Андрей Могучий: Би үзэгч байхаа аль эрт больсон

2020-09-29
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Гэрэл зургийг Г. А. Товстоноговын нэрэмжит Драмын их театрын хэвлэлийн алба

 

Дамдины ЭНХЭЭ

Театрт яагаад асран халамжлагч болон сэтгэцийн шинжээч шиг байх шаардлагатай болдог, ямар жүжигчидтэй ажиллахад илүү сонирхолтой байдаг, орчин үеийн оюутнуудаас юунд суралцаж болох талаар Драмын Их Театрын (ДИТ) уран сайхны удирдагч, найруулагч Андрей Могучий “Культура РФ” порталд ийнхүү өгүүлжээ.

 

 

-Хязгаарлалт тогтоосон амаргүй энэ цаг үед театр хэрхэн оршиж, та өөрөө юу хийж эрхэлж байв даа?

-Би ердийн горимоороо л ажиллаж байна. Ойлгомжтой шалтгаанаар гуравдугаар сард тасалдсан “Гурван бүдүүн эр” цувралын төгсгөлийн үзэгдлийн бэлтгэл сургуулилтыг бид сэргээлээ, удаан хугацаагаар завсарласан болохоор бараг бүх зүйлийг дахин шинээр эхлэх хэрэг гарч байна. Үүнээс гадна өнгөрсөн зун ажиллаж байсан, цаашдаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа виртуал төслүүд ч бас бий, тэдгээрийг БДТdigital сайтаас үзэж болно. Энэ порталыг бид дөрөвдүгээр сард бий болгосон бөгөөд хавар, зуны хугацаанд театрын ажил үйлсийн ихээхэн хэсэг виртуал орон зайд болж өнгөрсөн. Халдвар ямар хугацаагаар үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй болохоор энэ бол театр оршин тогтнох цорын ганц боломж байсан бөгөөд миний хувьд жүжигчид маань тэс өөр орчинд, зайнаас ч гэсэн ажлаа үргэлжлүүлэх явдал чухал байсан.

Бид нийгмийн төсөл, радио жүжиг, интернет жүжгийг бэлтгэн тоглож байна, цаашдаа ч энэ ажлыг үргэлжлүүлнэ. Нийгэм, хүмүүнлэгийн утгаар авч үзвэл үнэхээр хэд хэдэн томоохон чухал төсөл байсан. Жишээлбэл, тавдугаар сарын дундуур бид портал дээр нийгмийн театрын өдөрлөг зохион байгуулсан, “Театр” сэтгүүл болон COVID-19-ийн эсрэг “Юу хийх вэ?” төсөлтэй хамтран эмч нарт туслах буухиа аяныг эхлүүлсэн. Тухайн цаг мөчид коронавирустэй хийх тэмцлийн тэргүүн эгнээнд ажиллаж байсан эмч нарын бичсэн зүйлээр бид үндсэндээ томоохон хэмжээний баримтат жүжиг бэлтгэсэн гэж хэлж болно. Жүжигчид эмч нарын бичсэн зүйлийг уншиж, бид хандивын мөнгө цуглуулж, дараа нь хамгаалах хэрэгсэл, сорил зэргийг худалдаж авсан. Эмч нарт туслах буухиа аяныг бусад театрууд ч уухайлан дэмжиж, улмаар бүхэл бүтэн хөдөлгөөн болж хувирсан.

Радиотеатрын өөр нэгэн формат буюу хамгийн том төсөл бол “Дайны үеийн тэмдэглэл, захидлууд” нэртэй. Жүжигчид тавдугаар сарын 9-ний өдөр бүтэн 12 цагийн турш Эх орны Аугаа их дайны үеийн тэмдэглэлийг онлайнаар уншиж, телефон утсаар явуулсан жүжиг юм. Залуу найруулагчид, тэдний дунд миний удирдаж явуулдаг найруулагчийн ангийн оюутнууд скринлайф форматаар туршилт хийж, zoom жүжиг, гэрэл зурган (фото) жүжиг бэлтгэдэг байсны зэрэгцээ Чеховын “Интоорын цэцэрлэг” (Вишнёвый сад)-ийн товчилсон хувилбар буюу Minecraf-аар анхны жүжиг бэлтгэсэн. Ер нь юм юм л байсан даа.

