“...Яндаж болшгүй далай шиг яасан баян нутаг вэ” гэж Д.Сэнгээ найрагчийн шүлэглэсэн нь гарцаагүй юм.
“Эрдэнэт үйлдвэр” гэж 42 жил дэлэнгээ шувтруулж байгаа “саалийн үнээ” байх... Сааль нь татраагүй, саах хүсэлтэнгүүд ч олон...
Иймийн тул Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлд“Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна” гэж заасан нь лав “Эрдэнэт үйлдвэр” дээр баахан зөрчигдөж байгааг бид харж байна.
Монголын төр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан хувийн хэвшлийг буруутгаад тэрийг нь хураагаад авчихсан. Тэгсэн атлаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааны явцад бий болсон овоолгыг нэгэн гэр бүл дангаар эзэмшиж байх жишээтэй.
Чухам ийм учраас Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл хуулиа сахиулахыг сануулж удаа дараа мэдээлэл, нийтлэл хүргэж байгаа юм.
Энэ удаад ч бас дахин хөндлөө.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглаж, катодын зэс үйлдвэрлэж буй “Ачит Ихт” ХХК-ийг ЕТГ-ын дарга асан П.Цагааны гэр бүл эзэмшиж байна.
Уг нь анх 2010 онд “Эрдэнэт үйлдвэр”, “Ачит Ихт” компаниуд хамтарч 34:66 хувиар эзэмшинэ гэж тохирчээ.
Тодруулбал, 2010 онд “Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн балансын гадуурх овоолгыг түшиглэн зэсийн үйлдвэр байгуулж, 34 хувийг “Эрдэнэ үйлдвэр” эзэмших гэрээ хийсэн байдаг. “Ачит Ихт” ХХК нь энэ гэрээний хүрээнд 2014 оны наймдугаар сарын 8-нд 1/154 дугаартай албан тоотоор “Хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэл, санал, гэрээний төсөл”-өө “Эрдэнэт үйлдвэр”-т хүргүүлсэн байна.
Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн тал татгалзжээ. Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-т очих ёстой байсан 34 хувь гацсан нь үүнтэй холбоотой болж таараад байна.
“Ачит Ихт” ХХК энэ талаар “... “Эрдэнэт үйлдвэр”-ийн 11 хүн оролцсон ажлын хэсгийн саналаар “Эрдэнэт үйлдвэр” 34 хувиасаа татгалзаж, “Ачит Ихт” ХХК 100 хувь хувийн өмч хэвээр үлдсэн. Харин “Эрдэнэт үйлдвэр” өөрийнх нь технологид таарахгүй, балансын бус ч гэлээ овоолго ашиглуулсныхаа хариуд роялти хэлбэрээр өнөөдрийг хүртэл 13 тэрбум төгрөгийг гэрээний дагуу авсаар ирсэн. Гэрээ байгуулагдсан, 34 хувьтай холбоотой товч, тодорхой түүх бол энэ.
... “Ачит Ихт” компанийн 34 хувийг төрд шилжүүлэх тухай идэвхтэй ярьж байна. Гэтэл өдгөө төр өөрийн мэдлийн өмчүүдээ хувьчлах бодлогыг барьж байгаа. Төрийн мэдлийн компани, аж ахуйн нэгжүүд жилийн жилд алдагдалтай, ашиггүй ажилладаг, шахааны бизнес цэцэглэдэг “жишиг” манайд бий. Ашигтай ажиллуулах гол зарчим нь хувьчлал гэдгийг дээр дооргүй санал нэгтэй дэмжиж, эхнээсээ хувьчлагдаад үр өгөөжөө өгч байгаа компаниуд ч байна. Гэтэл ашиглалтгүй байсан овоолгыг эдийн засгийн эргэлтэд оруулаад үр шимийг нь улс орон, хүн ардтайгаа хамтдаа хүртэж, байгаль орчинд хортой “ногоон ус”-ны асуудлыг хүртэл шийдээд явж байгаа төслийг төр өөрийн гараар бусниулах бус харин түүний оронд төр, хувийн хэвшил хамтраад хэрхэн илүү үр ашигтай ажиллахаа тодорхойлоод явбал тустай бус уу” гэж байгаа юм.
