С.САРУУЛ
Чуулганы хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч санал болгож УИХ-аас томилдог байсныг даргыг нь Ерөнхий сайд санал болгож УИХ томилдог, дарга нь дэд даргаа томилдог болгон өөрчилсөн билээ. Холбогдох байнгын хороогоор хоригийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Тэгвэл чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 84.1 хувь буюу олонх нь Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Хоригтой холбоотойгоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Нью Йоркийн шүүх дээр байгаа хэргийн нэхэмжлэлийг хэн татаж авсан бэ. Оффшорт байгаа хөрөнгийн учрыг олохоор явж байгаа хэргийн нэхэмжлэлийг хэн татсан. Та нар газрын баялаг мөнгө болоод гадагшаа гарчихсан хэргийн шалгах процессыг зогсоох гэж байна. Ингэж болохгүй. Оффшороос нэг ч төгрөг орж ирээгүй гэж байна. Ч.Хүрэлбаатар зогсоочихож байгаа болохоор орж ирэхгүй байгаа юм” гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Доржханд “ Ах нарын авлигын асуудлаас хол байя гэсэн ч үг хэлэхгүй бол болохгүй нь. Монгол Улс авлигадаа ялагдсан. АТГ-ын даргыг би томилъё, чи дэд даргыг нь томил гэж байснаа дарга нь дэд даргаа томилдог болгосноос танхим дүүрэн хэрүүл болгож байна. Орчин үед дэд дарга, дэд сайд нарын хэрэг байхгүй болсон. Хуучин цагт дарга гадагшаа явлаа гэхэд орлох хүн хэрэгтэй байсан. Одоо технологи хөгжөөд хаанаас л бол хаанаас ажилладаг болчихсон шүү дээ. С.Ганбаатар гишүүнийг гадаа хүйтэнд өлсөж, ядарч байгаад эмзэглэж байна” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn