Т.САЙХАН
Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар АН-ын даргын үүргийг түр гүйцэтгэгч Ц.Туваан тэргүүтэй гишүүд мэдээлэл хийлээ. Тэрээр "Хууль хүчний байгууллагууд эрх баригч намын талд үйлчилсэн сонгууль боллоо.21 аймгийн наймд нь АН ялалт байгууллаа. Нийслэлд хамгийн хүнд хэцүү сонгууль боллоо. Мөнгийг хавтгайруулан тараалаа. Нийслэлийн сонгуулийн хороо шүүхийн шийдвэрийг урьдчилан мэдэж хууль бус шийдвэрийг гарган, нэг намын талд илт үйлчиллээ. Түүнчлэн шүүхийн шийдвэрээр эрхгүй хүмүүс нэр дэвшиж өрсөлдсөн зэрэг хүч тэнцвэргүй, будилаантай сонгууль боллоо. Увс, Архангай, Баянхонгор аймгуудад хуулийн зөрчилтэй хүмүүс нэр дэвшиж, ялалт байгуулсан. Тухайлбал, гэмт хэрэгт шалгагдаж байсан, хуурамчаар гарын үсэг зурсан этгээд Архангай аймагт сонгогдсон. Мөн Увс аймагт шүүхийн шийдвэрээр өртэй нь нотлогдсон атал нэр дэвшиж, ялсан. Энэ мэтчилэн зөрчлүүд олноор гарлаа.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ардчиллын үнэ цэнийг нотолж өгсөн сонгууль боллоо. Авлига албан тушаалын хэрэгт холбогдож, их хэмжээний мөнгө авсан хүмүүсийг нэр дэвшүүлэн иргэдийн саналыг худалдаж авлаа. Гэсэн хэдий ч ардчилал Монгол Улсын баталгаа, үнэ цэнийг зөвшөөрсөн үр дүнг үзүүлсэнд баяртай байна.
Эх сурвалж:www.polit.mn