсэн юм билээ. Тэр бүх туршилтаа цогцоор нь “Эрдэм” хэмээн нэрлэжээ. “Эрдэм” туршилт нь дотроо гурван төрөлтэй эхэнд нь физик, технологийн “Алтай-1, Алтай-2 туршилт, хоёрт нь эмнэлэг биологийн, гуравт нь байгалийн тандалт судалгааны чиглэлтэй туршилтууд байлаа. Тэр дотроо Монгол Улсын газар тариалангийн талбайн газар зүйн зураглалыг гаргасан нь энэ салбарын бүтээмжийг урьдчилан тогтооход ач холбогдлоо өгчээ. Мөн монгол орны нутаг дэвсгэрийн цэнгэг усны нөөцийг тогтоох зорилготойгоор уулархаг нутгийн мөсжилтийн зургийг авч судалгаа хийсэн байна. Энэ бүхэн шинжлэх ухааны хувьд нэгэн зууны манлай ажил байлаа. Бас нэг онцгой ажил нь нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг тодорхойлох туршилтыг хийжээ. Энэ туршилтыг хийсэн 26-ны шөнө Улаанбаатарт асар их гэрэлтүүлэгтэй байсан нь тустай болсон гэж сансрын нисэгчид ярьсан бий. Ийнхүү сансрын нислэгийн багийнхан долоо хоногийн турш завгүйхэн ажилласан байдаг юм. Сурвалжлага, телевизийн нэвтрүүлэг бэлдэх, мэндчилгээ дэвшүүлэх ажлаа ч амжуулж байв. Бас хоёр орны найрамдал, хамтын ажиллагаатай холбоотой билгэдэл гэвэл хувьсгалын өлгий нутаг Алтанбулаг болон Монгол, оросын дайчид харийн дайсантай мөр зэрэгцэн тулалдсан газар Халхын голын шорооны дээж авч явсан төдийгүй Ардын хувьсгалын партизан дөчин хэдэн хүний захиа даалгаврыг биелүүлэх гээд дэс дараатай олон ажил байсан юм билээ.
В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт аяласан долоо хоног 20 цаг 40 минутад тэр бүх зорьсон ажлаа амжилттай хэрэгжүүлснээ эх дэлхийдээ бууж ирээд төр, засагтаа рапортласан байдаг. Ж.Гүррагчаа баатрын ярьснаар бол сансрын тэр харанхуй цээлээс эх дэлхийгээ харахад өөрийнхөө өнгөөр л харагдаж байсан нар, сар гэхэд зарим үед од шиг л үзэгддэг гэх. Түүний онцгойлон хэлсэн нэг зүйл бол уулга алдмаар бодогдсон нэг юм нь зөөлөн цэнхэр гариг-эх дэлхийгээ хараад уяхан замбуу тив гэж эцэг, өвгөдийн ярьдаг л санаанд орж байлаа гэсэн бий. Яг энэ цаг үед сансрын багийн бүхээгт монгол дуу хуур эгшиглэж, бүжгийн дээж амилсан гэдэг. Алдарт дуучин Н.Норовбанзад гуайн дуулснаар “Уяхан замбуу тивийн нар” уртын дуу захгүй сансарт цуурайтсан байна. Сансраас монгол нутгаа та харсан уу гэхэд дэлхий маань хуурай газар, далай тэнгис гэдгээрээ ялгарч харагдаж байсан. Нарийн харахад хэцүү. Жишээ нь монгол орноо харах боломж ердөө хоёр минут. Томоохон уул нуруу, нуурууд л үзэгдэх төдий өнгөрнө шүү дээ. Харни шөнийн цагаар бол дэлхий дээрх гэрлүүд тод харагддаг гэж Гүррагчаа баатар хэлдэг юм билээ. Ингээд сансрын хөлгөөр бүтэн долоо хоног илүү аялахдаа дэлхийг 124 удаа тойроод эх дэлхийдээ эргэж ирсэн билээ. Тэр цагаас хойш 40 жил болжээ. Гучин гурван настайдаа сансарт ниссэн эрхэм хүн Ж.Гүррагчаагийн Монгол, Зөвлөлтийн баатар, сансрын нисэгч гэдэг хүндэтгэлийн ард төр, нийгмийн нэрт зүтгэлтэн гэсэн гуншин нэмэгдсэн байгаа. Энэ нь төр, засагтаа өндөр дээд алба хашсан юм шүү гэсэн үг юм л даа. Анх Намын төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгчээр томилогдсон бол тун удалгүй Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн дарга болсон байдаг юм. Бас Монгол, Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга байсан. Тэгээд 2000-2004 онд Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд байлаа. Үүнийхээ дараа буюу 2004 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажилласан байдаг. Тэр үед олон улсын болон НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд монгол улс цэрэг, цагдаагийн албан хаагчдаа оролцуулах хуулийг батлан гаргасан бол 2003 онд ажиглагчаа илгээж дараа жилээс нь цэргийн багаа Иракт явуулсан зэрэг нь Ж.Гүррагчаагийн ажил алба, алдар нэртэй холбогддог юм билээ.
