
Д.БОЛОРМАА
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэмт хэргийн тухай хуулийн төсөл болоод Зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Хуулийн төслийн талаар Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбаттай ярилцлаа. Тэрээр энэхүү төслүүдийг боловсруулан бичигчийн нэг юм.
-Хууль тогтоогчид Гэмт хэргийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ ямар онцлогтой хууль вэ. Нэршлээсээ эхлээд шүүмжлэл дагуулж байх шиг?
-Монгол Улсад өнөөдөр Эрүүгийн тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль үйлчилж байна. Энэ хоёр хууль болоод өдгөө дагаж мөрдөж байгаа 250 гаруй хуульд бусдад хариуцлага хүлээлгэх тухай заасан байдаг. Дэлхийн улс орнуудын жишгийг аваад үзэхэд Захиргааны хариуцлагын тухай хууль, Эрүүгийн тухай хууль нь хариуцлагын цөм бүрдэл нь байдаг. Манайд гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг ярих атлаа гэмт хэрэг нь гарах үндэс суурь болсон, олон зуун зөрчлийн асуудлыг анхаарч ирсэнгүй.
Энэ төрлийн хариуцлага сул, нэгдмэл бус бодлоготой явсны уршгаар хууль тогтоомжийн давхардал, зөрчилдөөн маш их гардаг байлаа. Зөрчил болон гэмт хэргийг давхардуулан хуульчилснаас болж зөрчил байна гээд захиргааны хариуцлага хүлээлгэх ёстой ч юм шиг. Эсвэл Эрүүгийн хуулиа харахаар гэмт хэрэг байна гээд ял шийтгэл ногдуулах хэрэгтэй юм шиг явж ирлээ. Амьдрал дээр ийм байгаа учраас л эрүүгийн хуулийн тогтоомжийг төрөлжүүлэн нэгтгэхийн тулд Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийн төсөл боловсрууллаа. Яахав, Гэмт хэргийн тухай гэж нэрлэлээ гэж шүүмжлэх хэсэг байх шиг байна. Шүүмжилж байгаа нь сайн хэрэг. Бүх нийтийн анхааралд оруулж энэ хуулийг батлах зайлшгүй шаардлага байгаа юм байна гэдгийг ойлгоход дөхөм болох болов уу. Нэршилд олон нийт шүүмжлэлтэй хандвал хуучин нэр буюу Эрүүгийн тухай хууль гээд явчихаж болно. Гэхдээ эцсийн дүндээ хор уршгаар ялимгүй багаханд нь торгууль шийтгэл ногдуулах Зөрчлийн тухай хуулийн төсөл дагаад батлагдах ёстой. Энэ хоёр хууль цогцоороо байж хариуцлагын тогтолцоонд маш том өөрчлөлтийг авчрах учиртай. Мэдээж онцлог шинж, өөрчлөлтийн талаар яривал их юм байна. Хамгийн наад зах нь ял шийтгэлд томоохон өөрчлөлт орлоо. Олон нийтийн шүүмжлэлийг байнга дагуулдаг байсан гэмт хэргийн хохирлыг төлүүлэх хөшүүргийг өргөн хүрээтэй болгохыг хичээлээ. Шинэ төрлийн гэмт хэргийг хууль тогтоомжид зааж орууллаа гээд тодорхой шийдэл гаргасан олон өөрчлөлт бий.
-Гэмт хэргийн тухай хуулийн төслөөр ямар төрлийн хэргийн ял нэмэгдэж, ямар төрлийнх нь багасав. Бүлэглэн, давтан гэсэн ойлголт алга болж?
-Давтан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлдэг хуулийн концевцийг манай улсаас өөр орнууд халчихсан шүү дээ. Бидний хөрш ОХУ хүртэл 1995 онд баталсан хуулиасаа 2003 онд давтан үйлдвэл хүндрүүлэн үйлчилдэг байсан үзэл баримтлалаасаа татгалзсан. Хамгийн гол нь давтан гэх ойлголтыг авч хаяснаараа удаа гэмт хэрэг үйлдэгч этгээдийг шийтгэхгүй гэсэн үг биш. Үйлдсэн хэрэг болгонд нь шийтгэл ногдуулж, түүнийг өөр хооронд нь нэмээд нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Энэ зарчмаар явна. Дондог таван удаа хулгай хийсэн бол үйлдэл бүртээ л ял шийтгэл авна даа.
-Ялын бодлого бүр хүндэрч байгаа юм биш үү?
