Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгааны ажил үргэлжилж байна. НИТХ-ын сонгуулийн 13-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч Э.Батшугар иргэд сонгогчидтой уулзаж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Сонгинохайрхан дүүргийн хөгжил өнгөрсөн 30 жил урагшлаагүй нь төрд гарсан төлөөлөл иргэдийнхээ төлөө биш намын хөгжлийн төлөө ажилласантай шууд холбоотой хэмээн иргэд ярьж байна. Улаанбаатар хотын дүүрэг, хороо хөгжилгүй, иргэд ядууралд автсан байгаа энэ байдлыг бүрэн өөрчлөх эдийн засгийн боломж Монгол Улсад байгаа ч эрх баригчид өнгөрсөн хугацаанд хотын хөгжлийн төлөө ажиллаагүй, сэтгэл дутсан гэдгийг нэр дэвшигч Э.Батшугар хэлж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын захиргааны шинэ байрыг яармагт 100 тэрбум төгрөгийн төсвийн хөрөнгөөр барьж дуусаад байна. Хотын дарга нар эдийн засгийн зөв тооцооллыг гаргасан бол энэ мөнгөөр хотын удирдлагуудад тансаг байр барих биш бүхэл бүтэн хоёр хорооны 3000 айлыг орон сууцанд оруулах бүрэн боломж байсныг хотын дарга нар олж хараагүйг шүүмжилж байлаа.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 13-р тойрогт МАХН-аас нэр дэвшигч Э.Батшугарыг багаар нь дэмжинэ гэдгээ иргэд хэлж байна. Мөн удахгүй өвлийн улирал хаяанд ирж, гэр хорооллынхонд хамгийн том бэрхшээл болдог тул сайжруулсан түлшний хүрэлцээг хангах ёстойг хэлж байна.
Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу, тойрог, Зүүн салааны айл өрхүүд гудамж талбайн гэрэлтүүлэг хангалтгүй, түлш цахилгаан эрчим хүчний хүрэлцээ муу байгааг шүүмжилж, төрд шинэ нүүр царай, шинэ хяналт хэрэгтэй гэдгийг хэлж байна. Тиймээс СХД-ийн 13-р тойрогт нэр дэвшиж байгаа МАХН-ын төлөөллүүд болон АН, ШИНэ намын нэгдлийг дэмжихээр УИХ-ын гишүүн С.Ганбаатар тус тойрогт ажиллаж, иргэдтэй уулзсан юм.
МАН парламентад 62 суудал авч, 100 хувь төр барьж байна. Нэг нам төрд дангаараа ноёлоход төсөвт хяналт алдагддаг тул нийслэл, дүүргийн хэмжээнд бусад намууд хяналт тавьж, иргэдийн төсвийн мөнгийг зөв зарцуулж, нийслэл дүүргээ хөгжүүлэх ёстойг иргэд болон нэр дэвшигчид хэлж байна. Өөрөөр хэлбэл, төрд хяналт тавьж, төрд бугшсан шударга бус байдалтай иргэд нийтээрээ тэмцэх цаг болжээ.
Улаанбаатар хотын дүүрэг хорооны хөгжлийг өөрчлөх бүрэн боломж төрд байгааг сануулж байна. Гагцхүү зоригтой өөрчилж, хийж бүтээх сэтгэл зүрхтэй залуусыг дэмжих нь чухал гэдгийг МАХН-аас нэр дэвшигчид болон дэмжигчид онцолж байлаа.