Мөн тэр бүхнээс өмнө 1990 онд Монгол Улс ардчилсан тогтолцоонд орсон үеийн 430 депутатыг сонгох анхны сонгуулийг удирдсан явдал түүний төр, засагт ажилласан жилүүдийн нэг гол мөчлөг нь байв. За тиймээ. Сансарт ниссэн ховорхон хувь заяа нь төр, нийгмийнхээ төлөө гэсэн бүтээлч үйлсээр баяжсан гэж ч болно. Даанч зарим нэгэн шиг би сансрын нисэгч бас сайд дарга байлаа гэж бүхний түрүүнд ярьдаггүй хүн л даа. Хэрэв мань мэт нь сансарт нисчихсэн бол “Монгол хүү” гэдэг кинонд гардаг “Би шороотын Цэвээн байна” гэж ханхалдаг шиг л юм болох болов уу гэсэн хошин бодол төрдөг юм.
-Та өөрөөрөө бахархдаг уу гэсэн асуултад тэр хариулахдаа
-Монгол Улсынхаа болоод монголчуудын түүхэнд үлдэх онцгой үйл явдалд оролцсноороо л бахархдаг даа гэсэн байдаг юм.
Энэ хариулт эрдэмт хүн даруу гэдэгтэй дүйх байхаа. Малчин аав Б.Жүгдэрдэмид, ижий Ц.Ичинхорлоо нарынх нь зөв хайрлал, сэтгэлийн бүүвэй нь хүүгээ од гариг руу, захгүй сансарт үдэх дуудлага ч байсан юмсан уу. Хүмүүний амьдрал ахуй амьдралтайгаа зохицож тогтносон нь олон мянган жилийн явцад бий болсон гарцаагүй үнэн. Тэр дотор хүн гэдэг өөрөө давтагдашгүй бас мартагдашгүй ертөнц гэдэг. Энэ ухагдахууны зүгээс аваад үзэх юм бол хөрөг нийтлэлийн маань гол баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа гэдэг эгэлхэн мөртлөө энгүй гавьяатан маань Монгол түмний яахын аргагүй бахархал, мартагдахгүй хүний нэг юм даа.
“Орчлонгийн дотор сэтгэлийн тэнгэртэй ганцхан амьдрал байдаг нь хүний ертөнц” гэж их зохиолч Д.Нацагдорж хэлсэн байдаг. Энэ үгийн чанадаас авч үзвэл бие, ухаан, сэтгэл гурвын нийлбэр нь Ж.Гүррагчаад заяажээ гэж хэлж болох мэтээ. Түүний Хөгнөхан уулаас улбаатай амьдралын зам харгуй нь яван явсаар сансарт хүрсэн билээ. Энэ хүний түүх хожмоо домог болж үлдэхийн учир бий. Энэхүү хөрөг нийтлэлийн минь зорилго Ж.Гүррагчаа гэдэг эрхэм хүний дотоод ертөнцийг бага ч атугай тэмтэрч тэр тухайн бахархлыг дахин давтан сануулахыг хичээсэн минь энэ билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.3.1 ДАВАА № 39, 40 (6516, 6517)