НИТХ-ын сонгуулийн 33-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч С.Орхонбаяртай ярилцлаа.
-Яагаад сонгуульд нэр дэвшихээр болов. Залуу хүн байж улс төр хөөцөлдлөө гэж шүүмжлүүлж байв уу?
-Би Хэнтий аймгийн Биндэр суманд төрж, өссөн. Эцэг, эхээс тавуулаа. Нутагтаа дунд сургуулиа төгсөөд шууд хотод ирж ажил хийсэн. 18 насандаа гэсэн үг л дээ. Дөрвөн жил ажил хийж сургалтын төлбөр, хэрэглээний мөнгөнийхөө тодорхой хувийг цуглуулаад 2004 онд ХААИС- д элсэн орж Хөдөө аж ахуйн инженер эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Дараа нь Нано шинжлэх ухааны магистраар сурч, өнгөрсөн жил Төрийн удирдагын магистрын зэрэг хамгаалсан.
Энэ хугацаанд хувиараа хөдөлмөр эрхэлж, төр, хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж олны хэлдгээр ёстой л юм юм үзсэн. Тэр хэрээрээ ч ажлын туршлага сууж, амьдралын мөн чанарыг арай эрт таньсан юм болов уу. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамын ХҮХҮБЗГ-ын Бөөний нэгж, ХААГБТЭ-ийн Бирж байгуулах нэгжүүдэд мэргэжилтэн, биржийн сургагч багшаар ажилласан. Ажлын арга эвийг олчих юм шиг санагдаад ирэхээр хувийн бизнесээ ч эхлүүлж үзсэн. Тэгээд 2014 оноос Шадар сайдын Ажлын албанд бие төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2017 оноос “Фантастик дизайн” компанид менежерээр ажиллаж байна.
Улс төрд ороход янз бүрийн л бодол, хандлагатай хүмүүстэй тааралддаг. Миний хувьд улс төр гэдэг бол зорьж хичээж чадах юм бол амьдарч буй орчноо хөгжүүлэх, ядаж л хүүхдүүдэд аюулгүй тоглох, ялгаваргүй боловсрол эзэмшүүлэхийн төлөө тууштай явахад бага ч болов үр дүнд хүрч болох гишгүүр гэж боддог. Түүнээс нэр хүнд, албан тушаалд хүрэх “тасалбар” гэж харвал утгагүй. Олон нийтийн эрх ашгийн төлөө явахад заавал нас тогтож, намба суусан байх ёстой гэж боддоггүй. Харин ч залуу хүн илүү их мэрийж хамаг хүчээ дайчилж, арай л илүү сэтгэл зүтгэл гаргаж ажиллана. Хамгийн гол нь хаана, хэнд юу хэрэгтэйг мэдэрч, ойлгосон л байх ёстой. Түүнээс бодит ажил болох эсэх нь эргэлзээтэй, хэзээ ч бүтэхгүй гоё сайхан зүйл амлаад хол явахгүйг нийтээрээ харж байна. Би Сонгинохайрхан дүүрэгт 20 гаруй жил ажиллаж, амьдарсны хувьд асуудлаа мэднэ. Гарц гаргалгааг илүү олон нийтийн санал хүсэлтээр шийдвэрлэдэг хүн сонгогдоосой гэж хүсдэг. Би өөрийгөө ийм хүмүүсийн төлөөлөл гэж бардам хэлж чадна.Тийм ч учраас хэн юу гэж хэлэхээс үл хамаарч МАХН-аас нэр дэвшиж байна.
-Тэгвэл 20 жил харж ажигласан, мэдэрсэн асуудал юу байна вэ. Бусад нэр дэвшигчдээс давуу талаа тодорхойлбол?