-Бүх зүйл сонирхолтой байна. Цар тахал дуусахаар төсөл үргэлжлэх үү?

-Тэгэлгүй яах вэ, энэ бол зөвхөн эхлэл. Жүжигчид маань ээлжийн амралтаас ирж байна, бид төслүүдээ тоон болон ердийн бодит форматаар, театрын тайзан дээр аль алиныг нь үргэлжлүүлнэ гэж бодож байна.

-Үзэгчид театрт хурдан буцаж ирж, амьдрал хэвийн гольдрилдоо орох болов уу, та юу гэж бодож байна вэ?

-Буцаж ирэхийн тухайд яарах хэрэггүй байх гэж бодож байна. Одоо бол сайтар тунгаан бодож, тохиолдож болох эдийн засаг, улс төрийн болон бусад бүхий л үр дагаврыг яв цав тооцох нь зөв. Тэгэж байж урьдын амьдрал руу санаа зовох юмгүй буцаж болно.

-Танай театр эхний ээлжинд ямар шинэ жүжиг тоглохоор төлөвлөж байгаа вэ? Өөр ямар жүжгийн бэлтгэл сургуулилт хийх вэ?

-Гурав, дөрөвдүгээр сард бид “Гурван бүдүүн эр. Үзэгдэл-3”, Шекспирийн эмгэнэлт зохиолоор сэдэвлэж Эстонийн найруулагч Тиит Ойяссогийн бүтээсэн “Жульетта” гэсэн хоёр шинэ жүжиг тоглохоор төлөвлөж байсан. Одоо театрын улирал эхлэхээр эдгээр жүжиг тавигдана. Үүнээс гадна өнгөрсөн улиралд хичээсэн боловч амжуулж чадаагүй дутуугаа гүйцээнэ. Залуу найруулагчдын бүтээлийн томоохон хөтөлбөр нээлт хийнэ. Саша Молочников, Евгения Сафонова, Кирилл Вытоптов, Антон Морозов,  Денис Хуснияров нарын таван найруулагч манай жүжигчидтэй хамтарч бүтээж туурвиснаа ДИТ-ын хоёрдугаар тайзан дээр тоглож үзүүлэх болно. Гайхамшигт уран бүтээлч Эдуард Степанович Кочергины өгүүллэгээр хийж байгаа бэлтгэл сургуулилтыг сэргээнэ, мөн цар тахлын улмаас царцаасан бусад олон төслийг ч бас хэрэгжүүлнэ.

-Найруулагч нар өөрсдийнхөө бүтээлийн зохиолыг өөрсдөө сонгосон уу, аль эсвэл та тэдэнд санал болгож байсан уу?

-Янз бүр. Заримдаа найруулагч өөрөө зохиолоо сонгоно, зарим үед түүнд санал болгоно, аль эсвэл өөр хоорондоо эвлэрч зохицох арга зам хайна. Гол төлөв ингэж л хийдэг. Найруулагч нэг бүр өөр өөрийн уран сайхны хөтөлбөрөө бодож олох явдал чухал. Зүгээр нэг жүжиг найруулж тавих биш, харин нэг, хоёр жилийн настай бүхэл цул хөтөлбөр бодож олох гэдгийг л онцлоё. Найруулагч нар ес, аравдугаар сард өөрсдийн жүжгийн бэлтгэл сургуулилтаа хийж эхэлнэ, үзэгчид хөтөлбөрийг 2021 онд л үзэх байх. Гэхдээ төсөл хэрэгжүүлж эхлээгүй байхад энэ тухай яримааргүй байна.

-“Гурван бүдүүн эр”-ийн нэг, хоёрдугаар үзэгдлүүдийн анхны тоглолт 2017-2018 оны улиралд болсон. Харин гуравдугаар үзэгдэл яагаад хоёр жилийн дараа гарч байгаа юм бол?