-Хүндрэхгүй. Харин олон удаа гэмт хэрэг үйлдсэн хүнд ял завших боломж байхгүй болно. Ямар төрлийн гэмт хэргийн ялын бодлого хатуу болж байна гэж ярихаас илүү аливаа гэмт хэрэгт оногдуулах ялын сонголтын хэмжээ өргөн болсон. Өөрөөр хэлбэл, хэргийг шүүн шийдвэрлэх шүүгч нарт шүүгчдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн оролцоо зэргээс хамааран чанга эсвэл зөөлөн байдлаар шийтгэх сонголтыг үлдээж байгаа юм. Одоо дагаж мөрдөж байгаа хуулийн ял шийтгэлийг дээшлүүлсэн эсвэл доошлуулсан зүйл заалт төдийлөн байхгүй. Харин доод болон дээд хэмжээний зай их болсон. Ингэснээр тухайн хэрэг үйлдсэн хүний нөхцөл байдалд тохируулж ял ногдуулна гэсэн үг.
-Төсөлд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх хэд, хэдэн арга бичжээ. Тухайлбал, нийгэмд тустай ажил хийлгэх, электрон гав хэрэглэх тухай байна. Энэ нь манай нийгэмд хэрэгжих боломжтой юу?
-Мэдээж ялын шинэ төрөл болох электрон гав хэрэглэх буюу зорчих эрхийг хязгаарлах тухай шинээр оруулсан байгаа. Харин нийгэмд тустай ажил хийлгэх нь одоо ч хэрэгжиж байгаа шийтгэл шүү дээ. Албадан ажил хийлгэх ялын шинж чанарыг нь өөрчлөөд нийтэд тустай ажил хийлгэх болгосноос өөр зүйлгүй. Энэ ялын үр нөлөө, өгөөж нь нийтэд тустай, нийгэмд хэрэгтэй байх болно. Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн хүнийг шийтгэх далимдаа нийгмийн ажлыг бүтээлгээд авна гэсэн үг шүү дээ. Зорчих эрхийг хязгаарлах буюу электрон гав хэрэглэх нь нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг хөдөө орон нутагт хэрэгжих боломжгүй гэдэг утгаар нь шүүмжилж байх шиг байна. УИХ төслийг хэлэлцэхдээ энэ ялыг хэрэгжих боломжгүй гээд хасах нь уу, байх ёстой гээд шийдэх нь үү. Энэ бол хууль тогтоогчдын шийдэх асуудал. Ер нь электрон гавыг шийтгэлийн нэг төрөлд ашиглах бүрэн боломжтой. Монгол Улсын хөгжлийг монгол хүний сэтгэхүйд таарахгүй гээд орхиж болохгүй. Ухаалаг гар утас, компьютерийг хэрэглэдэг атлаа хууль зүйн хариуцлага хүлээлгэх болохоороо манай улсын хөгжил болоогүй гээд хойш суух хэрэггүй. Яахав, орон нутагт мал маллаад амьдарч байгаа хүнийг ийм байдлаар шийтгэж болохгүй гэж халхлах гэж оролдож байна. Үнэн хэрэг дээрээ гэмт хэрэг үйлдсэн тэр малчныг барьж авчраад шоронд хийж болно. Гэхдээ малчин өөрөө эрх чөлөөгөө хасуулснаас ийм төрлийн шийтгэлийг авахыг хүснэ шүү дээ. Зорчих эрхээ хасуулсан нөхөр шоронд орохгүйгээр хууль сахиулах байгууллагын хяналтад байх бололцоотой.
-Нийтэд тустай ажил хийлгэнэ гэхээр хэн хариуцах юм. Бас нэг агентлаг байгуулах уу. Нөгөө талаас электрон гавын өртөг өндөр гэх юм билээ. Хамгийн хямдхан нь 500 мянган төгрөг. Үнэтэй нь нэг сая гаруй гэнэ?
-Өнөөдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага орон нутгийн захиргаатай хамтраад албадан ажил хийлгэх ялыг эдлүүлж байна. Үүнд хөрөнгө мөнгө ороод сүйд болох юм байхгүй. Харин электрон гавыг улс нь худалдаж аваад хүндээ зүүлгэх үү эсвэл хувийн хэвшлийн байгууллагаар гаргуулаад хяналтыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцах уу гэдэг шийдэж болох менежментийн асуудал. Эцсийн дүндээ электрон гавыг гурван сая хүндээ зүүлгэх гээгүй. Гэмт хэрэгт шийтгэгдсэн 7000-8000 хүний цөөн хэсэгт нь хувийн байдал, үйлдсэн гэмт хэргээс хамаараад зүүлгэх үү, үгүй юу гэдгээ шийднэ. Ер нь хувийн хэвшлээр гавыг нь гаднаас авахуулаад дараа нь ялтан зүүснийхээ хөлсийг өөрөө төлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналтаа тавиад явах бүрэн боломжтой. Ингэсэн тохиолдолд төсвөөс хөрөнгө гаргуулах шаардлагагүй.
