Б.ДОЛЖИНЖАВ
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.26/ хуралдаан 10:30 цагт эхэлж, Засгийн газраас 2020 оны тавдугаар сарын 01-нд өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах талаар Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулав.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Чингис хааны музейн барилгын ажил хэзээ дуусаж, ашиглалтад орох талаар тодрууллаа. Үүнд Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Чулуун “Чингис хаан, хаад язгууртны музей” нь Монгол Улсын түүхэнд байгаагүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн музей болно. Одоогоор барилгын ажил 90 хувь, дотоод заслын ажил 70 хувь, үзүүлэн, үзмэр бүрдүүлэх ажил 50 орчим хувьтай, Ардын хувьсгалын 100 жилийн ойн өмнө ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа” гэсэн хариулт өглөө.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг музейн ажилтанд 10 жил тутамд урамшуулал олгоно гэснийг найман жил болгох санал гаргаж, санал хураалт явуулахад гишүүдийн 57.1 хувь нь дэмжлээ. Ийн хэлэлцээд Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн юм. Хуралдааны төгсгөлд хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагчаас нэрээ татах хүсэлтээ ирүүлсэн Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрамын хүсэлтийг үндэслэн Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийг томилсноор хуралдаан өндөрлөв.
Эх сурвалж:www.polit.mn