Б.ГАРЬД
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй НИТХ-ын дарга Р.Дагвыг гайхалтай тодорхойлжээ. Х.Нямбаатар Р.Дагвыг “...Манай төвийн тоглогч” гэв.
Энэ үр Р.Дагвад машид таалагдсан байж таарна. Угаасаа сэвээд явахад хөөрхөн PR болохоор үг. Тэгээд ч “...Төвийн тоглогч” гэдэг бол муу биш сайн үнэлгээ өгч буй үг.
Гэхдээ Х.Нямбаатарын үгийг сонгуулийн үеийн хөөсөрсөн магтаал гэдгийг хоёрхон жишээнээс бид харах хэрэгтэй.
Бодит байдал дээр Р.Дагва бол НИТХ-д ч юм уу, хотын МАН-даа “Төвийн тоглогч” огтоос биш. НИТХ-ын төвийн тоглогч нь С.Амарсайхан хэвээрээ байна. Хотын МАН-ын дарга Д.Сумьяабазар ч төвийн тоглогч байж мэднэ. Магадгүй, Р.Дагваас өмнө энэ цол хэргэмд дөхөх хүн нь Х.Нямбаатар өөрөө юм.
Р.Дагвын НИТХ-ын даргын суудалд суусан нь ердөө л МАН дахь том зодооны хаялга. МАН-ын удирдлага дахь төрийн эргэлтийн дүнгээр дээд талдаа М.Энхболд, хот дээр Ц.Сандуй, Су.Батболд нарыг авч хаясан.
Тэнд “дахин хуваарилалт” явагдаж, НИТХ-ын дарга С.Амарсайхан Хотын дарга болсноор Р.Дагвад баг бусын онцгой боломж гарч ирсэн юм.
За яахав, ийм боломж олдсон учраас дөрөөлж байгаад дээшээ гарч болно. Гэхдээ Р.Дагва тэгж чадаагүй. Ердөөл “...Р.Дагва маш муу ажилласан НИТХ-ын дарга” болж хоцорсон.
Элдэв судалгааны дүн хар даа. Р.Дагвын нэр гардаггүйл болохоос С.Амарсайханаас хойш Хотын удирдлагуудын рейтинг хог длээр үсэрсэн. Ж.Батбаясгалан дээр хаяглагдаж байгаа тааруухан нэр хүндийн тал нь лав Р.Дагвынх шүү. Тэгсэн хэрнээ энэ хүн дуугүй байна гэж үгүй.
Хотын иргэдийг баахан өндөр хувьтайгаар жаргалтай амьдруулж байна гээд даапаалсан. Р.Дагвын энэ үгийг сонгогчид мартаж болохгүй. Энэ бол том доромжлол.
Р.Дагва иймэрхүү л хүн. Цааш нь яриад хэрэггүй биз.
Товчхондоо Х.Нямбаатар Р.Дагвыг ямар ч итгэл үнэмшилгүйгээр магтаж, сонгуульд нь нэмэр болж буй төвий юм.
МАН-ынхан сонгуулиар угаасаа ингэдэг. МАН-ын дарга нар гуравхан жилийн өмнө яацгааж байлаа даа.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболд нэр дэвшсэн. Одоогийн МАН-ын дарга, тэр үед Шадар сайдын албан тушаалтай байсан У.Хүрэлсүх сонгуулийн сурталчилгааны тайзан дээрээс М.Энхболдыгоо тэнгэрт гартал магтаж байв.
Ерөөсөө л М.Энхболдгүй Монгол Улс хөгжихгүй, М.Энхболдгүй МАН баларна, М.Энхболдгүй ард түмэн хэцүүднэ, М.Энхболдгүй би чинь яана аа гээд л байсан.
М.Энхболд ялагдсан. Хоёр сарын дараа л “...М.Энхболд оо, чи зайл” гээд сууж байсан.
Мэдээж, У.Хүрэлсүх бүгдийг ганцаараа хийхгүй. МАН угаасаа олуулаа. Хүний ертөнцийн жамаар, Монголын улс төрд тогтсон жаягаар ялсан талд нь олуулаа зогсдог. Ялагдсанаа олуулаа “нухдаг” юм.
М.Энхболдыг яг ингэсэн.
Тэгэхээр Х.Нямбаатарын үг худлаа, Р.Дагва ч энэ үгэнд хөөрөх хэрэггүй.
Хэрвээ сонгуулийн дүнгээр Р.Дагва ялагдвал тэр хэн ч биш болно. Ажил ч үгүй болно. Юун, төвийн тоглогч вэ, “замен”-ы албан тушаал ч олдохгүй.
Элдвийн нялуун нялцгаргүй, үнэн байдлыг шууд хэлэхэд ийм л юм болдог.
Эх сурвалж: www.polit.mn