Үгүй шүү дээ, П.Цагаан дарга аа.
Хэдхэн асуулт танд тавих хэрэгтэй юм байна.
Та хариулаарай!!!
Танай компанийн зүгээс 2014 оны наймдугаар сарын 8-нд “Эрдэнэт үйлдвэр”-т хүргүүлсэн “Хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэл, санал, гэрээний төсөл”-ийн хариуд тус үйлдвэрийн 11 хүнтэй ажлын хэсэг 2014 оны аравдугаар сарын 6-нд хариу дүгнэлт гаргасан байна. Түүндээ
“-“Ачит Ихт” ХХК-ийн барьсан гидрометаллургийн үйлдвэрийн ТЭЗҮ үндэслэл муутай хийсэн. Эдийн засгийн эрсдэл өндөр байх магадлалтай маш муу төсөл гэж үзэж байна.
-“Эрдэнэт үйлдвэр” ХХК нь технологийн үзүүлэлтийн эрсдэлийг хамтарч үүрэх шаардлагагүй. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай зөвшилцөлгүй ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн.
-“Ачит Ихт” ХХК-ийн ТЭЗҮ-д технологийн болон байгаль орчны эрсдэлийг үндэслэл муутай тооцоолон хийсэн байгаа тул энэ үйлдвэрийн үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь хувь эзэмшиж оролцох шаардлагагүй.
.-Бага агуулгатай болон исэлдсэн хүдрийн овоолгууд нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ажил үйлчилгээний үр дүнд бий болгосон, газрын гадаргуу дээр байгалийн төрхөөрөө баялаг биш баялаг тул “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмч хөрөнгө мөн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” нь энэ хүдрийн овоолготой холбоотой байгаль орчин нөхөн сэргээлтийн асуудлыг хариуцсаар ирсэн” гэжээ. Энэ дүгнэлтийг та юу гэж ойлгосноо тайлбарлана уу.
Бас ТӨБЗГ-ын 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн хоёрдугаар хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх хүрээнд “... “Ачит Ихт” ХХК-тай одоогийн ашиглаж буй овоолгын ашиглалтын болон тус компанийн 34 хувийн эзэмшлийг сэргээх талаар хэлцэл хийж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх ашигт нийцсэн тохиролцоонд хүрсэн тохиолдолд “Хамтын ажиллагаа”-ны гэрээг шинэчлэн байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэв” гэж шийдвэрлэсэн байна. Энэ асуудлаар та бүхэнд хандсан уу?
Нөгөөтэйгүүр “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал байсан Ц.Даваацэрэнг яагаад эрүүгийн хэрэг үүсгэж, АТГ-аас шалгах болсон бэ. Та мэдсэн үү. Бидний олж мэдсэнээр Ц.Даваацэрэнг Монгол Улсын хууль хяналтын байгууллагынхан, тодруулбал АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “...“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар ажиллаж байхдаа үйлдвэрийн үйл ажиллагааны улмаас бий болсон хүдрийн овоолгыг “Ачит Ихт”ХХК-д ашиглуулахаар тохирч, гэрээ байгуулахдаа “Эрдэнэт үйлдвэр”-т их хэмжээний орлого олох боломжийг алдагдуулсан. Ингэхдээ албаны эрх ашгийн эсрэг албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль болон компанийн дүрэмд зааснаар ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан” гэж буруутгажээ. Ийм үндэслэлээр Ц.Даваацэрэнд эрүүгийн хэрэг үүссэн байна. Энэ хэргийг нэлээд хэдийнэ АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн. Тэгээд сураг алдраад байна.
Эндээс харвал, Ц.Даваацэрэн захирал П.Цагаан таны “Ачит Ихт” ХХК-иас 34 хувийг авалгүй та бүхнийг 100 хувьтай үлдээснийхээ төлөө эрүүгийн хэргийн яллагдагч болсон бололтой. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
Эдгээрт та хариулт өгөхийг бодоорой.
Уг нь бол Монгол төр, ард түмэн “Ачит Ихт”-ээс овоолгоо 34 байтугай 100 хувь авсан ч буруутахгүй. Үндсэн хууль л биелэх учиртай юм.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.11.10 МЯГМАР № 217 (6442)