Т.САЙХАН
ТЕГ-ын дарга асан Б.Хурцад Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Тэгвэл өнөөдөр /10.13/ Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Б.Хурц, нарт холбогдох хэргийн шүүх хурал 10.00 цагт товлогдсон юм. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг аравдугаар сарын 28-ы өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.
Б.Хурц тэргүүтэй зургаан хүн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг. Уг хэргийн шүүх хурал өнгөрсөн долдугаар сард таван өдөр үргэлжилсний эцэст Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр болсон. Харин О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял оноож, мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.
Эх сурвалж:www.polit.mn