-Яагаад гэвэл жүжгийг бодож боловсруулахдаа байнгын үргэлжлэх үйл явц байдлаар төсөөлсөн бөгөөд түүний үр дүн өөрөө амьдралаас урган гарч байна. Хэрвээ завсарлага тасалдал үүссэн бол энэ нь чухамхүү уран сайхны үйл явцын утга агуулгаас үүдэлтэй гэсэн үг юм. Нэг талаас, ямар нэг санаа надад шинээр төрөхгүй байгаа болохоор “Гурван бүдүүн эр”-ийг цаашид үргэлжлүүлж хийхээс миний хувьд залхаж байна. Яагаад гэвэл энэ жүжгийг явуут дунд хийж байгаа, театрын эргэн тойрон дахь болон бидний амьдралд тохиолдож байгаа үйл явдлууд жүжгийн утга санаанд маш их нөлөөлж байна.                                        

-Таны хувьд жүжиг тавих нь биш, харин түүнийг амьд биет адил ургуулж бойжуулах нь чухал байх?

-Тийм ээ, яг үнэн.

-Жүжиг найруулж тавихын тулд та зохиолоо яаж сонгодог вэ? Танд найруулж тавихыг хүсдэг жүжгийн “найруулагчийн цүнхэн дэх зохиол” байдаг уу?

-Сонголт гол төлөв тохиолдлын байдаг. Гэхдээ үнэндээ бол энэ сонголт маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Заримдаа бүр цэвэр ахуйн хүчин зүйлээс ч хамаардаг. Сонголт маань уран сайхны дүр болж бүрэлдэхийн тулд ахуйн, прагматик шинжтэй, жишээлбэл, урын санд юм уу эсвэл тоглоогүй удсан жүжигчний талаар санаа тавих зэрэг янз бүрийн метафизик, иррационал зүйлүүд ч мөн бүрдэх ёстой болдог. Энэ нь мөн тухайн цаг үеийн театрын төлөв байдал, миний өөрийн сэтгэл санааны байдал зэргээс ч бас хамаардаг. Энэ бүхэн бүгд өөр хоорондоо уялдаж холбогдсон, маш нарийн сүлжилдэж харилцан хамааралтай болсон зүйлүүд. Зөвхөн ийм л харилцан хамаарлаас ямар нэг санаа бодол төрж гарах учиртай.

-Таны тавьсан бүх жүжигт хамгийн гол нь зохиол, жүжгийн эхлэх цэг нь болж, олон зүйл зохиогчийнхтой адилгүй байдаг. Яагаад ийм байдаг юм бол?

-Театр бол миний хувьд цаг ямагт анхдагч. Жүжгийн зохиол буюу уран зохиолын эх бичвэр бол жүжгийнхээ зүг тулгуур хийж үсрэх сэдэл, үндэс суурь болж өгдөг.

-Жүжиг бэлэн болсныг та яг ямар үед ойлгож мэдэрдэг вэ?

-Ер нь би нэлээд эртнээс дутуу орхисон зүйлийг гүйцээж хийх дургүй болчихсон бололтой. Миний дотоод нөөц шавхагджээ гэдгээ ухаарч мэдэрсэн тэр цаг мөчөөс надад ямар нэгэн өвөрмөц мэдрэмж бий болж эхэлдэг. Магадгүй хаа нэгтээ ямар нэг зүйлийг дутуу дулимаг хийсэндээ сэтгэл дундуур байх нь рационал гэхээсээ зөн билгийн мэдрэмж байх. Урын санг баримталж жүжгийг ар араас нь цувруулан (конвейер) бэлтгэдэг фабрик театртай адил надад жүжиг найруулж тавих төлөвлөгөө байдаггүй. Миний хувьд эмхэлж цэгцэлсэн жүжгээ бүхэлд нь цул болгож харах, тэгээд амсхийх, дараа нь дахиад нөгөө жүжиг рүүгээ эргэж буцан өмнө ярьж байсанчлан одоо л яг бэлэн боллоо гэдгийг мэдрэх шат хүртэл нь төгс болгох явдал чухал байдаг.

-Саяхан “Сүүлчийн сахиусан тэнгэрийн тухай үлгэр” жүжгийг тавьсан Үндэстний театр (Театр наций) шиг тийм фабрик театрт та хэрвээ жүжиг тавихад ямар байсан бол?