-Академич, хуульч С.Нарангэрэл багш Эрүүгийн хуулийн төрөлжсөн хуулийн төсөл боловсруулж байсан ч үүнийг нь хууль тогтоогчид авч үзэхийг хүсээгүй. Та бүхэн энэ төслөөс санаа аваа юу?
-Академич С.Нарангэрэл багшийн боловсруулсан төсөл одоо дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийг хөгжүүлж сайжруулах, алдаа дутагдлыг арилгах зорилготой байсан. Энэ ч утгаараа С.Нарангэрэл багшийн хуулийн төслөөс санаа авсан зүйл бий. Хамгийн гол нь 2002 оноос Эрүүгийн хуульд хийсэн судалгаа шинжилгээний үр дүн, практикт учирч буй бэрхшээл тулгамдаж буй асуудлын талаарх санал, шүүмжлэл бүгдийг судаллаа. Эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын гаргасан судалгаатай нэг бүрчлэн танилцаад тулгамдаж буй бэрхшээлийг арилгахын тулд хуулийн төсөлдөө тусгахыг хичээсэн.
-Шинээр хууль боловсруулахаас илүү нэмэлт өөрчлөлтөөр шийдэх боломж байгаагүй гэсэн үг үү?
-Үүнд хоёр шалтгаан байна. Нэгдүгээрт, үзэл баримтлалын зарчмын шинжтэй өөрчлөлт орсон. Давтан гэмт хэрэг, хохирол, хор уршгийн асуудал, шинэ төрлийн гэмт хэрэг хуульчлах гээд олон зүйлийг хэлж болно. Хоёрдугаарт, хариуцлагын тогтолцоог цогц болгохын тулд төрөлжсөн хуулийн төсөл боловсруулсан нь энэ. Түүнээс биш өөрчлөх ёстой байх аа гээд сэтгэл хөөрлөөр өөрчилчихсөн юм биш. Энэ хуулийг боловсруулах явцад таван удаа хуулийн төсөлд санал шүүмж авч, тухай бүрт нь нэмэлт өөрчлөлтийг тусгаж ажилласан юм шүү.
-Энэ төслийг боловсруулахдаа барууны орнуудын хуулийг хуулбарласан гэх шүүмжлэл бий. Ялангуяа, АНУ-ын хуулийг хуулсан гэж?
-Энэ бол гүтгэлэг. Төслийг боловсруулахад аль ч орны хуулийг жишиг болгож ашиглаагүй. Ашигласан гэж нялзаах гээд байгаа бол Германы Эрүүгийн хууль тогтоомжоос тодорхой асуудлыг зохицуулдаг сайн туршлагуудыг жишиг болгож харсан уу гэвэл харсан. Гэхдээ хамгийн үнэн гэвэл төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг өгүүлэх 12 жилийн судалгаа, баримт бичигт тулгуурлаж боловсрууллаа. Түүнээс биш энэ хуулийг хуулсан гээд жишээ аваад ирэх хүнтэй мөрий тавихад ч бэлэн байна. Хаанаас ч хуулаагүй.
-Онигоо ч гэх юм уу ийм нэг яриа гарсан байна лээ. Гэмт хэргийн тухай хуулийн төсөлд санал авахаар хуулийн байгууллагад тараахдаа БНСУ-ын мөнгөн нэгж воноор торгох тухай биччихсэн байсан гэв үү?
-Валютын ханш гэдэг ойлголтоор баримжаалахыг хичээсэн. Энэ бол тооцооны нэгж гэдэг утгаар нь орж ирсэн болохоос биш вон эсвэл доллараар торгох тухай хуулийн төсөлд бичээгүй. Монгол төгрөгийн ханш ямар байна, түүгээр нь торгоно гэсэн үзэл баримтлалаар хуулийн төслийг хийсэн юм.
-Энэ хууль батлагдан гарлаа гэж тооцоход процессын ямар зардал гарах бол. Дээрээс нь олон хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа байх аа?
-200 гаруй хуульд өөрчлөлт оруулах нь техникийн шинжтэй асуудал юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэдэг нэр томъёог шинэ хуулийнх нь нэрээр орлуулна. Үүнд ямар ч хөрөнгө мөнгө гарахгүй. Ер нь Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хууль батлагдан гарсны дараа хуулийг хэрэгжүүлэхийн тулд мэдээж хэрэг зохион байгуулалтын ажил хийгдэнэ. Түүнд нь зардал гарах уу гэвэл гарна. Жишээлбэл, хуулийг батлагдан гарахад үүсэх эдийн засгийн үр дагаврыг нарийн тооцож гаргасан байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхийн тулд тогтолцоог нь бий болгохын тулд 470 гаруй сая төгрөгийн зардал гаргахаар тооцсон байна лээ. Харин тогтолцоо нь бүрдсэний дараа зардал төдийлөн гараад байхгүй байх. Эцэст нь монголчууд бид нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Ялын бодлого нь чанга, ял завшуулж байгаа тухай шүүмжилдэг хуулийг нь засаад ирэхээр дахиад л шүүмжлээд байж таарамгүй байгаа юм. Гагцхүү эрүүл, зөв шүүмжлэл хэлвэл дуртайяа сонсоно шүү.
