Т.САЙХАН
Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр /11.10/ цар тахлын хүнд үед хамгийн эхний “шүүлтүүр” болон ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагад ажиллалаа.
МХЕГ-ын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга “Бидний гол анхаарлаа хандуулж байгаа асуудал бол коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажил. Өнөөдрийн байдлаар 15 боомтод 485 улсын байцаагч, 121 ариутгагч, лабораторийн шинжээч, албан хаагч ажиллаж байна. Манай улсад бүртгэгдсэн “Ковид-19”-ийн тохиолдлуудын 40 гаруй хувь нь зөвхөн Алтанбулагийн боомтоор нэвтэрсэн иргэдээс илэрсэн. Тиймээс хойд хилийн боомтуудын хяналтыг чангатгах арга хэмжээ авч байна. Гэсэн ч хамгийн халуун цэг болох боомтуудад нэн даруй шийдвэрлэх олон асуудал бий” гэлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дэлхийн олон улс орнууд коронавирусын хоёр дахь давлагаа эхэлснийг мэдэгдэж, хариу арга хэмжээг авч байна. Монгол Улс дотооддоо уг вирусийн халдварыг алдаагүй цөөхөн орны нэг болж үлдлээ. Бид 3.3 саяулхнаа, тиймээс халдварыг дотооддоо алдахгүйн төлөө анхаарал сэрэмжтэй байж, хараа хяналтаа улам сайжруулах ёстой. Та бүхний хичээл зүтгэл, эр зоригийн хүчээр өнөөдөр Монгол Улс тайван байна. Гэхдээ Монгол Улс бүхэлдээ Ковидод “бүслэгдсэн” байгаа гэдгийг мартаж болохгүй” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn