Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг хүргэсэн билээ. Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.
Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж: 2021 оныг “Хөдөө аж ахуйг дэмжих жил” болгон зарласан
-Өвөрхангай бол хөдөө аж ахуй давамгайлсан аймаг. Сүүлийн жилүүдэд малын тоо толгойгоор улсад байнга тэргүүлэх үзүүлэлттэй явна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 50-иас дээш хувийг хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлдэг. Нөгөө талдаа бэлчээрийн даац, цаг агаарын нөхцөл байдлаас хамаараад малчид отор нүүдэл хийх нь ихэсч, тулгамдсан олон асуудал гарч байна. Тиймээс ирэх дөрвөн жилд хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах зорилго тавьж, 2021 оныг “Хөдөө аж ахуйг дэмжих жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд хөдөө аж ахуйн салбар руу чиглэсэн олон ажил төлөвлөсний дотор малын тэжээл, ургамлыг аймагтаа тарьж, өвс тэжээлийн нөөцийг дотроо бүрдүүлдэг байх томоохон зорилтыг дэвшүүлээд байна. Мөн “Халамжаас хөдөлмөр эрхлэлтийн бодлого руу” гэсэн томоохон зорилтыг дэвшүүлсэн. Халамжаар амьдрах биш, ажил хөдөлмөр хийж өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь боломж нөхцөлийг бүрдүүлж ажиллана. 2020 онд “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилийг зарлаж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн. Энэ ажлыг үргэлжлүүлж, өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд анхаарна. Мөн аймгийн хэмжээнд Сум хөгжүүлэх сангийн эх үүсвэр гэж 6 тэрбум гаруй төгрөг бий. Энэ хөрөнгийг бүтээлч иргэд, ажил олгогчид руу чиглүүлж, оновчтой төслийг дэмжиж ажиллана гэж бодож байгаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2021.1.4 ДАВАА № 1 (6478)