Ч.ЗОТОЛ
Орон нутгийн сонгуулийн үйл явц зарим аймаг, сумдад 2-3 жилийн өмнө гараад дарагдсан хэрэг, зөрчлүүдийг илрүүлж байна уу. Эсвэл тухайн аймаг, сумйнхан хэрэг болох үедээ гаргаж тавина гээд мэдсэн ч мэдээгүй мэт байж улс төрийн сонгуулийг хүлээдэг үү гэсэн асуулт гарч байна. Энэ удаа Баян-Өлгий аймгийнхан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан, Барилга, хот байгуулалтын сайд асан Х.Баделханы 2018 онд өөрийн “Жол” компанид давуу байдал олгосон асуудлыг сөхжээ. Үүний өмнө түүнийг салбарын сайд байхдаа “Жол” компанидаа дөрвөн тендер авсан гэх асуудал сөхөгдөж байв.
Энэ удаа түүний Өлгий хотын 10.4 км замын тендерийг авсан асуудлын мөрөөр Өлгийчүүд хариуцлага нэхэж буй. Мөн хүү Б.Көксеген нь уг ажлыг гүйцэтгэхдээ батлагдсан зураг,төсөл, техникийн шаардлагыг ноцтой зөрчиж төсвийг ихээхэн шамшигдуулсан гэсэн мэдээллийг тодруулахыг хүсчээ. Үүнийг нь Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Р.Будын албан тоот нотолж байна гэж зарим бас хэлж буй. Учир нь тус замын хучилтын 50 хувь нь байхгүй, ямар ч суурь тавиагүй гэнэ. Тиймээс БХБ-ын сайд асан Х.Баделхан 2-3 тэрбум төгрөг шууд завшсан байж болзошгүй хэмээн Баян-Өлгийчүүд хардаж, бас хариуцлага нэхэж байгаа гэв.
Эх сурвалж: www.polit.mn