Б.ДОЛЖИНЖАВ
ШӨХТГ-аас энэ оны есдүгээр сараас аравдугаар сарын хооронд хийсэн хяналт шалгалтын дүнг өнөөдөр танилцууллаа. Энэ үеэр МХЕГ-ын Мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Ганхуягтай мах бэлтгэх, тээвэрлэх, агуулах, борлуулах үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар ярилцлаа.
-Манай улсад гарал үүсэл нь тодорхойгүй мах оруулж ирэх зөрчил их гардаг. Энэ удаагийн шалгалтаар тийм зөрчил илэрсэн үү?
-Эмээлт, Налайхад байрлах зургаан мал төхөөрөх газар, гурван мах боловсруулах үйлдвэр, зургаан зах, худалдааны төвүүдэд ЦЕГ, МХЕГ, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтарсан шалгалт хийлээ. Шалгалтаар хэд хэдэн зөрчил илэрсэн. Хонхорын цагдаагийн постоор энэ сарын 2-ны 00:28 цагийн орчим портер машиныг түр саатуулж шалгахад гарал үүслийн баримт бичгийн зөрчилтэй хонины 87 гулууз мах тээвэрлэж байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтэст шилжүүлсэн. Мал төхөөрөх газрууд мал хүлээн авсан бүртгэл, төхөөрөмжийн өмнөх, дараах үзлэгийг тогтмол хийдэггүй. Бүртгэл хөтөлж хэвшээгүй. Анхан шатны бүртгэл судалгаа хийхгүй байна. Мөн төхөөрөх газрууд нь орон тооны малын эмч ажиллуулдаггүй. Малын эмчийг шаардлагатай тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангаагүй, дотоод хяналтыг хийдэггүй. Хүнсний үйлдвэрийн цэвэр, бохир усны төвлөрсөн мужид холбогдоогүй. Үйлдвэрийн байрандаа засвар хийгээгүй байсан.
-Зөвшөөрөлгүйгээр мах боловсруулах үйл ажиллагаа явуулах нь түгээмэл байдаг?
- “Эмээлт” амьд малын захын хашааны залгаа хашаанд иргэн Баттүшиг нь зохих зөвшөөрөлгүй мал төхөөрөх газар, мах боловсруулах үйл ажиллагаа явуулж байсныг зогсоох арга хэмжээ авсан. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Мөн “Мик” компанийн хашаанд иргэн н.Энхбаатар, н.Батсүрэн нар мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд уламжлалт аргаар мал төхөөрөх, зумлах үйл ажиллагааг зөвшөөрөлгүйгээр явуулж байсныг таслан зогсоосон.
-Махны үйлдвэрүүд шалгалт хийхэд ямар зөрчил илэрсэн бэ. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулдаг нийтлэг байдал ажиглагддаг?
-“Дун фан интернэйшл” компанийн махны үйлдвэрийг шалгахад Баянхонгор аймгаас ирсэн 670 толгой ямааг хүлээн авч боловсруулсан. Ингэхдээ ямаа тээвэрлэлтийн явцад дарагдаж үхсэн байдалтай байсан 17 ямааг устгалд оруулаагүй байсан. Үйлдвэрт суурилуулсан теле хяналтын камер, гадна орчны хяналтын камеруудын бичлэгийн төхөөрөмж нь стандартын шаардлагыг хангаагүй. Мөн “Оргилон гүн” компанийн мал төхөөрөх, мал боловсруулах үйлдвэрийн агуулахад фереон алдагдсан гэсэн албан бус мэдээллийн дагуу хадгалагдаж байсан 740 кг чанаж, вакуумдсан махыг хурааж, үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар саатуулсан. Учир нь мах, махан бүтээгдэхүүний эрүүл ахуйн байдлын үндсэн шаардлагыг зөрчсөн байсан юм. “Түмэн их гэрэлт дивагарь” компанийн мал төхөөрөх үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй бохир орчинд зумлагаа явуулж байсан. Цэвэрлэгээ, халдваргүйтэл хийгээгүй үйлдвэрийн байранд мал, махан бүтээгдэхүүнийг хамтад нь байлгаж байсан тул түр хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоосон.
Эх сурвалж:www.polit.mn