Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны эхний дугаартаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга нарын үйл ажиллагааг онцолсон. Орон нутгийн сонгуулийн үр дүнгээр аймаг, нийслэлийг удирдах эрх өвөртөлсөн эрхмүүд ирэх дөрвөн жилийн хөгжлөө хэрхэн харж, төлөвлөж буйг хүргэсэн билээ. Тэгвэл www.polit.mn Засаг дарга нарын байр суурийг хүргэж байна.
Ховд аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав: 20 гаруй дэд хөтөлбөр хэрэгжүүлнэ
-COVID-19 цар тахлын халдвар хэзээ ч хаалга тогшиж болзошгүй энэ цаг үед ард иргэдийн хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүллээ. 2021 онд 2020 онд ажлыг нь эхлүүлсэн бүсийн хөгжлийг тодорхойлохуйц томоохон төслөө эхлүүлж заримыг нь ашиглалтад хүлээж авна. Тухайлбал, жилдээ 300.0 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай, “Ховд эко Цементийн үйлдвэр”-ийг ашиглалтад оруулна. Малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийн үйлдвэрээ хүлээн авч, Үйлдвэр технологийн паркийн төслийн ажил эхлүүлнэ. Ховд Агро парк төслийг өргөжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцын төслийн ажлыг энэ оны дөрөвдүгээр сард эхлүүлнэ. Хэд хэдэн суманд сургууль цэцэрлэгийн барилгын өргөтгөл, 50 ортой хүүхдийн эмнэлэг, 1000 оюутны Хөгжил Политехник коллежийн хичээлийн байрны барилгыг ашиглалтад оруулна. Утаагүй бүс нутаг болох зорилтын хүрээнд байгуулах “Шахмал түлшний үйлдвэр”-ийн барилгын ажлыг эхлүүлнэ. Хамгийн гол нь “Хүний хөгжил”- ийн асуудалд түлхүү анхаарна. Нийгмийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажлыг нь шинэ шатанд гаргана.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2021.1.4 ДАВАА № 1 (6478)