-Манай Сонгинохайрхан дүүрэг ихээхэн онцлогтой. Хамгийн олон хүн ам, том нутаг дэвсгэртэй. Монгол Улсын хүн амын 11 хувь нь, Улаанбаатарын иргэдийн 20 гаруй хувь манай дүүрэгт ажиллаж амьдарч байна. Харин амьдрах орчны хувьд иргэдийн ихэнх нь буюу 70 гаруй хувь нь гэр хороололд байдаг. Байшин хороолол гэвэл ганцхан нэгдүгээр хороолол л байна. Мөн Улаанбаатарын агаарын бохирдлын оргил цэг нь Сонгинохайрхан. Ингэж харвал нийслэлчүүдийн ихэнх нь амьдардаг хэрнээ хамгийн их асуудал хуримтлагдсан, утаа, түгжрэлийн төв цэг болсон дүүрэг гэж хэлж болно. Тэр хэрээрээ гэмт хэрэг, ослоос үүдэлтэйгээр хүний хамгийн наад захын хэрэгцээ шаардлага болсон эрүүл, аюулгүй амьдрах эрх зөрчигддөг.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд залуу хүний хувьд зүгээр суусангүй. Сонгинохайрхан дүүргийн “Иргэд оршин суугчдын зөвлөл” ТББ байгуулж дүүргийнхээ иргэдтэй хамтраад болж бүтэхгүй зүйлийн төлөө чадлаараа тэмцэж ирсэн. Дүүргийнхээ иргэдтэй хамтраад айл өрх бүрээр орж явахдаа асуудлын гүн рүү орсон. Тэр үед алхам тутамдаа асуудалтай нүүр тулж шийдвэрлээд өгөөч гээд төрийн байгууллагууд руу бичиг цаас бариад гүйж байхдаа олон гарц гаргалгаа олж харсан. Тиймээс өнөөдөр илүү ихийг хийж, илүү бодитой ажил хэрэг болгохыг хүссэн учраас нэр дэвшихээр шийдлээ.
Бусад хүмүүс шиг нэр дэвших болохоороо асуудал хайж гудамж хэсдэг, айлуудын хаалга үүдийг онголзуулах шаардлага надад байхгүй. Сонгинохайрхан дүүргийн “Иргэд оршин суугчдын зөвлөл” ТББ-ын хүрээнд судалж шинжилсэн хэдэн зуун хуудас материал надад бий. Энэ бол миний том давуу тал гэж бодож байгаа. Мөн ажил амьдралаа холбосон дүүргийнхээ сайн сайхан ирээдүй , хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, ирээдүй болсон хүүхэд залуусын хөгжлийг дэмжиж, ирээдүйдээ итгэл төгс, аюулгүй аж төрөх боломж олгох чин хүсэл, том амбиц надад бий. Энэ амбици маань биелэхээс нааш хэзээ зогсохгүй. Магадгүй “галзуу” юм шиг л явах байх.
-Судалгаа, шинжилгээ нь байгаа юм чинь асуудал нь “бэлэн” юм байна. Харин гарц шийдлийг хэрхэн харж байна вэ?
-Сонгуулийн жилд үзэгддэг жишгийг өөрчлөхийг зорьж байна. Үүний тулд нэг хүний биш нийтийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллана. Одоо бол хэн нэгэн албан тушаалтан, тэдний ойрын хүрээллийнхний эрх ашиг, эдэлж байгаа ямба нэгдүгээрт байгааг бүгд мэднэ. Тиймээс залуу хүний хувьд энэ хандлагыг үндсээр нь өөрчилнө гэж бодож байгаа. Сүүлийн жилүүдэд иргэдийн ухамсар хандлага өөрчлөгдөж нэг нам гэхээс илүү нийтийн эрх ашгаа боддог цаг ирсэн. Угаас нийтийн төлөө, олуулаа хөгжиж, дүүргээрээ, нийслэлээрээ илүү сайхан амьдрахын төлөө явах үйл хэрэг бол хоосон улс төрийн орон зай биш.
Ажилгүйдэл, ЖДҮ-ийн дэмжлэг, түгжрэл, чанаргүй зам, барилга, агаар орчины бохирдол, нийтийн болон инженерийн дэд бүтцийн хүртээмжгүй байдал ,хүүхэд залуус ард иргэд эрүүл , аюулгүй ,тав тухтай орчинд амьдрах гээд таны хэлдгээр олон асуудал бий. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэг биш улс орны хэмжээнд байгаа эдгээр тулгамдсан асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийн тулд эхлээд хороо руу анхаарч хөгжүүлж байж дүүрэг, нийслэлийн асуудал цэгцэрнэ гэж боддог. Хороо хуваагдсанаас болж цэцэрлэг, сургуулийн хүртээмж муудаж байна.
