С.САРУУЛ
Засгийн газар, Эрүүл мэндийн яам 2020 оны 7 дугаар сараас эхлэн КОВИД-19 халдвараас сэргийлэх вакцинд хүн амыг хамруулах талаар бүх чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн. Үүний нэг нь КОВАКС олон талт хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс уг механизмд хамрагдан хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд КОВИД-19 халдвараас сэргийлэх аюулгүй, үр дүнтэй вакцин авах хүсэл сонирхолтой байгаагаа 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор илэрхийлсэн.Түүнээс хойш 2020 оны долдугаар сарын 30-ны өдөр хуралдсан КОВАКС механизмын Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэрээр Монгол Улс тус механизмын АМС бүлэгт хамрагдах эрхтэй 92 улсын жагсаалтад багтсан. Энэ талаар ЭМЯ-нд 2020 оны наймдугаар сарын 04-ний өдөр КОВАКС-ын Нарийн бичгийн дарга нарын газраас хариу ирүүлжээ.
Улмаар халдварын эсрэг вакцин хүлээн авах, түгээх, дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний төлөвлөгөө”-ний хүрээнд хүн амын 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувийг КОВАКС-аас авахаар төлөвлөсөн байна. 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр КОВАКС механизмын Нарийн бичгийн дарга нарын газраас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хандаж Монгол Улсын Засгийн газрын Вакцины хүсэлтийг албан ёсоор хүлээн зөвшөөрч, КОВАКС AMC бүлгийн Оролцогч улс болохыг баталгаажуулжээ.
2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр Эрүүл мэндийн яам, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хамтрагч талуудтайгаа хамтран вакцин хүлээн авахад шаардлагатай бэлэн байдлыг үнэлэх нэгдсэн VIRAT/VRAF 2.0 аргачлалын дагуу өөрийн улсын вакцинжуулалтын бэлэн байдлыг цогц байдлаар үнэлсэн байна. Түүнчлэн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалаар баталсан Яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох журмын дагуу Хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр өнөөдрийн байдлаар гурван нэрийн вакцинд Монгол Улсад яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгоод байна.
Эх сурвалж: www.polit.mn