-Тэгвэл энэ хууль эцэслэн батлагдлаа гэхэд хэзээнээс хэрэгжих боломжтой вэ. Хорих ял эдэлж байгаа 8000 ялтны хэд нь суллагдах бол?
-Урьдчилсан тооцоогоор Гэмт хэргийн тухай хуулийн төсөл өргөн баригдсан хувилбараар батлагдвал ял эдэлж байгаа хүмүүсийн 30 орчим хувь нь хорих ялаас чөлөөлөгдөх боломжтой. Гэхдээ хэрэг үйлдсэн хүн болгоны хэргийг авч үзэж, хэргийг дахин үнэлэх, шинэ хуулийг буцаан хэрэглэхэд ямар хөнгөлөлт ирэх бол гэдгийг шийдэх учраас таамаглахад хэцүү байна. Хуулийг хэрэгжүүлж эхлэхэд бэлтгэл хугацаа хэрэгтэй. Ялангуяа, энэ хуулийг хэрэгжүүлж эхлэхийн тулд хэрэгжилтийг хангаж өгөх Хууль сахиулах үйл ажиллагааны хуулийн төсөл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн төслийг давхар батлах шаардлага гарна. Хамт батлагдах байх гэж найдаж байна. Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахын тулд багаар тооцоход нэг жил орчим хугацаа орох байх.
-Хэрэв ялтны 30 орчим хувь нь суллагдана гэвэл Өршөөлийн хуулийг батлах шаардлагагүй болж байна уу?
-Бэлтгэл ажилд хугацаа хэрэгтэй учраас энэ хооронд Өршөөл үзүүлэх хуулийн төслийг хэлэлцэж батлаад ял эдэлж байгаа хүмүүст уучлал үзүүлэх боломж байгааг үгүйсгэхгүй.
-Хоёулаа Зөрчлийн тухай хуулийн төслийн талаар яривал асуух зүйл их байна. Гэхдээ сонины зай талбай хомс учраас ганцхан зүйлд хариулт авъя. Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэгч нь хэн байх вэ?
-Хууль нь төрөлжүүлэн гарах ч шинэ алба гарахгүй. Гааль, татвар, цагдаа гээд захиргааны хариуцлага хүлээлгэдэг эрх бүхий албан тушаалтнууд хэрэгжүүлээд явна.
-Прокурорын удирдлагатай уулзсаных сүүлийн үед онц ноцтой гэмт хэрэг яагаад гарах болов. Шалтгаан нөхцөл нь юу бол. Цаазаар авах ялыг халсантай холбож хэлэх хүн байна?
-Гарч байгаа онц ноцтой хэргүүд цаазаар авах ялтай огт холбоогүй. Онц хүнд гэмт хэрэг өнгөрсөн жилээс 1.7 хувиар буурсан. Гагцхүү бид онц ноцтой гэмт хэргийн талаар асар сайн мэдээлэлтэй байгаа юм.
-Таван хувиар нэмэгдсэн юм биш үү. Цагдаагийн байгууллага ийм судалгаа гаргасан байна лээ?
-Яах вэ, нийт гэмт хэрэг өссөн. Харин онц хүнд гэмт хэргийн хувь буурсан. 1970, 1980-аад онд ч гэсэн өнөөгийнх шиг ийм аймшигт хэрэг гардаг л байсан. Цаазаар авах ял хэрэгжиж байсан цаг хугацаанд ч гэсэн гардаг л байсан. Үүнийг цаазаар авах ялтай холбож болохгүй.
-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-д шилжүүлсэн алдаа болжээ хууль тогтоогчид ярих боллоо. УЕПГ энэ албаа эргүүлж авах тухай ч яриа байна?
-Цагдаагийн албан хаагчийн үйлдсэн гэмт хэргийг цагдаа өөрөө шалгаж чаддаггүй учраас Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг байгуулсан. Харамсалтай нь, албаныхан маань бие дааж үйл ажиллагаа явуулж чадахуйц болсон нь хууль сахиулагчдын эрх ашигт ноцтой нөлөөлөл үзүүлсэн юм байлгүй. Ер нь цаашдаа эргээд сэргээх ёстой. Улсын ерөнхий прокурорын дэргэд биш юм гэхэд ямар ч байсан АТГ эсвэл цагдаагийн дэргэдэх нэгж нь байж болохгүй.