Төр бүх салбарт оролцож байгаа нь үр өгөөж, бүтээмжийг алдагдуулдаг. Төр гэхээс илүүтэй иргэдээс асууж байгаад нийтийн мөнгө буюу татварыг нийтийн зорилгод зарцуулах нь зөв гарц гэдгийг ухамсарлах болсон. Төрийн анхан дунд шатны байгууллага иргэддээ үйлчилдэг субьект болж өөрчлөгдөх ёстой . Одоо бол дарга нарын өрөө дамжин гарын үсэг цуглуулж, гар хүндрүүлж байж л үйлчилгээ авч байгаа нь нэгэнт ил болсон. Төрийн хөшүүн, хүнд сурталтай, даргад суурилсан системийг халж байж авлига, арын хаалгыг багасгана. Үүний тулд бүх зүйл иргэдэд нээлттэй, ил тод байх ёстой.
-Нэгэнт та Сонгинохайрханд нэр дэвшиж байгаа учраас дүүргийн хөгжлийн гарц дээр тогтож ярих уу?
-Дээр хэлсэнчлэн дүүрэгт тулгамдаж байгаа асуудлыг нэг бүрчлэн тоочвол түмэн асуудал бий. Эрүүл мэнд, боловсрол гээд хөгжлийн ерөнхий гарц, төлөвлөгөөг иргэд маань МАХН-ын мөрийн хөтөлбөрөөс олж унших боломжтой учраас дүүргийн хөгжлийн гарц дээр санаж яваагаа хэлье. Шахмал түлш хэрэглэснээр агаарын бохирдол буурсан үзүүлэлт гарсан.Гэвч утааг дан ганц шахмал түлшээр шийдэхгүй. Гэр хорооллыг бүрэн орон сууцжуулж , дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдэж байж хөгжинө, утаагүй болно гэдэг нь нэгэнт тодорхой болсон. Тиймээс нийгмийг тогтвортой байлгаж дундаж давхаргыг бэхжүүлэхийн тулд аймаг, нийслэл, дүүрэгт тусгай орон сууцны хөтөлбөр зарлах хэрэгтэй. Үүнийг хамгийн олон хүн ам, гэр хороолол ихтэйгээр нь Сонгинохайрхан дүүргээс эхлүүлж жишиг болгоё. Ингэхдээ нэг янданг нэг орон сууцаар сольж газрыг нь аваад шууд түлхүүрийг нь гардуулах хэрэгтэй. Нэгэнт тусгай хөтөлбөр учраас урьдчилгаагүй, зургаан хувийн зээлд хамруулах, амины болон орон сууц хэлбэрээр байж болно. болно.Мөн нийслэлд өндөр өртгөөр ногоон байгууламж хийгээд удахгүй сүйддэг. Ногоон байгууламжийг арчилж тордох, урт удаан ургуулах хамгийн үр дүнтэй арга бол тухайн хороо, дүүргийн иргэдийг урамшуулах юм. Ингэхдээ гавьяаны амралтад гарсан хүмүүс, гэртээ хүүхдээ харж байгаа эцэг эхчүүдэд урамшууллыг нь өгөөд арчилуулбал зардал ч хамаагүй хэмнэнэ.
Сонгинохайрхан дүүргийн бас нэг онцлог нь малчин өрх олонтой. Хэдийгээр дүүрэг ч гэсэн хөдөөд санаа зовохгүй өнгөрч болохгүй. Ногоон толгой, Нарийн, Рашаант, Шар хад, Партизан, Гүнт, Төмөр замын точканууд олон бий. Тэдгээр малчин өрхүүдийг малаа эрчимжүүлэхэд нь төр зайлшгүй дэмжих шаардлагатай. Үйлдвэрт тушааж байгаа сүүний литр тутамд нь урамшуулал өгөхөөс гадна хөнгөлөлттэй зээл тусламжид хамруулах хэрэгтэй. ЖДҮ-г авах ёстой жинхэнэ хүмүүс бол эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа малчид шүү дээ. Малыг эрүүлжүүлж, бэлчээрийн даацыг зохистой түвшинд хүргэхэд дан ганц төрийг хараад суух биш дүүргийн төлөөлөгчид олон санал санаачлага гаргах боломжтой. Дүүрэг, хороодод гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжиж өгвөл олон сайхан санал санаачлага гаргасан залуус олон байна.
Нэр дэвшигч С.Орхонбаярын Сонгуулийн штаб