-Энэ тун амаргүй. Надад ч, Үндэстний театрт ч амаргүй байсан, яагаад гэхээр манай ихэнх театруудын ажлын алгоритм нь миний ашигладаг жүжиг бүтээх аргыг хэрэглэдэггүй. Тийм учраас би санаачилга гаргах ямар ч боломжгүй хэмжээ хязгаар тогтоосон зааварчилгаанд баригдаж чаддаггүй, аль болохоор зохицох арга замыг л хайдаг. Дахиад хэлэхэд үнэхээр хэцүү.

-Жүжиг тавьж байх үед жүжигчин таны хувьд хэр зэрэг чухал вэ?

-Миний хувьд жүжигчин чухал гэж хэлье. Манайх шиг хэв шинжийн театрын хувьд энэ бол төв цэг. Жүжигчний эргэн тойронд л миний хийж байгаа бүх зүйл эрэмбэлэгдэнэ. Миний хувьд жүжигчин бол гол түлхүүр субьект.

-Таны жүжигчин мөн, бишийг яаж таньж ойлгодог вэ? Аль эсвэл таны хувьд ийм ойлголт байдаггүй юү?

-Үгүй дээ, тийм ойлголт бий. Үүнийг би юу гэж ойлгодог вэ гэвэл жүжигчин миний төсөөлөхийн аргагүй зүйлийг хийж намайг гайхашруулах чадвартай, нэг талаас хийж байгаа зүйлийнхээ зохиогч нь, нөгөө талаас, мэргэжлийн хийгээд оюун ухааны хувьд гоо сайхны талаарх миний төсөөлөлтэй нийцдэг байна гэсэн үг юм. Ухаалаг, олиггүй муухай зүйлийг үнэрлэх мэдрэмжтэй, өөрийгөө тийм бохир заваан зүйлээс хол байлгаж чаддаг, бусдаас онцорч ялгардаггүй юм гэхэд биеэ авч явах өөрийн гэсэн чиг баримжаатай, энэхүү өөрийн чиг баримжаагаа мэргэжилдээ харуулж чаддаг жүжигчинд би хайртай.

-Та ажилдаа сэтгэл зүйн театрын ямар нэг хууль дүрмээс хэрэглэдэг үү, эсвэл энэ бүхэн ямар ч найдваргүй хоцрогдсон зүйл гэж санагддаг уу?

-Сэтгэл зүйн бус театр гэж ерөөсөө огт байдаггүй гэж хэлсэн Анатолий Васильевыг л эшлэж чадах байна. Тайзан дээр хэрэв хүн байгаа л бол сэтгэл зүй түүнтэй хамт явагдаж байгаа л гэсэн үг. Тэр бүү хэл, хүн байхгүй ч гэсэн (зарим театр жүжигчидгүйгээр жүжиг тавьдаг) үзэгчдийн танхим, жүжгийг хүлээж авч үзэж байгаа хүнийг эзэмдэж байдгаараа мөн ялгаагүй хүний сэтгэл зүйг харуулж байгаа хэрэг юм. Театр ахуйн, тухайн нөхцөл байдлын, тоглоомын, сюрреализмын гэх мэтээр янз бүр байж болно, гэхдээ үндэс язгуур нь байнга хүн, түүний сэтгэхүй байдаг. Тийм болохоор хууль дүрэм... би сэтгэл зүйн театрын хууль дүрэм гэж нэрлэхгүй, гэхдээ Станиславскийн нээсэн хууль дүрэм бол миний хувьд мэргэжлийн хийгээд театрын урлаг оршин байхын үндэс суурь юм. Энэ бол Менделеевын үелэх системтэй адил, хуулийг өөрчилж болохгүй.

-ДИТ-ыг удирдаж ажиллах болсон үед Формальный болон Александринскийн театрт ажиллаж байх үеийн туршлагаас тань чухам юу танд хэрэг болсон бэ?

-Валерий Фокинтай ажиллаж байсан туршлага надад маш их тус болсон. Александринкад ажиллаж байхад би түүний зарим нэг үйлдэл, шийдлийн учир утгыг тэр бүрий ойлгодоггүй байсан. Яагаад, ямар учраас ингэж хийдэг байсны учрыг зөвхөн одоо, ДИТ-т ирсэн хойноо л ухаарч байна, энэ утгаараа би түүнээс маш их зүйлд суралцсан.

