Ардын намын “хүчирхийлэл”-ийг таны сонголт л зогсооно

2020-10-13
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ГАРЬД

 

“...Таны эрх миний эрхээр хязгаарлагдана”, энэ бол ардчилал ба монгол хүний харилцааны үндсэн категори юм.

Хэрвээ энэ хил хязгаар эвдэгдэж, хэн нэгэн бусдын эрх, эрх чөлөөнд нэвтрэх аваас тэр нь хүчирхийлэл болдог.

Тиймээс хүчирхийлэл гэдэг зүйл бидний ямар ямар эрх чөлөөнд халдсан бэ гэдгийг бид мэддэг. Энэ талаар өнөөдөр бүгд дуугардаг болсон. Тэмцэж эхэлж ч байна.

Гэхдээ бид нэг чухал эрх чөлөөгөө мартсан. Тэр эрх чөлөө маань аль хэдийнэ хүчирхийлэлд автчихсан, аврал эрээд удаж байна.

Тэр бол монгол хүний улс төрийн эрх чөлөө. Байгаа нь мэдэгдэхгүй, байсан нь ч тодорхойгүй болж буй ардчилал хэмээх гучаад жилийн өмнөх үйл явцаас хойш энэ эрх чөлөөг бий болсон гэж үздэг.

Харамсалтай нь энэ эрх чөлөө өнөөдөр байхгүй. Угаасаа байгаагүй байж ч мэднэ.

Учир нь бид улс төрийн эрх чөлөөгөө огт байгаагүй зүйлтэй адил үгүйлдэггүй. “..Хааччихав аа” гэж хайдаггүй.

Гэтэл улс төрийн эрх чөлөө бол монгол хүний хэзээ ч мартдаггүй “амьд явах эрх”-тэй яг ижил. Магадгүй, түүнээс илүү.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйл “...Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй”, “...Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй”, “...Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой. Энэ хүсэл зориг нь сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогтмол, хуурамч бус сонгуулиар илрэлээ олно” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуульд ч энэ эрх бий.

Бидний ардчиллын символ Америкт энэ эрхийг одоо ч хамгаалдаг. Америкийн ерөнхийлөгч ард түмэндээ таалагдах, тэднээсээ тусламж хүсэхдээ энэ эрхийг урдаа барьдаг. Хоёр жилийн өмнө ерөнхийлөгч асан Барак Обама болон өөр бусад нэр нөлөө бүхий хүмүүс рүү сэжигтэй илгээмж явуулсан асуудлыг ерөнхийлөгч Дональд Трамп нь зэмлэн буруушаасан байна.  “...Энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд засгийн газраас уг хэргийг илрүүлэх үйл ажиллагаанд бүхий л нөөц бололцоогоо гарган ажиллах болно” гэж Д.Трамп лхагва гарагт Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр мэдэгджээ. Ингэхдээ “...Улс төрийн ямар ч хүчирхийлэл манай оронд байх ёсгүй” гэж онцлон тэмдэглэж байв.

Харин манай монголчууд энэ эрх чөлөөг хэрэглэдэггүй.

“...Монголчууд чөлөөт, ардчилсан сонгуулиар төр засгаа сонгодог болоод даруй 30 жил болжээ” гэсэн гадаадад гардаг, парламентын индэр дээр ярьдаг гоё үгийг бид сонсоод дадчихсан.

Угтаа тийм биш. Яг энэ өгүүлбэрийг өндөр дуугаар уншиж буй тэр эрхмүүд дотроо яаж хөх инээдээ барьж ядаж байдгийг бид мэдэхгүй.

Ганцхан үгээр тайлбарлахад төрд өндөр алба хашиж явсан олон хүн сонгуулийн дүн худлаа байдгийг, зохиомлоор гардгийг хэлсэн байдаг.

Тэр тайлбарууд бидний чихний хажуугаар өнгөрдөг.

Магадгүй, хүн болж төрсний хамгийн үнэтэй эрхээ бид байнга хулгайлуулж ирсэн атлаа жижигхэн эрх ашгийн төлөө нүдээ ухахаас буцахгүй тэмцэж байдаг. Тэгтэл улс төрийн эрх чөлөө гэдэг бидний бүх эрхийн үндэс нь болж байх жишээтэй. Улс төрийн эрх чөлөөтэй байж амьд явна, эрүүл амьдарна, сурч боловсорно. Цаашаа олон эрх чөлөө нээгдэнэ.

Тэгвэл өнөөдөр монголчуудын улс төрийн эрх чөлөөг Ардын нам хэмээх эрх баригчид хааж боогоод, хүчирхийлээд сууж байдаг болжээ.

Тэд “...УИХ-д 62 суудалтай болно” гэвэл 62 суудалтай болдог. “...Энэ сонгуульд Ардын нам ялна” л гэвэл Ардын нам ялдаг. Ийм эргэлзээтэй бодит байдал бий.

Нөгөөдүүл маань олж авсан эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ зүгээр л хаан ширээнд заларчихлаа гэсэн үг.