-Театрын уран сайхны удирдагч байхын тулд асран халамжлагч, бас сэтгэцийн шинжээч байх ёстой болдог. Үүнийг та хэрхэн зохицуулж байна вэ?

-Энэ жагсаалтыг би уран сайхны удирдагч хүн хуульч, барилгачин гэх зэргээр цааш нь үргэлжлүүлмээр санагддаг, өөрөөр хэлбэл, уран сайхны талын мэргэжлийн хүнд огт хамаагүй олон зүйлийн талаар мэдлэгтэй байх явдал хэрэгтэй санагддаг. Миний хувьд яагаад энэ бүгдийг мэддэг байх явдал чухал гэхээр ДИТ, түүний уран сайхны удирдлага гэдэг бол надад ялгаагүй уран сайхны бүтээгдэхүүн, урлаг учраас тэр. Урын сан бүрдүүлэх, театрыг цаг хугацааны хувьд учир зүйтэй оршин тогтнуулах гэдэг мөн л ялгаагүй урлаг. Гэхдээ театрыг удирдах, жүжиг тавих хоёрын механизм адилхан ч гэсэн өөр хоорондоо огт харилцан хамааралгүй ажил үйл. Гагцхүү чиний эзэмшвэл зохих тусгай арга хэрэгсэл их шаардагдана, энэ утгаараа удирдана гэдэг илүү төвөгтэй ажил.

-Үзэгчийн хувьд театраас юу нь танд таалагддаг вэ, ямар жүжиг үзэхийг та зөвлөх вэ?

-Би аль хэдийнэ үзэгч байхаа больсон. Туйлын харамсалтай нь, би театрт очиж жүжиг үзэхээ болиод удаж байна, миний хамаг цаг ДИТ-т өнгөрдөг болохоор жүжиг үзэж таашаал авах ч боломж гарахгүй байна. Найруулга талаас нь би нэрлэж чадна л даа, юуны өмнө, миний хувьд одоо хүртэл бахархаж явдаг, дагаж дуурайх хэмжүүр минь болсон Анатолий Васильевийг хэлэх байна. Аравдугаар сард наадмыг нь зохион байгуулахаар найдаж байгаа польшийн найруулагч Кристиан Люпаг бас нэрлэж болно, тэрээр өөрийнхөө шинэ жүжигтэй ирнэ. Одоохондоо ийм л шив дээ.

-Та Оросын тайзны урлагийн улсын дээд сургуульд курс хичээл явуулдаг. Залуу найруулагчдын сонирхлыг одоо ямар театр татаж байна вэ?

-Би тэдэнтэй надад юу таалагддаг талаар чин шударгаар ярилцахыг хичээдэг, энэ талаар миний үзэл бодол хангалттай өргөн л дөө. Би жүжгийг шинэ хуучин, уламжлалт туршилтын гэж ангилмааргүй байна. Уран сайхны, хүнлэг өгүүлэмжтэй л бол аливаа хэлбэр боломжтой. Үүнийг би оюутнуудад тайлбарлах гэж хичээдэг юм. Эдгээр шалгуур үзүүлэлт миний хувьд чухал чигээрээ үлдсэн юм.

-Оюутнуудтай харилцахад танд юу өгдөг вэ?

-Хорвоо ертөнцийг тэд хэрхэн үзэж харж, яаж хүлээж авч байгааг нь ажиглахад надад сонирхолтой байдаг юм. Тэдэнтэй харилцах нь миний хувьд өөрийнхөө стеоротип рүү эргэж буцалгүй, байнгын регенерацид ордогтой холбоотой. Ерөнхийдөө би тэднээс, тэд надаас суралцдаг юм.

Эх сурвалж: www.polit.mn

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

5 цаг 40 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

5 цаг 40 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

5 цаг 40 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

5 цаг 40 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

5 цаг 40 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

5 цаг 40 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

5 цаг 40 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

5 цаг 40 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

5 цаг 40 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

5 цаг 40 мин