Өөрсдөө язайтал таргалж, нөгөөх сонгогчид нь хорчийтол турна. XXI зууны Монголын сонгогчид картын хүнсээр амьдарч байна. Их зохиолч Д.Нацагдорж гуайн “Цагаан сар ба хар нулимс” гээд бүтэн зууны өмнө бичсэн зохиолын “...Дагдангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” гэдэг өнөөдөр хэвээрээ байгаа нь хамгийн эмгэнэлтэй юм.

Ардын намынхан сонгуульд эрх мэдэл, мөнгө хоёрыг цацдаг. Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд ч ялгаа алга.

Хотоос гараад хаа сайгүй том том жийптэй УИХ-ын гишүүд орон нутгийн дарга нараа овоон дээр хүлээлгэсэн шиг “агаарлаж” явна.

Ардын намын үүсгэн байгуулагч, Ардын намын одоогийн дарга хоёрын төрсөн аймаг Сүхбаатарт Ардын нам 2020 оны УИХ-д сонгуульд унасан. Монгол даяараа 62 суудал энэ намд “өгөхөд” Сүхбаатарынхан өгөөгүй.

Одоо Орон нутгийн сонгуульд ялагдвал 100 жилийн ойгоор нь Сүхбаатар аймагт улаан биш цэнхэр тугтай парад болж мэднэ.

Ийм аюултай учраас Ардын намын 62-ын олонхи нь Сүхбаатар аймагт нэг хоёр цагаар ч болов үзэгдэж, тус нэмрээ өгч явна.

Уг нь УИХ-ын намрын чуулган эхэлсэн. Төрийн ордон эл хуль, гишүүд дээр хэлснээр хөдөөгүүр хэрэн хэсч явна. Гэхдээ Ардын нам үнэхээр бяртай байна.

Эрх баригч намын дарга, Ерөнхий сайд өдөр болгон телевизээр том жижиггүй зандарч загнана. Тэрийг хараад бидний олонхи нь баясна. Эмгэнэлтэй.

Дургүйг нь хүргэвэл хууль хүртэл гаргаж үг хэлэх эрх чөлөөг хүчирхийлж байна.

Хэн нэгэн сайд болох юм бол салбарын бодлогыг өөрийнхөөрөө зохионо. Өөртөө л таалагдвал хэнийг ч хамаагүй дарга болгоно. Төрийн залгамж чанар, мерит зарчим зэргийг тэд мэдэхгүй.

Чухамдаа энэ л улс төрийн эрх чөлөөг маань хүчирхийлж буй хэрэг.

Хамгийн наад зах нь сонгуульд хэн ялахыг сонгогчоос өөр хэн ч шийдэж байх учиргүй. Гэтэл...

Уг нь Ардын намынхан улс төрийн эрх чөлөөг дарангуйлсан улс төрийн хүчирхийллийн талаар 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө намынхаа нэг гишүүнээр хэвлэлд бичүүлж байжээ.

Шведэд Элчин сайд байсан, 1990-ээд оны эхээр Ардын нам /одоо нэр нь өөрчлөгдсөн/-даа жигүүр байгуулж айлгаж явсан нэгэн “...Улс төрийн намын удирдагч гэдэг хариуцлагыг хэрхэн өөр дээрээ хүлээн авдгийн үлгэр дууриаллыг Шведийн социал демократуудын нэгэн түүхээс харж болно.

Улоф Палмегийн залгамжлагч Ингвар Карлссоныг 1996 онд огцорсны дараа Социал демократ намын хувьд цорын ганц залгамжлагч нь Мона Салин байжээ. Тэрээр залуу, эрч хүчтэй, шинэ цаг үеийн шаардлагыг ойлгодог, уг намын үндсэн дэмжигч хүчин болох үйлдвэрийн ажилчдын биш юмаа гэхэд залуучууд, эмэгтэйчүүдэд ихээхэн таалагддаг эмэгтэй улс төрч байв.

Түүнийг дараачийн Ерөнхий сайд гэж хүний өөрийнгүй бүгд хүлээн зөвшөөрсөн байжээ. Гэтэл тухайн үедээ “Таблероны хэрэг” /Toblerone affair/ гэж нэрлэгдсэн банкны албаны картыг хувийн хэрэгцээндээ “ашиглаж”,  хэрчим бялуу идсэн хэргээс болж, тэрээр Намын дарга бөгөөд Ерөнхий сайдын суудлыг эзлэх боломжгүй болж, өөрийнх нь хэлснээр “time out авсан байдаг” гэж бичиж байв.

Одоо энэ нийтлэлээ тэр нийтлэлч Ардын намынхаа дарга нарт уншиж өгөх хэрэгтэй.

Гэвч ийм хүмүүстэй Швед юм уу, Япон маягийн улс төрийн ёс суртахууны тухай ярих ч хэрэггүй.

Гэхдээ бид улс төрийн эрх чөлөөгөө ийм хүчирхийллээс чөлөөлөх ёстой юм. Эргэлзэж байсан ч үзээд алдах ганц л боломж бий. Тэр бол сонгуульд өгөх саналаараа хүчирхийллийг биш эрх чөлөөг нь, хяналтыг нь дэмжих ёстой. Тэгж гэмээнэ Ардын намын “хүчирхийлэл”-ийг зогсоож чадна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.13 МЯГМАР № 198 (6423)

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

Өчигдөр 16 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин